Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Д.Мөнхцэцэг: Сэтгэл гутралд орсон хүнийг амиа хорлох сэдэл төрөхөөс нь өмнө мэдэх боломжтой

Д.Мөнхцэцэг: Сэтгэл гутралд орсон хүнийг амиа хорлох сэдэл төрөхөөс нь өмнө мэдэх боломжтой
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 10
Хүний сэтгэл зүй болон сэтгэл гутралын талаар сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Хувь хүний сэтгэл зүй хэвийн бус болоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ. Энэ зүйл нь хүнд хэдэн наснаас эхлэн тохиолддог вэ?
-Сэтгэцийн эмгэг удамшлын байж болдог. Түүнчлэн хувь хүний өссөн, хүрээлэн буй орчин, гэр бүл, эцэг эхийн хайр халамжаас ч ихээхэн шалтгаалдаг. Жишээлбэл, хүүхэд төрснөөсөө эхлээд л эцэг, эхийн үзүүлж буй хайр, халамжийг мэдэрдэг. Тухайн хүүхэд нэг, хоёр настай байсан ч аав, ээжийнхээ хэрэлдэж, муудалцахыг хүртэл сонсч, мэдэж байдаг. Үүнээс айдас түгшүүр, сэтгэл гутрал эхэлдэг. Тухайн айдас түгшүүр өсвөр насанд нь илэрдэг бөгөөд хүүхэд үүнийг уур бухимдлаар илэрхийлдэг байна. Хэрэв таны хүүхэд нэг л ундууцсан, бухимдалтай байгаа бол үүний цаад учир нь сэтгэл гутрал болж байдаг юм. Ийм үед хүүхдийгээ илүү ойлгохыг хичээгээрэй. Яагаад гэвэл тухайн уур бухимдлын цаана намайг ойлгож, сонсооч ээ гэсэн хашхираан нуугдаж байдаг. Гэтэл ихэнх эцэг, эх өөрсдийн байр сууринаас бодож ойлгуулах гэж үздэг. Жишээлбэл, “Би үргэлж л чиний төлөө гэдэг, чамд юу дутлаа гэж ингээд байгаа юм” зэргээр өөрийнхөө байр суурийг хүүхдэдээ тулгаад байдаг. Ийм үед хүүхэд “Угаасаа намайг ойлгохгүй юм чинь” хэмээн хаалт тавьж, юу ч ярихаа больдог учир хүүхдээ ойлгож, зөв харилцаа үүсгэх нь маш чухал зүйл болоод байна.
-Сэтгэл гутралд орж байгааг хувь хүн хэрхэн мэдэх боломжтой бол. Энэ нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Сэтгэл гутрал гэдэг нь хоосон байдал, цөхрөлийг хэлнэ. Сэтгэц оношилгооны статистик гарын авлага V гэж байдаг. Үүнд дурдсанаар сэтгэл гутралын тухай нийт есөн шинж байдаг. Тус есөн шинжийн тав болон түүнээс дээш шинж хувь хүнд хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаанд илэрсэн байвал сэтгэл гутралтай юм байна гэдгээ мэдэх боломжтой. Есөн шинжийг танилцуулбаас цөхрөл найдваргүй байдал мэдрэх, амьдралын идэвх сонирхолгүй болж өмнө сонирхдог дуртай байсан зүйлсээ хийх хүсэлгүй болох, хоолны дэглэм барихгүйгээр огцом жин багасах эсвэл  нэмэгдэх, нойргүйдэх эсвэл нойрондоо хэт автах, биеийн хөдөлгөөн удааширч эхлэх буюу юу ч хийхээс дургүй хүрэх, өдөр бүр ядарч сульдсан байх, өөрт хамаагүй зүйлд өөрийгөө болон бусдыг буруутгах, өдөр бүр сул дорой байдлаа мэдрэх, шийдвэр гаргах чадваргүй болж, үхлийн тухай байнга бодох, энэ талаар төлөвлөх зэрэг орно.  
 
undefined
-Сэтгэл зүйн хүнд нөхцөлд байгаа хүний тархинд ихэвчлэн ямар бодлууд төрдөг бол. Бид энэ эмгэгээр шаналж буй хүнтэй хэрхэн зөв харьцах хэрэгтэй вэ. Бидний харилцаа тухайн хүнийг буцаан хэвийн болоход тус дэм өгөх үү?
