Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Б.Халиунтай бөөрний үйл ажиллагаа юунаас болж доголддог талаар ярилцлаа.
-Бөөрний үйл ажиллагаа юунаас болж доголддог вэ?
-Бөөрний үйл ажиллагаа нь бөөрний архаг болон цочмог дутагдлаас үүдэж доголддог. Цочмог дутагдал нь ихэвчлэн архины болон бусад хордлогын үед шингэн алдалт, их огилт, бөөлжилт, гүйлгээ суулгалтын шалтгаантай үүсдэг. Мөн элэг болон зүрхнээс болж үйл ажиллагаа доголдож болно. Иймд нэн түрүүнд эдгээрийг ялган оношлох хэрэгтэй.
Харин бөөрний архаг дутагдал даралт ихсэх болон чихрийн шижингийн гаралтайгаар доголдож болно. Мөн бөөрний өөрийнх нь түүдгэнцрийн архаг үрэвслүүд, бөөрний олон уйланхайт удамшлын өвчин зэрэг шалтгааны улмаас бөөрний дутагдал үүсэж болдог.
-Сүүлийн үеид ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-Бөөрөнд ийм өвчин их байна, тийм өвчин их байна гэсэн ялгаа байдаггүй. Гэвч бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслээр залуу эрчүүд их өвдөх боллоо. Мөн 50 болон түүнээс дээш насны иргэдэд хоёрдогч шалтгаанаар үүсэх нь их байдаг. Улирал солигдох буюу өвлөөс хавар, хавраас зун зэрэг үед бөөрний архаг үрэвсэлт өвчний сэдрэлт их тохиолддог. Мөн бөөр, шээсний замын халдварт өвчин эмэгтэйчүүдийн дунд их хэвээр байна.
-Та яриандаа “Бөөрний түүдгэнцэр” гэж их дурдлаа. Энэ нь ямар өвчин байдаг вэ. Мөн ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл олон янз байдаг. Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар үүсдэг. Анхдагч шалтгаанд дархлаатай холбогддог. Ерөнхий цусны болон биохимийн шинжилгээ шээсний ерөнхий шинжилгээ авахаас гадна эмнэл зүйтэй харьцуулж үзнэ.
Шээсээ анзаарч харвал бөөрөө тольдож чадна
-Шээсний өнгөөр эрүүл мэндээ шинждэг гэх. Ямар өнгөөр шээс ялгарвал өвчний шинж тэмдэг болох вэ?
-Хүн шээсээ анзаарахгүй өнгөрөөдөг. Яг анзаарч харах юм бол бөөрний толь болдог. Бөөрний архаг түүдгэнцэр өвчнүүдийн үед шээс хөөсөрхөг, улаан туяатай тод өнгөтэй гардаг. Мөн цистит буюу бөөр, шээсний замын халдварт өвчний үед шээсний өнгө булингартай тод өнгөтэй гарч болно. Харин бөөрний архаг дутагдлын үед шинж тэмдэг багатай байдаг учраас шөнө шээс нь хүрдэг. Хүмүүс түүнийгээ анзаарахгүй өнгөрөөгөөд байх тал байдаг.
-Ямар шээсийг хэвийн буюу эрүүл байна гэж үзэх вэ?
-Шээсний өнгө сүрлэн шар өнгөтэй байвал хэвийн байна гэж үзнэ. Шээсний дараа бага зэрэг хөөсөрч болох ч хөөс нь удаан тогтохгүй хурдан хугацаанд арилж байх ёстой. Ямар нэгэн тунарсан тунадасгүй, тунгалаг байвал хэвийн байна гэж үзнэ. Тиймээс иргэд шээсээрээ бөөрний үйл ажиллагаагаа тольдож байх хэрэгтэй.
-Шээсээ тэвчих нь ямар үр дагавартай вэ?
-Бөөр шээсний замын халдварт өвчнүүдийн үед удаан шээсээ барих нь буруу. Учир нь, давсганд халуун зүйл баригдаад удахаар бактери, нянгийн халдвар өгсөх замаар хүндрэх гол шалтгаан болдог. Мөн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шингэн зүйл сайн ууж, давсгандаа шээсээ бариад байлгүй суллаж байх нь зүй. Ингэснээр шээсний замын үрэвслийг намдааж өгнө.
-Оройн цагаар ус уух зэрэг нь бөөрний үйл ажиллагаанд хортой гэх зөвлөгөө цахим хуудсаар их явдаг. Ер нь бөөрийг хэрхэн амрааж, яаж хайрлах хэрэгтэй вэ?
-Шингэн зүйлийг хангалттай ууж байх хэрэгтэй ч өглөө болон өдрийн цагаар уух нь зүйтэй. Орой уухаар өглөө өдөржин ажилласан бөөрөө ачаалуулж, шөнөжин ажиллуулах болоод байдаг. Тэгэхээр бөөр амрахгүй шүү дээ. Тиймээс шингэн зүйлийг өглөө, өдрийн цагаар сайн уугаарай.
-Бөөрөө эрүүл байлгахад иргэд юуг анхаарах шаардлагатай вэ, ярилцлагын төгсгөлд зөвлөгөө мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед хамгийн ихээр тохиолдож буй бөөрний архаг дутагдалд хүргэж байгаа өвчин нь артерийн даралт ихсэлт болон чихрийн шижин хоёр голлож байна. Энэ хоёр удаан хугацаанд үргэлжлээд 10 ба түүнээс дээш жил болбол бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Сахар болон даралт ихсэлтээ сайн хянаж, эмээ тогтмол уух зэргээр бөөрөө хамгаалж байхыг зөвлөж байна. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй.