Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

БНСУ-ын олон удаагийн визийг 3 ба 5 жилээр олгодог болно

БНСУ-ын олон удаагийн визийг 3 ба 5 жилээр олгодог болно
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 11
Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх журамд өөрчлөлт оржээ. Журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Ганмуг өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Өнөөдрийн байдлаар 1,000 орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз авсан бол, Монголоос 37 мянган иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшиж байгаа юм байна.
Олон удаагийн виз олгох хуучин журам нь долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр нэмж зургаан шалгуурыг тусгахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, олон удаагийн виз хүсэх журмыг нийт 13 шалгууртай болгожээ.
Одоо мөрдөгдөж буй журам:
  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. Эдгээр журам дээр дараахь зургаан нөхцөл нэмэгдэж байгаа юм байна.
Шинэчлэгдсэн журам:
  1. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  2. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  3. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  4. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  5. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  6. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.
Олон удаагийн визийг нэг бус 3 ба 5 жилээр олгодог болно
Хуучин журмаар олон удаагийн виз хүсэхэд эхлээд нэг жилээр олгодог. Энэ хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй, 2 ба түүнээс дээш удаа зорчсон тохиолдолд оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацааг 3 жилээр олгодог байсан. Харин байнгын зорчигчдод хамаарах иргэнд оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацааг 5 жилээр олгодог байсан билээ.
Харин шинэ журмаар олон удаагийн визний нөхцөлд иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх зэргийг харгалзах юм байна.  Мөн тус улсад оршин суух хугацаандаа ямар нэг зөрчил гаргаж байгаагүй эсэхийг харгалзан үзэж 3 ба 5 жилийн хугацаатай олон удаагийн визийг олгох юм байна.
Мэдээллийн дараа БНСУ-ын ЭСЯ-ны Консул  Кил Ганмугээс сэтгүүлчдэд сонирхсон асуултдаа хариулт авлаа. 
undefined
-Олон удаагийн визийг 3 ба 5 жилийн хугацаатайгаар олгоно гэлээ. Ямар шалгуураар визний хугацааг ялгаатай нөхцөлөөр олгож байгаа юм бэ?
-Виз олгох журмаа сайжруулж байгаа. Тухайлбал, эмч гэхэд олон жил ажилласан бол таван жилээр олгох байдлаар ялгаатай хандаж виз олгоно. Энэ асуудлыг эцсийн байдлаар шинэчлэн дуусгахаар бэлтгэж байгаа. Олон удаагийн виз мэдүүлэх нь шинэчилсэн журмаар илүү нарийвчлалтай байх болно. Ер нь олон удаагийн визний хугацааг ялгаатай байдлаар олгохдоо тухайн виз мэдүүлэгчийн ажилласан жилийн туршлага, болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялгаатай олгох юм.
-Өмнөд Солонгос улс руу манай улсаас жилд хэчнээн иргэн виз мэдүүлэх хүсэлт гаргадаг юм бэ?
-2016 онд 60 мянган иргэн виз мэдүүлж байсан. Харин 2017 онд 130 монгол иргэн солонгост зорчих визний хүсэлт гаргасан. 2018 оны долоон сарын байдлаар 88 мянган иргэн визний хүсэлт гаргасан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт .
-Хуурамч бичиг баримт бүрдүүлж тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Одоогоор хэчнээн монгол иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр баригдсан байна вэ?
-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал нь виз мэдүүлэх хугацаагаараа ялгаатай. Нийт тооноос илүү нэг жишээ хэлэхэд, долоо хоногт 1000 бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн тохиолдол байна. Таван сая төгрөгийн барьцаа буюу санхүүгийн чадавхийг илэрхийлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх тохиолдол маш их байдаг. Тиймээс Солонгос улс руу виз хүсэх иргэд зуучлагч байгууллагуудад хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Виз хүсэгч банкинд мөнгө байршуулсан эсэхийг хурдан хугацаанд шалган, тогтоодог. Тэгэхээр таван сая төгрөг байршуулах, банкны баталгаа хийж өгнө гэсэн зуучлагчийн үйлдэлд битгий хууртаасай гэж хүсэж байна.
-Олон удаагийн визний шинэчлэгдсэн журам яг хэзээнээс мөрдөгдөж эхлэх юм бэ?
-Олон удаагийн визний журмыг нарийвчилж дуусахаар аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ер нь аравдугаар сараас эхлэн шинэчилсэн журмаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг хурдан хугацаанд хэрэгжүүлэхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа нь саад болж байна. Тийм учраас шинэчилсэн журмыг нарийвчлан тогтсоны дараа хэрэгжүүлнэ.
-Виз мэдүүлээд мэдэгдэх хугацаа удааширч байна. Энэ талаар?
-Виз мэдүүлэх хугацаа албан ёсоор 21 хоногт олгож байгаа. Зарим тохиолдолд бага зэрэг хоцорч байгаа.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн