Шанхайн санхүү эдийн засгийн их сургуулийн Хэл шинжлэл ба хэрэглээний хэл шинжлэлийн магистр, “Мандарин” хятад хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, хятад хэлний багш, орчуулагч Д.Цогцолцэрмаатай ярилцлаа.
-Таны хувьд Хятад хэлийг тухайн улсад нь суралцаж, магистрын зэргээ хамгаалсан төдийгүй олон жил хятад хэлний багшаар ажилласан туршлагатай. Тиймээс хятад хэлийг суралцах гэж төлөвлөж байгаа болон суралцаж байгаа хүмүүст хэл сурах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хятад хэл сурах гэж байгаа хүнд дараах гурван зүйлийг нэн түрүүнд зөвлөнө. Нэгд, зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хаана хүрэхээ мэдэж байгаа хүн, ямар замаар явахаа мэдэж байдаг. Хоёрт, Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн “Их ч битгий хий, бага ч битгий хий. Гол нь өдөр бүр хий” гэдэг үгэнд би их дуртай. Аливаа зүйлийн үр дүн ямар байх нь үйл явц болон арга барил хэр тохиромжтой байхаас шалтгаалдаг. Өөрийнхөө туршлагаас харахад, хувийн зохион байгуулалт сайтай, тууштай, сахилга баттай, бүтээлч хүн хятад хэлийг сайн сурдаг юм шиг санагддаг. Гуравт, хүн өөрийн гэсэн, өөрт тохирсон арга барилаа олж авах хэрэгтэй. Зөв арга барилаа олно гэдэг чи замынхаа талыг тууллаа л гэсэн үг. Хүн бүр хятад хэл, ялангуяа ханзыг давж барашгүй даваа мэт боддог. Гэтэл ханз бол хятад хэлний хамгийн сонирхолтой хэсэг нь шүү дээ. Ханзыг дүрс бичиг, утга бичиг гэдэг талаас нь сурах хэрэгтэй.
-Олон хүн хятад хэлийг маш хэцүү гэж дүгнэдэг. Тиймээс хятад хэлийг сурахад бусад хэл сурахаас илүү хугацааг зарцуулна ч гэж ярьдаг. Ер нь Хятад хэлийг хэдий хугацаанд хэрэглээний төвшинд эзэмшиж болох вэ. Цаашлаад одоо хэлний мэдлэггүй хүн хэр хугацаанд бэлтгэл хийж байж тэтгэлгийн шалгуур хангах хэмжээнд суралцах боломжтой вэ?
-Манай сургалтад хамрагдах гэж ирсэн ихэнх хүмүүс “за хятад хэл ёстой хэцүү гэсэн” гэж орж ирдэг. Гэхдээ эхний хичээл дээрээ суугаад л суралцаж болох юм байна гэж хэлдэг. Ямар ч зүйлд харах өнцөг маш чухал. Хэцүү гээд бодчих юм бол хэцүү л байх болно. Хэлнийхээ онцлогийг мэдрээд сурвал сонирхолтой. Багштай бас системтэй суралцаж чадвал хятад хэлийг гурван сарын хугацаанд HSK-3 төвшинд хүртэл эзэмших боломжтой. Хятад хэлийг сурахад хаана сурах нь чухал биш. Гол нь өдөр бүр л хичээллэж, давтах хэрэгтэй. Амьдралын нэг хэв маяг болгож л суралцах хэрэгтэй. Кофегоо бэлдээд, ширээгээ засаад тухтай суугаад хичээл хийнэ гэвэл худлаа. Бидний амьдрал ийм биш шүү дээ. Өдөр бүр л асуудал тулгарч байдаг. Тиймээс амьдралынхаа нэг хэсэг болгож суралцах хэрэгтэй. Бас амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Тухайн хэлийг сурахад цаг гаргах хэрэгтэй. Өдөр болгон тасралтгүй бэлтгэж суралцаж чадвал гурван сарын хугацаанд л та хятад хэлийг мэдэж болно. Тэтгэлгийн шаардлага хангахаар буюу HSK-4 төвшинд эзэмшихийн харин хагас жилийн хугацаа боломжтой. Гэхдээ ийм үр дүн гарахад хувь хүний хичээл зүтгэл, хандлага, систэмтэй хөтөлбөр их чухал шүү дээ. Мөн хятад хэлийг сурахдаа HSK оноогоор хязгаарлаж болохгүй. Мэргэжлийн үг хэллэг HSK шалгалтад байхгүй. Монгол оюутнууд тэтгэлгээ аваад очсон хойноо хичээлдээ суугаад ойлгохгүй байх тохиолдлууд бий. Ихэнх оюутнуудад монгол хэл дээрээ ерөнхий мэдлэг аваад хятад хэл дээрх мэргэжлийн үг хэллэгээ сайн бэлдэхийг зөвлөдөг. Ингэж бэлтгэл хийсэн оюутан очоод суралцахдаа алзахгүй. Манай нэг оюутан сургуульдаа очиж суралцахдаа эхний семистр амархан хичээл сонгоод, дараагийн улиралд нь хэцүү хичээлүүдээ хуваарилсан байсан. Энэ нь амархан хичээлээ судалж байх хугацаандаа дараагийн улирлын хичээлээ бэлтгэх цаг зав гаргаж байгаа арга юм. Тиймээс амжилттай суралцахыг тулд урьдчилан төлөвлөгөө зохион байгуулалт чухал юм.
