Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилгыг "Таван Богд" групп 1929 оных шиг түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэй худалдаа, үйлчилгээний төв болгон байгуулж байгаа билээ.
Хэвлэх үйлдвэрийн барилгыг 2015 онд анх 7.15 тэрбум төгрөгийн саналтайгаар дуудлага худалдаанд гаргасан. Нээлттэй дуудлага худалдааны үеэр Абдул Карим гэх эрхэм 24 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргасан ч удалгүй саналаасаа татгалзсан байдаг. Түүний дараагаар “Таван Богд” групп 23.85 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авч, 2016 оноос тус барилгыг шинэчлэн барих ажлыг эхлүүлсэн.
Хуучин хэвлэх үйлдвэрийн шинэ өнгө төрх буюу "Галлериа Улаанбаатар" худалдаа, үйлчилгээний төв нь 2018 оны наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хойшилжээ. Гэхдээ“Таван Богд” группээс "Галлериа Улаанбаатар" худалдааны төвийг 2018 ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулна гэж мэдээллээ.
Тус компанийн мэдээлж буйгаар "Галлериа Улаанбаатар" төвд “Таван Богд” группийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах юм байна. Тодруулбал, Хаан банк, Говь, Гоёо брэнд, Little Sheep Hot pot рестароны дэлхийн хамгийн том салбар, сувинер хаусын өргөтгөсөн салбар дэлгүүрүүд байрлах аж.
Түүнчлэн, "Галлериа Улаанбаатар" төвд Говь, Гоёо брэндийн дэлгүүр буюу дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр байрлах юм. Нийт 2500 метр квадрат талбай бүхий ноолууран хувцасны дэлхийн хамгийн том дэлгүүрийг нээх аж. Үүний 1659 метр квадрат бүхий талбайд Говь брэнд, 840 метр квадрат бүхий талбайд Гоёо брэндийн нэрийн барааны дэлгүүр байх юм байна. Мөн дэлхийн хамгийн том халуун тогооны ресторан буюу 500 хүний суудалтай Little Sheep Hot Pot Mongolia ресторан байрлана.
Пицца хатын анхны ресторан салбар болон залуучуудад зориулсан Эко орчин бүхий KFC салбарыг байгуулахаар төлөвлөсөн аж. Одоогоор Гоёо брэндийн салбар дэлгүүр, Пицца хатын анхны ресторан салбар, Эко орчин бүхий KFC салбар нээгдээд байна.
Мөн Галлериа Улаанбаатар үйлчилгээний төв нь зүүн талдаа 90 машины зогсоолтой байх аж.