Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

Тэгш бус байдал: Дэлхийн 162 тэрбумтны хөрөнгө дундаж давхаргын 4.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна

Тэгш бус байдал: Дэлхийн 162 тэрбумтны хөрөнгө дундаж давхаргын 4.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 21
Дэлхийн ядуурлын эсрэг тэмцдэг “Oxfam” ашгийн бус байгууллагын зүгээс ням гаригт явуулсан дэлхий дахин дахь тэгш бус байдлыг ариглах тухай хэлэлцүүлгийн үеэр Марк Цукерберг, Билл Гейтс, Жефф Безос тэргүүтэй ердөө 162 тэрбумтны хөрөнгө хүн төрөлхтний тал хувийн эзэмшиж буй нийт хөрөнгөтэй тэнцэж байгааг харуулсан судалгааг танилцуулжээ.
Форбес сэтгүүлийн мэдээлснээр 2019 онд дэлхий дахинд нийт 2153 тэрбумтан аж төрдөг байна. Харин Швейцарын банкны дэлхийн баялгийн тайланд дурдсанаар эдгээр хүмүүсийн нийт хөрөнгө дэлхийн 4.6 тэрбум хүний хөрөнгийг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа аж.
Үүнийг сонирхолтой байдлаар илэрхийлбэл, хэрэв дэлхийн бүх хүн өөрийн бүх өв хөрөнгөө 100 ам.долларын дэвсгэртэд шилжүүлэн дээр нь суувал хүн төрөлхтний талаас илүү хувь нь газарт сууж байх бол чинээлэг орны дундаж давхаргын иргэд ердийн өндөртэй сандлын төвшинд суух юм. Харин дэлхийн хамгийн чинээлэг хоёр эрхэм болох Жефф Безос болон Билл Гейтс нар бусад хүмүүстэй харьцуулахад дэлхийн агаар мандал буюу задгай сансарт сууж болохуйц хол зөрүү гарахаар байна.
“Oxfam” байгууллагын зүгээс Дэлхийн эдийн засгийн форумыг угтан дэлхий дахин дахь тэгш бус байдлыг хэрхэн арилгах тухай энэхүү хэлэлцүүлэг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэд үүгээрээ Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн хамгийн нэр хүндтэй бодлого боловсруулагчид, бизнесийн удирдагчид болон чинээлэг хүмүүс хувийн онгоцоороо хүрэлцэн ирж “дэлхийн байдлыг хэрхэн сайжруулах” талаар хэлэлцэх нь дэндүү өрөөсгөл гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхийг зорьдог аж.
Тус байгууллагын судалгаанд дурдсанаар 2009 оноос дэлхийн баячуудын нийт хөрөнгө дунджаар 7.4 хувиар өсжээ. Харин “Bloomberg”-ийн мэдээлснээр хэдий 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу байсан ч хөрөнгөтнүүдийн хувьд маш таатай жил болж өнгөрсөн бөгөөд дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхэм өнгөрөгч онд нийт хөрөнгөө 1.2 их наяд ам.доллараар арвижуулж чадсан байна.  
Дэлхий дахин дахь тэгш бус байдлыг харуулсан хамгийн сонирхолтой судалгааг Францын эдийн засагч Томас Пикетти хийсэн байдаг аж. Түүний олж тогтоосноор 1980-2016 оны хооронд хүн төрөлхтний тал хувь буюу хамгийн ядуу иргэд дэлхийн орлогын өсөлтийн нэг ам.доллар тутмаас 12 цент авч байсан бол энэ тоо хамгийн баян нэг хувьд 27 ам.доллар байжээ. Харин Дэлхийн банкны өнгөрсөн оны судалгаагаар 2013 оноос хойш дэлхийн нийт ядуурлын төвшин 50 хувиар буурсан байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл дэлхий дахинд 735 сая хүн туйлын ядуу амьдарсаар байгаа юм. Өдөрт 1.9 ам.доллараас бага орлоготой хүнийг туйлын ядууд тооцдог. Тэгвэл дэлхийн нийт хүн амын тал хувь нь буюу 3.4 тэрбум хүн өдөрт 5.5 ам.доллараас бага орлогоор аж төрдөг байна. Үүнийг өнөөгийн ханшаар шилжүүлэн бодвол дэлхийн хүн амын тал хувь нь сард 300.000 төгрөгөөс бага орлогоор амь зуудаг аж.
Энэхүү баялгийн тэгш бус хуваарилалтаас болж сүүлийн жилүүдэд дэлхий дахинд иргэдийн эсэргүүцэл, бослого үймээн самуун гарах  тохиолдол ихсэх болсон байна. Тухайлбал, өнгөрөгч онд Чили, Ливан, Эквадор улсуудад эхэлсэн нийтийг хамарсан бослого нь анх тэгш бус байдлын эсрэг өрнөж эхэлжээ.  