-Та Хятадад тэтгэлгээр суралцсан төдийгүй одоо оюутан залуучуудад тэтгэлгийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэтгэлгээр суралцах гэж байгаа сурагчид юунд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Монголдоо бакалавраа хамгаалаад хятад улсад очиж дахин бакалавр хамгаалсан. Миний бодлоор эх орондоо мэргэжлийнхээ суурь мэдлэгийг авчихвал их зүгээр юм шиг санагддаг. Одоо хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч хүсэл мөрөөдлийнх нь гүүр болж байгаа учир хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Мэдээллийг зөвөөр өгснөөр тухайн хүн тэтгэлэгт хамрагдвал их сайхан санагддаг.
Хэрвээ БНХАУ-д тэтгэлгээр суралцахыг зорьж байгаа бол нэн түрүүнд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хэлний чадвар инженерийн салбарт суралцах бол HSK-4, нийгмийн болон анагаахын чиглэлд суралцахаар төлөвлөж байгаа бол HSK-5,6 шаардлагатай.
Тэтгэлэг бүр өөр өөрийн шалгууртай. Тэтгэлгээ маш сайн судлах хэрэгтэй. Нэгдүгээрт, судалгаа, хоёрдугаарт төлөвлөгөө, гуравдугаарт, туршлага чухал. Хэрвээ та магистрын чиглэлд суралцах гэж байгаа бол мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол сайн. Ажлаад чиглэлээ мэдээд, энэ мэргэжлээр үнэхээр суралцах эсэхээ шийдээд өөрийн карьераа зөв төлөвлөж чадна. Ажилласан туршлага нь зөв сонголт хийхэд нөлөөлдөг юм шиг санагддаг. Ямар ч ажилласан туршлагагүйгээр шууд үргэлжлүүлээд суралцах нь зарим талаараа алдаа гэж боддог. Учир нь сурсан хойноо энэ надад зохихгүй, би үүнд сонирхолгүй юм байна гэдгээ мэдэх тохиолдол цөөнгүй. Залуу нас бол хүний амьдралын алтан үе шүү дээ. Тиймээс судалгаагаа сайн хийж, үнэхээр суралцах шаардлагатай эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэтгэлгээр суралцахгүй байсан ч болно шүү дээ. Тэтгэлэгт хамрагдана л гэвэл шууд хамрагдчих нь их буруу. Гэхдээ сүүлийн жилүүдэд арван жилийн хүүхдүүд манайд их суралцаж байна. Гурван жилийн дараа тэтгэлэгт хамрагдана гэж төлөвлөөд хэлээ шамдан суралцаж байгаа хүүхдүүдийг харахад бахархмаар санагддаг. Бэлтгэлтэй хүнд л боломж ирдэг. Тиймээс бэлдэх хэрэгтэй. Нэг алхам дууслаа. Тэгээд бэлдэх биш тэр алхам дуусахаас өмнө дараагийн алхмын бэлтгэлээ хийсэн байх ёстой гэж боддог.

-Өөрийн хамрагдаж байсан тэтгэлгийнхээ талаар болон залуучуудын хамрагдаж болох тэтгэлгийн талааар мэдээлэл өгч болох уу?
-Тэтгэлгийг энэ нь сайн, энэ нь тааруу гэж нэрлэж болохгүй. Тэтгэлэг бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ би монгол хүүхэд, залуучуудыг Хятадад сурахдаа хамгийн шилдэг сургуульд нь элсээсэй гэж боддог.БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг дотроо олон төрөл байдаг. Засгийн газрын тэтгэлэгт хоёр төрлөөр хамрагдаж болно. Нэг нь БСШУЯ-аас зарлагддаг, нөгөө нь суралцагч өөрөө БНХАУ-ын сургуулиудад материалаа илгээх юм. БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтарч сонгон шалгаруулалт явуулдаг 2020 он хүртэл 1000 оюутан суралцуулах гэрээтэй уг тэтгэлгийн шалгаруулалт гол төлөв жил болгоны гуравдугаар сард зохион байгуулдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудсан дээр зарладаг. Бичгийн болон ярилцлагын шалгаруулалт явагддаг. Мөн Күнзийн тэтгэлэг бий. Энэ нь хятадын хэл соёлыг мэдэхийг зорьж байгаа бол илүү тохиромжтой. Анагаахын чиглэлд тэтгэлэг ховор байдаг. Зарим сургуулиуд Засгийн газрын тэтгэлэг биш мужийн сургуулийн тэтгэлэгт хамрагдаж болдог. Энэ нь Засгийн газрын тэтгэлэгтэй дүйцэхүйц байдаг. Тиймээс тэтгэлгээ сайн судлах хэрэгтэй. БНХАУ-д англи хэл дээр ч сурч болно. Хятад хэл дээр сурч болно.
Арван жилийн хүүхдүүд ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдээс “за ямар мэргэжлээр суралцах вэ” гэж асуухад өөдөөс дандаа нийтлэг мэргэжлүүдийг нэрлэдэг. Мэргэжлийнхээ талаар судалгаа хийгээгүй байдаг. Сонгох гэж байгаа мэргэжлийнхээ талаар ч бүрэн мэдээлэлгүй байдаг. Манайх шиг хүн ам цөөнтэй улсад нарийн мэргэжлийн, дутагдаж байгаа мэргэжлээр сурч, мэргэших нь чухал юм шиг санагддаг. Тэр талын мэргэжлийг хүүхдүүд ойлгохгүй байна. Өнгөрсөн жил манайд хивсний үйлдвэрийн технологичийн мэргэжлээр HSK оноотой хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах боломжтой тэтгэлгийн санал ирсэн. Гэтэл хүүхдүүд энд өргөдөл өгөлгүй тэтгэлэг өнгөрч байсан. Мэргэжлийн талаар мэдлэггүй учраас боломжийг бас ашиглаж чадахгүй байна. Тиймээс олон төрлийн мэргэжлийг судалж үзэх хэрэгтэй.Мэргэжлээ сайн судалж сонгохыг зөвлөж байна. Шинэ шинэ мэргэжлүүд гарч ирж байна. Бизнесийн удирдлага гэдэг мэргэжил Цахим бизнес, инноваци чиглэл рүү шилжсэн байна. Олон Улсын худалдаа, эдийн засаг гэдэг мэргэжил бий. Хятадад сурч байгаа гадаад оюутнуудын 90 хувь нь энэ мэргэжлээр суралцан гэдэг судалгаа байдаг. Одоо энэ мэргэжил нь томоохон сургуулиудад Олон Улсын бизнес гэж өөрчлөгдсөн байна.
Мөн аль сургууль чиний мэргэжлээр сайн бэ гэдгийг судлах хэрэгтэй. Жишээлбэл Цинхуа их сургууль шилдэг . Хамгийн том сургууль. Гэтэл энэ сургууль дээр очоод хятад хэлний багш болно гэвэл өрөөсгөл ойлголт шүү дээ. Цинхуа техник технологи болон улс төр судлалаар илүү нэртэй байж болно. Харин миний мэргэжлийн хувьд Бээжингийн их сургууль шилдэгт тооцогддог учир хятад хэлний багш болохыг хүсч байгаа хүүхэд уг сургуулийг судалж үзэхийг би санал болгоно.
-Зорилгоо хэрхэн тодорхойлох болон зорилгодоо хүрэх алхмын талаар хэрхэн зөвлөдөг вэ?
-Хэл сурахаар ирэхдээ зарим хүмүүс төлөвлөгөөгөө гаргалгүй ирдэг. Гэтэл аливаа хэлийг суралцахад хамгийн чухал зүйл хувь хүний зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, сахилга бат, тууштай байдал юм. Хүсэл тэмүүлэлтэйгээр суралцах хэрэгтэй. Зорилгоо зөв төлөвлөх нь чухал. Зорилго тодорхойлж, төлөвлөгөө гаргахдаа цаг хугацааг ухрааж бодох арга их ашигладаг. Дараа жилийн дөрөвдүгээр сард энэ хүнд HSK-4 оноо хэрэгтэй. Тиймээс сардаа юу хийх хэрэгтэй болон долоо хоногтоо юу хийх хэрэгтэй тэгээд өдөртөө юу хийх хэрэгтэй вэ гэдгийг төлөвлөдөг. Аливаа зүйлийг урт хугацаанд төлөвлөх чадвар маш чухал. Урт хугацааны төлөвлөгөөтэй хүн долоо хоногт юу хийх, сардаа юу хийх, жилдээ юу хийх нь тодорхой учир ачаалал тэнцвэртэй байдаг. Хүмүүс зарим цагт нь юу ч хийхгүй байж байгаад зарим үед үхтлээ хийдэг, тэгээд хийхээ больдог. Энэ нь чанартай үр дүнд хүргэхгүй. Тиймээс тасралтгүй хийх хэрэгтэй. Хувь хүн хэн нэгэнд найдаж, тэр хүнээр л үүнийг бүтээлэгчихнэ гэж өөрийнхөө асуудалд назгай, хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бол хүний амьдралын маш чухал хэсэг. Өөрөө маш сайн судлах хэрэгтэй. Өөрөө, өөрийнхөө амьдралыг та л төлөвлөх хэрэгтэй. Жуулчлалын байгууллагаар дамжуулаад сургуулийнхаа нэрийг ч мэдэхгүй байж тэтгэлэгт хамрагдчихдаг тохиолдол бий. Гэхдээ төлөвлөгөөгөө гаргаад зорилгоо гаргасан хүн илүү тууштай байж чадна. Бас тэтгэлэг насан туршийн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэтгэлэг авах нь хэцүү нь хэцүү. Гэхдээ тэтгэлэг аваад түүнийгээ хадгалж үлдэх нь бүр хэцүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.