Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар цахим орчин, тэр дундаа Фэйсбүүк дэх эерэг орчинг бүрдүүлэх зорилготой “Peacebook Forum 2019” анхдугаар хэлэлцүүлэг өнөөдөр тус яамны байранд боллоо. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Фэйсбүүк группийн Хонг-Конг, Тайвань болон Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен болон Монголын зарим компанийн удирдлагууд, залуусын төлөөлөл оролцлоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийгмийн сүлжээний эерэг, сөрөг нөлөөний талаар тодорхой жишээгээр тайлбарлаад, “…өнөөгийн ертөнц дэх хэт их хагарал бутрал, дургүйцэл, хараал зүхэл зэрэг нь хүн болгоны толгойд суугаад эхлэхээр хоорондоо мууддаг. Гэтэл бид муудах эрхгүй, цөмийн зэвсэгтэй ертөнцөд амьдарч байна. Эв эе, энхтайвны үйлсийг Фэйсбүүкээр дамжуулан түгээе гэсэн саналыг дэвшүүлж байна. Тийм учраас бид “PEACEBOOK forum” гэж нэрлэсэн” хэмээн онцоллоо

Энэ үеэр Фэйсбүүк группийн Хонг-Конг, Тайвань болон Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен хэлэхдээ “фэйсбүүк групп Монголд үйл ажиллагаагаа цаашид улам тэлэх сонирхолтой байгаа. Бид үндсэндээ гурван гол чиглэлд хамтран ажиллаж байна. Үүнд аюулгүй байдал, эдийн засаг болон боловсролын салбарууд багтана. Энэ хүрээнд цахим бичиг үсэг, цахим номын сан, Монголын бизнесүүдийг хэрхэн илүүтэй сурталчлах вэ гэдэг ажлууд хийгдэж байгаа. Хамгийн гол нь худал мэдээллийг ялгах, түүнийг залруулах шийдлүүд дээр төвлөрч байна. Үүний тулд бидэнд Монгол хүний сэтгэхүй, философийг ойлгох шаардлага тулгараад байна. Тиймээс зөвхөн хэлний асуудал дээр гэлтгүй Монголын ёс заншил, түүх соёл, ер нь Монголын тухай бүхнийг мэддэг залууст манайд ажиллах боломж байгааг хэлмээр байна” гэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр олон чухал асуудал хөндөгдсөн юм. Залуус ямар нэгэн шинэ зүйлд суралцаж, түүнийг ойлгохдоо маш хурдан байдагтай адил хуурамч мэдээ, мэдээлэлд автах нь амархан байдаг. Тийм учраас залуусын хамгийн их ашигладаг цахим орчинд байнга эерэг зүйлийг түгээснээр энэ сул талыг нь эерэг болгон ашиглаж болно. Ингэснээр нийгэмд хамгийн хурдан нөлөөлөх боломжтой гэсэн санаа хамгийн ихээр анхаарал татсан юм.
Бүхэлдээ “Peacebook Forum 2019” арга хэмжээг ач холбогдлын хувьд нийгэмд үүсээд буй цахим орчны сөрөг хандлагыг эерэг болгон өөрчлөх, бизнесүүдийг илүү өргөн цар хүрээтэй сурталчлах болон цаашид Монгол Улсыг гадаад оронд илүү эерэг, сайн сайхнаар таниулах бодитой ажлын эхлэл гэж харж болохоор байлаа.
Уг арга хэмжээний талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П. Баярмагнайтай ярилцлаа.
-Энэхүү арга хэмжээний утга учир, агуулгын тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Өнгөрсөн оны аравдугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох үеэрээ Фэйсбүүк группийн урилгаар Калифорни муж дахь тус компанийн төв оффист зочилсон. Тухайн үед Фэйсбүүк группийн дэд Ерөнхийлөгч Монгол Улс гуравхан сая хүн амтай ч тус улсад нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн тоо өндөр байгаа нь маш их анхаарал татаж буй. Бид цаашид Монголд үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн. Энэ үеэр ГХ-ны сайд олон төсөл дэвшүүлсний нэг нь өнөөдрийн “Peacebook” хэлэлцүүлэг байсан.
Энэхүү форум нь ямар учиртай вэ гэвэл Монголын хэрэглэгчид үндсэндээ Фэйсбүүкийг зөвхөн хоорондоо харилцах болон зургаа оруулж бусадтай хуваалцах зорилгоор ашиглах хандлагатай байдаг. Гэтэл энэ нийгмийн сүлжээ нь өөртөө маш олон боломжуудыг агуулдаг. Тухайлбал, өөрийн үзэл бодлоо хуваалцах, найз нөхөдтэй болох, бизнес эрхлэх, хоорондоо нэгдээд төсөл хэрэгжүүлэх гэх мэт. Хамгийн гол нь энэ бүхэн Монгол залуучуудад маань тив алгасаж бусад гадаад залуустай хамтран дээрх зүйлсийг хийх боломж олгож байгаа. Тиймээс бид Фэйсбүүкийг буюу сошиал медиаг яаж илүү эерэг зүйл болгож ашиглаж болох вэ, энх тайван, харилцан ойлголцол, хүлцэл тэвчил, эв нэгдлийг хэрхэн сурталчилж болох вэ гэдгийг залуучууддаа уриалж байгаа юм. Ийм учраас бид энэхүү арга хэмжээг “Peacebook” буюу “Энх тайвны ном” гэж нэрлээд, үүнийг хамтдаа бүтээцгээе гэж уриалж байна. Фэйсбүүк бол архив болоод үлддэг гэж сая форумын үеэр ярьж байна. Тэгэхээр энэ энх тайвны ном гэх зүйлийн нэгээхэн хуудсанд Монгол Улсын иргэн та юу үлдээх вэ гэдэг дээр хожим дурсах сайн сайхан, эерэг зүйлийг үлдээе гэсэн гол зорилготой юм.