-Сэтгэл гутрал нь өөрийн бодолдоо хэт автах, ургуулан бодохоос үүдэлтэй. Жишээлбэл, амьдрал ямар ч утгагүй, юу ч хийх сонирхолгүй, угаасаа миний буруу, би яагаад нойргүй унтаж чадахгүй байна зэрэг бодлууд дарамт болж эхэлдэг. Сэтгэл гутралыг дотогш чиглэсэн уур ч гэж нэрлэдэг. Хүмүүс зүгээр байж байснаа уурлахаараа хамаг эрч хүчээ гаргаж уурладаг. Сэтгэл гутралд орж аргаа барсан хүний хамгийн эцсийн шат нь амиа хорлох байдаг. Хэрэв амиа  хорловол хүмүүс намайг ойлгоно, цөхрөл, гутрал, ганцаардлаас гарч зугтаж чадах юм шиг санагддаг ба хэрэв намайг амиа хорлох юм бол хүмүүс одоо л нэг ойлгоно байх хэмээн боддог.
Мөн дээр дурдсанчлан сэтгэл гутралд бодлоос гадна орчин нөлөөлнө. Тухайн хүнийг гэр бүл, хамт олон нь энэ хүн юуг ойлгуулах гээд байна, юу хэцүү байгаа бол гэх зэргээр ойлгох хэрэгтэй. Нэгэнт бид тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй учраас ерөөсөө шүүмжилж ингэ, тэг гэхээс илүү байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тухайн хүний юу мэдэрч байгааг ойлгох цагт л тухайн хүнд тусалж чадна. Түүнчлэн хувь хүн ч бас өөрийгөө ойлгон, хайрлах хэрэгтэй ба эдгээрийг “Сэтгэл гутрал ба сэтгэцийн зөвлөгөө” “Өөрийгөө хайрлах сэтгэл 21 долоо хоног’ хөтөч номондоо тодорхой дурдсан байгаа.
-Монгол Улс амиа хорлолтын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Энэ үзүүлэлт яагаад буурахгүй байна вэ?
-Сэтгэл гутрал бол өвчин бөгөөд энэ өвчин хүнийг амиа хорлоход нөлөөлдөг. Түүнээс биш сэтгэл гутраагүй хүн амиа хорлодоггүй юм.  “Хүн нэг л үхнэ, харин сэтгэл гутралаар өвдсөн бол өдөр бүр үхнэ” гэсэн үг байдаг. Хүн сэтгэл гутрал гэх өвчинд орчихоор үхсэнээс өөрцгүй амьдарч байдаг учир “Ингэж амьдарч байхаар үхчихье” гэсэн шийдвэрийг гаргадаг. ДЭМБ-ын 2017 оны судалгаагаар Монгол Улс дэлхийд амиа хорлолтын тоогоор гуравт бичигдэж байсан. Гэтэл үүнээс  хойш гурав, дөрвөн жил өнгөрсөн ч байдал дээрдсэн үү гэвэл үгүй, улам дордоод байна. Өдөрт нэгээс хоёр хүн амиа хорлон нас барж байна. Дахин хэлэхэд, амиа хорлолт бол сэтгэл гутрал гэдэг өвчний хамгийн эцсийн шат. Хүн харанхуй ангалд уначихаад түүнээс гарах гэж хичээж, хэчнээн чанга ориловч, хэн ч сонсохгүй, хэн ч туслахгүй мэт санагдаж, арга мухардан ганцаараа шаналан цөхрөл харуусал, уур бухимдлыг зэрэг мэдрэх үедээ ийм алхам хийдэг. Энэ бол нүүргүй царай мэт өөрөөс нь бусад хүмүүст харагддаггүй сэтгэлийн өвчин юм.
Хэн нэгэн хүний амиа хорлох гэж буй эрсдэлийг эрт мэдэх боломжтой бөгөөд энэ талаарх мэдээллийг өөрийн “Сэтгэл гутрал ба сэтгэл зүйн зөвлөгөө номоос иш татан оруулж байна. Үүнд:
Өсвөр наснаас эхлэн охидод сэтгэл гутрах эрсдэл хөвгүүдээс хоёр дахин их тохиодог. Энэ насанд сэтгэл гутрал сэтгэл санааны тогтворгүй байдал, амиа хорлох эрсдэлээр илэрдэг байна.