Улс орны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү хэмжээний баялаг хуримтлуулахыг үндсэндээ Америк мөрөөдөл гэж тодорхойлсон байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд цөөнгүй эдийн засагчид хүн амийн цөөн хэсэгт хэт их хөрөнгө хуримтлагдах нь өнөөгийн хүн төрөлхтний санхүүгийн тогтолцоо бүтэлгүйтсэн болохыг илтгэнэ гэх байр суурийг илэрхийлэх болжээ.
Мөн “Oxfam” байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн нийт эмэгтэйчүүд ямар ч хөлсгүйгээр өдөрт дунджаар 12.5 тэрбум цагийн хүүхэд асаргаа, гэр орны ажил эрхэлдэг. Хэрэв тэдэнд тохирсон хөлсийг нь өгвөл энэ нь жил бүр дэлхийн нийт эдийн засагт 10.8 их наяд ам.долларын өгөөжийг үзүүлэх аж. Энэ талаар тус байгууллагын Ерөнхийлөгч Ребекка Гоуланд “Эмэгтэйчүүдийн энэхүү хөдөлмөр нь эдийн засагт хуримтлагддаг асар их баялгийг бий болгох ирээдүйн иргэдийг бэлдэх нийгмийн асар том суурь болдог гэдэг утгаараа үнэлж баршгүй ач холбогдолтой. Жишээ нь Зимбабве дахь нэгэн тосгоны ээж гэр бүлийнхэндээ ус авчрахын тулд өдөр бүр дөрвөн цаг алхах шаардлагатай. Энэ нь эдийн засагт ямар ч ач холбогдолгүй, үүнтэй шууд хараалгүй мэт санагдаж болох. Гэхдээ түүний хүүхдүүд тэрхүү усыг ууж байж л сургуульдаа явж, боловсрол эзэмшин, магадгүй ирээдүйд нийгмийн том өөрчлөлтийг авчрах зүйлийг хийж болно. Харамсалтай нь маш олон охид ар гэрийн энэхүү ажлаа нугалахаар сургууль завсарддаг. Тиймээс энэхүү огт үнэлэмжгүй ажлыг үнэлэх чиглэлд дуу хоолойгоо хүргэх нь чухал болоод байна” гэжээ.    
Дэлхийн ихэнх оронд эмэгтэйчүүдийн энэ төрлийн хөдөлмөрт халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Гэсэн ч АНУ-ын Эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс өнгөрөгч лхагва гаригт танилцуулсан тайланд улс орнуудын халамжийн бодлого зөвхөн хөгжиж буй орнуудад бус хөгжингүй улсуудад ч үр дүнтэй хэрэгжихгүй байгаа нь халамжийн хямрал газар авах шалтгаан болж дэлхий дахинд тэгш бус байдлыг бий болгосоор байгаа талаар дэлгэрэнгүй харуулжээ. АНУ-д хүүхдээ асарч буй эмэгтэйд цагт 12 ам.долларын тэтгэмж олгодог. Хэдий энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад эрс өндөр тоо ч хүүхдээ асрахын тулд аль ч оронд халамжийн мөнгөнөөс илүү хэмжээний цалин бүхий ажлын байрнаасаа татгалзах шаардлага эмэгтэйчүүдэд тулгардаг нь нууц биш юм.  
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор 2050 он гэхэд дэлхий дахинд зайлшгүй төрийн халамжид байх шаардлагатай 100 сая гаруй ахмад настан бий болох аж. Улс орнууд эдгээр ахмад настнууддаа халамжийн бодлого хэрэгжүүлэхийн тулд цаг уурын өөрчлөлтийн эсрэг зарцуулах хөрөнгө, залуу иргэдийн ирээдүйн боловсрол, эдийн засгийн нөөц суурь зэргээс зайлшгүй ашиглах шаардлагатай болно. Энэ нь ирээдүйд халамжийн бодлого, татвар төлөгчдийн тэгш бус байдлыг хурцатгаж дэлхий дахинд цаг уурын өөрчлөлтөөс ч илүүтэй том асуудал болох хандлагатай байна. Гэсэн ч өнөөдөр дэлхийн ихэнх оронд ирээдүйд тулгарах энэхүү хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ямар нэгэн бодлого, төлөвлөгөө боловсруулсан байдал огт ажиглагдахгүй байгаа аж. Судалгаанд дурдсанаар хамгийн харамсалтай нь улс орнууд ирээдүйн том асуудалтай эртнээс бодлогын төвшинд тулж ажиллахын оронд төсвийн зардлаа бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг хувьчлах, ядуу болон дундаж давхрагын иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгааг анхааруулжээ.
“Oxfam” байгууллагын зүгээс эдгээр өдрүүдэд Давос хотноо чуулсан нөлөө бүхий эрхмүүдэд хандан энэхүү шинэ сорилтуудын талаар нухацтай авч үзэн, нүүр тулах ажлуудад дуу хоолойгоо өргөхийг уриалсан байна. Тус байгууллагын зүгээс боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын үйлчилгээг дэлхий дахинд үнэ төлбөргүй болгож, эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс нь улбаалан үндэстэн дамнасан томоохон корпорациудад татварын шинэлэг тогтолцоо хэрэгжүүлэхийг санал болгож байгаа аж.
Учир нь дэлхийн бараг бүх улсын татварын тогтолцоо нь томоохон компаниуд болон чинээлэг хүмүүст татвараас зугтах боломжийг олгодог байна. Тухайлбал, дэлхийн хамгийн баян эрхэм болох Жефф Безосын “Amazon” компани 2018 онд 11 тэрбум ам.долларын ашиг олсон ч корпорацийн төвшинд ямар ч татвар төлөөгүй байна. Харин хэрэв томоохон корпорациудад орлогын хэмжээнээс нь хамааран  баялгийн татварыг 0.5-1 хувиар нэмэгдүүлэхэд ирэх арван жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэндийн салбарт 117 сая ажлын байр шинээр бий болгож, ахмад настны тэтгэмжийн чиглэлээр халамжийн алдагдлыг хаах эх үүсвэрийг бий болгох боломжтой аж. Тиймээс “Oxfam” байгууллагын зүгээс өндөр хөгжилтэй орны Засгийн газруудад хандан илүү дэвшилтэт, уян хатан бодлого хэрэгжүүлэхийг уриалжээ.
Гэсэн ч энэ төрлийн татварын бодлогын өөрчлөлт нь АНУ тэргүүтэй барууны ардчилсан орнуудад, тэр дундаа улс төрийн хэвшмэл, хатуу бодлого баримтлагч улстөрч, нам хүчнүүдэд хэт мэдрэг тусах нь гарцаагүй. АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа нийгмийн тэгш бус байдлыг арилгахын эсрэг бодлого хэрэгжүүлж буй. Харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Ардчилсан намаас түүнтэй өрсөлдөхөөр намын сунгаанд оролцож буй Сенатч Элизабет Уоррен тус улсын нийгэм дэх 50 сая ам.доллараас дээш орлоготой цөөн тооны  чинээлэг иргэдээс хоёр хувийн баялгийн татвар авах санааг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ.
Үүгээр зогсохгүй бага татварын бодлогыг дэмжин ажилладаг Олон улсын валютын сангийн зүгээс ч тэгш бус байдлыг арилгах зорилгоор нийгмийн чинээлэг хэсгийн иргэдийн татварыг нэмэх асуудлыг уриалсан юм.    
Энэ төрлийн уян хатан, дэвшилтэт бодлого хэрэгжүүлж буй улс орны жишээгээр Шинэ Зеланд улсыг нэрлэж болох аж. Тус улсын Засгийн газар нийгмийнхээ тэгш бус байдлыг арилгах үүднээс эдийн засгийн өсөлтөөс илүүтэй иргэдийн сайн сайхан амьдрах нөхцөлийг амжилтын гол шалгуур болгон ажиллах үндсэн зорилт тавьжээ. Энэ нь анх удаа дэлхийн аль нэг улс статистик дээрх эдийн засгийн өсөлтөө бус иргэдийнхээ амьжиргааны өсөлтийг улсын хөгжлийн гол суурь үзүүлэлт болгосон тохиолдол аж. Мөн энэ нь Засгийн газар үүрэг даалгавар өгдөг, удирдан чиглүүлэх үүрэгтэй институц бус иргэдийн сайн сайхан байдлыг бий болгож, түүнийг хадгалахад чиглэгдсэн ажлыг хамтран хэрэгжүүлэх бүтэц бүхий нийгэмд үйлчлэх гол чиглэлтэй гэдгийг дэлхий дахинд харуулсан сайхан жишээ болсон гэжээ. Хамгийн гол нь Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны Засгийн газар үүнийг хийхийн тулд туйлширсан халамжийн бодлого огт хэрэгжүүлэхгүй бөгөөд мэргэшсэн эрдэмтдийн олон жилийн суурь судалгаанд үндэслэсэн эдийн засгийн уян хатан бодлогыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар онцолжээ.
Эх сурвалж: Oxfam.org, Huffpost, World Bank, New World Community
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн