Дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг нь хог хаягдал болоод байна. Олон улс оронд байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн үйл ажиллагааг илүү байгальд ээлтэй, эко байдлаар шийддэг болжээ. Монгол Улсад ч энэ алхмыг зарим компани нэвтрүүлж байгаа бөгөөд тэдгээрээс дөрвөн компанийг онцлон танилцуулж байна.
Пластик центр ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж хаягдал, гялгар уут дахин боловсруулах хуванцар хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэхүү компани эх орондоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулж хуванцар бохирын сав болон бохирын хуванцар худгийн иж бүрдлийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд 500 тонн орчим гялгар уут дахин боловсруулсан ба “Бохирдлоор бид бохирдлыг шийднэ” уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар худгийн иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэсэн байна.
АПУ ХК компаниас “Шилээ дахин амьдруулъя” санаачилга дэвшүүлж шилний хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг саяхан эхлүүлсэн. Энэ үйл ажиллагаагаар тэд хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг багасгах, улмаар дахин хэрэглээний соёлыг бий болгох замаар харилцагч, дэлгүүрүүдтэй хамтран бүтээгдэхүүний шилээ эргүүлэн татаж байгальд бий болж байгаа шилний эмх замбараагүй хаягдлыг бууруулахаар зорьж буй юм.
Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын байгаль экологийн давуу талыг бий болгодог юм. Сонирхуулахад нэг тонн шил тутамд нэг тонн гаруй байгалийн баялгийг хэмнэдэг бөгөөд зургаан тонн шил дахин ашигласнаар нэг тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц байдаг байна.
Сайн Цаас ХХК нь 2014 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд 2015 оны зургадугаар сард бор цаас үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани эх орондоо анх удаа хаягдал картон цаас дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхэлж байсан билээ. Улмаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хайрцагны дөрвөн үйлдвэрийн хэрэгцээг зуун хувь ханган ажилладаг бөгөөд өдөрт 20 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Оюу толгой ХХК компани өөрсдийн үйл ажиллагаанд усаа дахин ашиглах эко байдлыг нэвтрүүлээд удаж буй билээ. Тэд нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.4 шоо метр (400 литр) ус ашигладаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага үзүүлэлт бөгөөд ашигласан усныхаа 89 хувийг дахин ашигладаг байна. Үүнээс гадна тус компани нь үйл ажиллагаандаа хог хаягдлын дөрвөн үе шатлалт менежментийг хэрэгжүүлдэг юм. Энэ менежментийн дагуу хог хаягдлыг нийт 30 гаруй нэр төрөлд ангилан, 10 гаруйг нь мэргэжлийн аж ахуй нэгжтэй хамтран дахин боловсруулдаг байна.