АИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар биеийн тамир, спортын “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг төлөвлөгөөг “Ди Энд Жийс” ХХК гүйцэтгэсэн байна.
Уг төлөвлөлт ёсоор бүсийн болон аймгийн хэмжээнд дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах, олон улсын болон дотоодын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой стандартын шаардлага хангасан барилга байгууламж, спортын зам талбай бүхий биеийн тамир спортын болон амралт чөлөөт цагийн иж бүрэн цогцолбор бий болох юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2038 он хүртэл хэрэгжүүлэх гэнэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг АИТХ-ын хуралдаанаар эцэслэн батлах ёстой.
Тухайн хэсэг нь нийтдээ 259,4 га талбайтай. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24,2 га газар, төрийн байгууллагын эзэмшилд 2 га газрыг олгож, үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд бий. Төлөвлөлтийг газрын нийт талбайн 12,4 га-д голын сав газрын хамгаалалтын бүс, 18,2 га-д олон нийтийн бүс, 2,4 га-д орон сууцны бүс, 1,3 га-д амралтын бүс, 3 га-д сургуулийн бүс, 72,4 га-д биеийн тамир спортын бүс, 135.6 га-д ногоон байгууламжийн бүс, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулжээ. Эдгээрийг бүтээн байгуулахад 111 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.
Одоогоор “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан 288 айлын орон сууцны барилгын ажил эхлээд буй. Энэ нь наадмын талбайн газарт барилга барилаа гэх асуудлыг үүсгэсэн. Иймд тухайн газар нь наадмын талбайн хэсэгт хамаарахгүй гэдгийг олон нийтэд ойлгуулахгүй бол үл ойлголцол үүсэж байна гэсэн байр суурийг тэргүүлэгчид илэрхийлсэн. Учир нь тэр хэсэгт тойруулж хатгасан хашаа нь Сархиа уулын хамгаалалтын хашаа юм байна.