Хятадын нийслэл Бээжин дэх дээд шүүх Хонг Конгийн ардчилсан "шүхрийн" хувьсгалыг тэргүүлсэн хамгийн залуу тэмцэгч Жошуа Вонгийг ахин хорих болсон шийдвэрийг өчигдөр буюу пүрэв гаригт танилцууллаа.
Өдгөө 22 настай тэрээр 17 наснаасаа эхлэн ардчиллын дуу хоолой болж, Хятадын коммунист намын эрх баригчдаас улс төрийн системийн өөрчлөлт хийхийг шаардах болсон юм. Тэрээр 2014 онд болсон Хонг Конгийн ардчилсан "шүхрийн" хувьсгалын оюутны бослогыг толгойлж байсан юм. Энэхүү тэмцэл нь тус улсад 1990 оноос хойш Коммунист эрх баригчид болон нэг намын үйл ажиллагааг эсэргүүцсэн хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ болсон гэж судлаачид үздэг.

Түүнийг шүүх танхимаас хорих анги руу шилжүүлэх үед 2014 оны ардчилсан хувьсгалын билэг тэмдэг болох шар борооны шүхрийг барьсан мянга мянган эсэргүүцэгчид цуглан ардчилал, хүний эрхийн тухай уриа хашхирч байсан аж. Энэ үеэр эсэргүүцэгчид түүнийг цагдаа нараас салгах гэж бага хэмжээний үймээн дэгдсэн байна. Харин Жошуа Ванг цугласан хүмүүст хандан “Тэд миний биеийг хорьж чадах ч хэзээ ч оюун ухаан, бодол санааг минь хорьж чадахгүй. Үргэлжлүүлээд бай. Бидний энэ үйлс нэг л өдөр манай ард түмэнд ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийгмийг авчрах болно” гэсэн аж.
Одоогоор түүнийг яг ямар шалтгаанаар хэр удаан хугацаанд хорих болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар Хятадын Коммунист намын эрх баригчдын зүгээс ямар нэгэн тайлбарыг хийгээгүй юм.
Түүнийг 2018 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, олон нийтийг үймээн самуунд уриалсан болон жагсаал цуглаан хийхийг хориглосон бүсийг орхин явахаас татгалзсан гэх хэргээр гурван сар хорьсон юм. Гэхдээ түүний залуу насыг бодолцон үзэж хоёр сарын дараа суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.