Сэтгэл гутарсан хүүхэд дараах зүйлсийг ярьж эхэлдэг:
-Би төрөөгүй байсан ч болоосой , би энэ гэрт байх ёсгүй, зугтмаар байна, үхмээр байна, үүрд алга болмоор байна, хүн яаж үхдэг вэ? , надад амиа хорло гэж нэг дуу хоолой хэлээд байна, хэрэв би үхчихвэл хүмүүс намайг илүү хайрлана байх, үхэх ямар байдгийг би мэдмээр байна, эцэг эх минь намайг угаасаа санахгүй, найз охин, хөвгүүн маань тоох ч үгүй.
Мөн дараах зүйлсийг хийж эхэлдэг:
• Үхэх тухай тоглоом болгож ярих, өөрийн нандигнадаг зүйлсийг хүмүүст тарааж эхлэх
• Үхэл, хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг, зураг, ном, хөгжим, тоглоом, кино зэрэг зүйлс сонирхох
• Өндрөөс үсрэх, авто машины урдуур гүйх, өөрийгөө зүсэх, түлэх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийх
• Олон удаа бэртэж гэмтэх, мэс, хутга шөвөгт дурлах
• Амиа хорлох тухай өмнө нь бодох, оролдлого хийх.
Дараах эрсдэлт бодол санаатай болох:
• Үхлийг үүрдийн зүйл гэдгийг ойлгохгүй байх, үхээд дахиж төрвөл одоогоос дээр амьдарна гэх андуу ташаа бодолтой байх
• Хөөрлөөр аливаа зүйлийг хийх, айх мэдрэмжгүй байх
• Төгс байхыг эрмэлзэх,өөрийгөө үхчихвэл хүн бүрд хялбар байх болно гэсэн итгэл үнэмшилтэй байх.
• Эцэг эхийн нь аль нэг амиа хорлосон эсвэл оролдлого хийсэн байх.
• Итгэл найдвараа алдах буюу юмс өөрчлөгдөж сайхан болно гэдгийг харж чадахгүй байх.
 Амиа хорлох зан үйл, санаа сэдэлтэй байх:
• хийж буй үйлдлийнхээ хор уршгийг мэдэхгүй байх
• Амиа егүүтгэх оролдлого хийсний дараа юу хийснээ санахгүй байх
• Жингүйдэлд буюу трансд орсон мэт санагдах
• Оролдлого хийхэд нь хэн нэгэн аврах болно гэж найдах
• Өөрийн мэдрэмжийг өгүүлж чадахгүй учраас зовуурь, шаналлаа амиа хорлож илэрхийлэх
• Хөөрөлд автах, эргэцүүлэх чадваргүй болох
-Үүнийг хэр удаан хугацаанд ямар дарааллаар эмчлэх вэ?
-Сэтгэц засал болон сэтгэл зүйн зөвлөгөө нь хүнд өөрийгөө ойлгож, амьдралаа өөрчлөх боломжийг олгодог мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэ хоёр ойлголт адилхан боловч үргэлжлэх хугацаагаараа ялгардаг. Сэтгэц засал нь (psychotherapy) сэтгэл зүйн зөвлөгөөг (counselling) бодвол урт хугацаанд үргэлжилдэг. Хөнгөн хүндэвтэр хүнд гэж гурав ангилах бөгөөд энэ нь дотроо бас тогтмол сэтгэл гутрал гээд хуваагддаг. Олон жил сэтгэл гутралтай яваа хүн хурдан эдгэх боломжгүй ба тогтмол сэтгэл гутрал хоёр жилийн турш мэдрэгддэг. Ерөөсөө хүн энэ f.xny эхлэнгүүт “Би сэтгэл гутралд өртөх гээд байна шүү” хэмээн бодлоо удирдаж, өөрийгөө татаж авч сурах хэрэгтэй. Хэрэв хүндэрсэн тохиолдолд сэтгэл зүйч, мөн сэтгэцийн эмчээс эм бичиж аван эмтэй хавсрах нь үр дүнтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн