Сүүлийн үед охид, бүсгүйчүүд гуаша массажны талаар нэлээд сонирхох болсон байна. Гуаша гэж юу болох, хэр үр дүнтэй, яаж ашиглах талаар мэргэжлийн гуашагийн ахлах зэрэгтэй багш С.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Гуаша гэж яг юу болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-ГУА буюу хусах, Ша буюу толбо, өвчин, бохирдол гэсэн утгатай Хятад үг бөгөөд Англиар “Skin Scraping”, Монголоор “арьсыг хусах” гэж орчуулдаг. Энэ нь БНХАУ-ын ардын уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэнд, гоо сайхных нь салшгүй хэсэг болсон эмчилгээний арга юм. Гуашаг бүх төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсан дээрх толбо, хор бохирдол, дотор өвчнийг гаднаас нь хусах буюу гуашадаж, эмчилж арилгадаг.
-Гуашагаар дотор өвчнийг эмчлэх боломжтой гэсэн үг үү. Ер нь гуашаг хэрэглэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Гуаша нь зүү, бариа, массаж, бумба зэрэг эмчилгээний аргатай адил үр дүнг үзүүлдэг. Хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгт энерги сайтай хаш чулуугаар арьсыг хусаж, эд эсийг цочроож, арьсаар дамжин биеэс хорыг гадагшлуулснаар дархлаа сайжирч, бүх биеийн цусан хангамж сайжирч, улмаар өвчин эдгэрэх нөхцөл бүрддэг. Тухайлбал, эмчилгээний гуаша массажийг нүүрэнд мэргэжлийн төвшинд хийснээр нүүрний бүхий л асуудлуудыг эмчилж, засахаас гадна стресс тайлах, амраах, тайвшруулна.
Үндсэндээ арьсыг хэсэгчлэн цочроож, гуашадсаны дараа арьсны нүх сүв онгойж, хөлс бохирдлыг гадагшлуулж, нарийн болон хялгасан судсуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах, цусны жижиг эргэлтийг дэмжиж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлж, хүний нүүрний төрөлхийн өнгө сэргэж арьсыг уян хатан залуу болгоно гэсэн үг.
-Гуаша нь хэдэн янз байдаг юм бэ?
-Стандартын гуаша нь нүүр, толгой, бие гэсэн төрөл байдаг. Толгойн гуашаг хаш чулуугаар бус үхрийн эврээр хийдэг. Учир нь үхрийн эвэр нь хэрэглэхэд хор нөлөөгүй, хир буртаг, хорт бодис тогтдоггүй, халууныг гадагшлуулах чанартай байдаг. Тухайлбал, толгойн гуашагаар толгойн хуйх хэсгийг гуашаддаг. Ингэснээр мэдрэлийн эсийг сэргээж, толгойн хүчтэй өвдөлт намдах ба байнга толгой өвдөх, нойргүйдэх асуудал арилна. Ингэснээр мэдрэлийн эсүүд сэргэж, хуйх эрүүлжиж, үс уналт зогсож эрүүлждэг.
-Яагаад гуашаг хаш чулуугаар хийдэг юм бэ. Ямар онцлогтой юм бол?
-Онолын үүднээс судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэйг тогтоогоод байгаа. Тэр дунд чулуу нь энерги ихтэй бөгөөд хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу нь хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулах гээд олон ид шидтэй, бие организмд хэрэгтэй чухал элементүүдийг нөхөж өгдөг гайхалтай нөлөөтэй. Хаш чулуу нь тод ногооноос бүдэг ногоон, хөх шаргал туяатай, цагаан, хар, хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Хятадад цагаан саарал хаш эрэлт ихтэй байдаг бөгөөд аль нутгийн ямар уулын чулуу гэдгээсээ үр дүн, нөлөө нь бас өөр өөр байдаг байна. Мөн өндөр хатуулагтай, бат бөх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг төдийгүй УРТ НАСЛАЛТЫН ЧУЛУУ гэж билэгддэг.
-Гуашагаар гэрийн нөхцөлд массаж хийж болох уу эсвэл салонд очих ёстой юу?
-Гуаша нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, аюулгүй хэрэгсэл. Үүнийг биедээ авч яваад шаардлага гарсан үед хэзээ ч, хаана ч өөрийгөө болон өрөөлийг эмчлэх боломжтой. Хамгийн чухал нь богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн өгдөг. Эм тариа, мэс заслын зардал хэмнэсэн, хамгийн хямд, эрүүл гоо сайхан байх шалгарсан арга юм.
-Та сая гуаша массаж хийхэд заавал салон шаардлагагүй гэлээ. Тэгэхээр хүн өөртөө гуашагаар массаж хийхдээ хэрхэн зөв хийх вэ?
-Мэргэжлийн гуаша массажийг зөвхөн стандартад нийцсэн хаш чулуун ялтсаар зориулалтын гуашаны тосоор мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн хүн хийх шаардлагатай. Тэгэхээр гуашагаар зөв массаж өөртөө хийж сурахын тулд сургалтад хамрагдах нь илүү аюулгүй, үр дүнтэй. Зарим хүмүүс гуаша авах гэсийн, эсвэл бичлэг хараад сурчих юм боддог. Гэтэл хүний нүүр маань тоглоом биш учир би өөрөө мэдээд гуашад гээд гуаша зарах нь утгагүй л дээ. Тиймээс хоёр өдрийн сургалтад хамруулдаг. Эхний өдөр яаж гуашадах техникийг заана. Хоёр дахь өдөр бататгах хичээл ордог. Нэг удаагийн хичээл хоёр цаг үргэлжилдэг.
-Гуашагийн тосноос өөр тос хэрэглэж болох уу. Гуаша массажны тосны хувьд?
-Oil хэлбэрийн болон сүүн шингэн тохиромжгүй бөгөөд химийн найрлага багатай тос сонгож болно. Харин Хятадын анагаах ухааны хүрээлэнгээс гаргасан Гуаша-гийн зориулалтын тосны найрлагад багтдаг эмийн ургамлууд нь толбо бохирдлыг хурдан гадагшлуулах, давхар арьсыг хамгаалах, цусны эргэлтийг сайжруулах, хорыг гадагшлуулах, үрэвслийн эсрэг өвдөлтийг намдаах үр нөлөөтэй, арьсанд тэжээл өгч зөөлрүүлэх, арьсыг хусах эмчилгээг дэмжсэн зориулалтын тос нь илүү үр дүнтэй байдаг.
-Гуаша нь ямар үнэтэй байдаг вэ. Хаанаас стандартын шаардлага хангасан гуашаг авах вэ?
-Стандарт гуашаг хамгийн доод үнэ болох 20 мянган төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж, сургалтдаа ашиглаж байна. БНХАУ-ын Уламжлалт Анагаах Ухааны “ХУАТУО” мэргэжлийн сургуулиас улсын патентын гэрчилгээтэй стандартын гуаша болон гуаша зориулалтын тосыг захиалдаг. Учир нь хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийж, мөн сургалтаа хамгийн үр дүнтэй байлгах үүднээс стандарт гуаша болон гуашаны тосыг хангах нь хамгийн чухал, найдвартай, аюулгүй байдаг.