-Монголын цахим орчинд сөрөг хандлага, сөрөг коммент их байдгийг бүгд мэднэ. Ялангуяа сонгуулийн үеэр улстөрчид, бизнес эрхлэгчид, жирийн иргэд хохирогч болсон тохиолдол олон. Энэхүү арга хэмжээ нь энэ бүх сөрөг хандлагын эсрэг, эерэг болгон өөрчилье гэж уриалж байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Нөгөөтээгүүр, Гадаад харилцааны яам яагаад үүнийг хийж байна гэхээр Фэйсбүүкээр дамжуулан “Digital Diplomacy” буюу цахим дипломат аргыг ашиглахыг эрмэлзэж буй юм. Нийгмийн сүлжээгээр дамжуулан бид Монгол Улсаа гадаад ертөнцөд илүү өргөн цар хүрээтэй таниулан сурталчлах өргөн боломжтой. Тухайлбал үндэсний брэндүүд, бизнесүүд илүү хямд үнээр өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ олон хүнд нэгэн зэрэг хүргэх ач холбогдолтой байдаг. Энэ шугамаар Фэйсбүүк компанитай “Digital Diplomacy” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхмууд хийгдээд явж байгаа гэж ойлгож болно. Үүнийг Япон, Швейцар зэрэг орнууд амжилттай хэрэгжүүлсэн жишээ байдаг. Тэд Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээг ашиглаж улсаа амжилттай сурталчилж байгаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын илтгэлд дурдсан “Е-Chembassy” буюу цахим Элчин сайдын яам болон 24 цагийн турш нээлттэй байдаг онлайн худалдааны тэнхимийг Фэйсбүүк дээр суурилуулах, хамртан хэрэгжүүлэх судалгааны ажил хийгдэж байна. Мөн энэ жилдээ багтаад тус компанитай хамтраад дэлхийн залуучуудын фэйсбүүк форумыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Нэг үгээр хэлбэл фэйсбүүк нь Монголын байр суурийг гадаадад оронд илэрхийлэх нэгэн албан ёсны суваг болно гэсэн үг үү?
-Би үүнийг арай өөрөөр хэлмээр байна. Энэ бол зөвхөн Гадаад харилцааны яамны ажил биш юм. Иргэн бүр өөрийн сошиал медиаг ашиглаад Монгол орноо хэрхэн сурталчлах вэ гэдэг асуудал юм. Жишээ нь, та нэг сайхан морь унаад давхиж байгаа зургаа өөрийн хувийн фэйсбүүктээ хийлээ гэхэд энэ нь Монгол орноо таниулах сурталчилгаа болж байгаа хэрэг. Мөн үндэсний үйлдвэрлэлийн хувцсаа өмсөөд “Made in Mongolia” гээд тавья. Энэ бүхэн сурталчилгаа болох юм. Дээрээс нь Монголын тухай видео бичлэгүүд цахим орчинд маш өндөр хандалттай байдаг. Тиймээс гаднын хүмүүс хараад хөөх Монгол ямар гоё юм бэ гэж бодохуйц юм бүхэн сурталчилгаа. Тиймээс энэ бол зөвхөн Гадаад харилцааны яамны ажил биш. Мөн зөвхөн фэйсбүүк ч бус өөр бусад нийгмийн сүлжээнүүдийг мэдрэмжтэй ашиглаж хүн бүр эх орноо эерэгээр сурталчлах боломжтой.
Ерөнхийдөө дипломат ёс ч гэсэн ийм хандлага руу орчихлоо. Өнөөдөр гаднын төрийн тэргүүнүүд хувийн Твиттер хуудсаараа дамжуулаад нэг нэгэндээ баяр хүргэж байна. Эсвэл фэйсбүүкдээ нэг бичлэг байршуулаад баяр хүргэх гэх мэт. Тэгээд үүнийг нь албан ёсны гэж хүлээж авч болдог.
-Монголчуудын санаачилсан “Peacebook forum” цаашид хэрхэн өргөжих вэ?
-Бид бүхэн үүнийг их гэгээлгээр харж байгаа. Үүнийг зөвхөн Монголдоо жил бүр зохиохоос гадна өөр олон оронд зохиогдоосой, залуус нь энэ санаачилгыг аваад дэлхий дахинд эерэг хандлагыг бий болгоосой гэж хүсэж байна. Энэ арга хэмжээнд зохиогчийн эрх гэж байхгүй учир хэн ч аваад өөрийн эх орондоо “Peacebook” арга хэмжээг зохион байгуулж болно.
Энэ жилийн арга хэмжээ маш амжилттай зохион байгуулагдаж байна. Тиймээс бид бараг дараа жилийнхээ төлөвлөгөөг харчихсан явж байна. Сая фэйсбүүкийн Жорж Чен хэллээ. Хамгийн анх “Peacebook” гэдэг нэрийг сонсоод инээж байсан боловч нээрээ бодоход ямар бүтээлч, ухаалаг, хөгжилтэй нэр томъёо вэ гэж. Тиймээс цаашид энэ арга хэмжээ манай Монголчуудын санаачилга, дээр хэлсэн хүн бүрийн эерэг хандлагаар улам өргөжих болов уу.