Open iToim app
Харри поттерийн зохиолч Ж.К.Роулинг: Биднийг хэн болохыг бидний хийсэн сонголт л тодорхойлно

Харри поттерийн зохиолч Ж.К.Роулинг: Биднийг хэн болохыг бидний хийсэн сонголт л тодорхойлно

Нийтэлсэн 2018 оны 4 сарын 27
Зохиол бичиж тэрбумтан болсон дэлхийн цор ганц эмэгтэй,  энэ цаг үеийн  хүүхдийн утга зохиолд хамгийн их  нөлөө үзүүлсэн хүний нэг Английн алдарт зохиолч,   Ж.К. Роулинг  энэ удаагийн “Дэлхийг өөрчилсөн эрхмүүд” буландаа онцолж байна. 
Нууцлаг шидтэний ертөнцийн адал явдлыг хүүхдийн ертөнцтэй холбон маш нарийн, гайхалтайгаар дүрслэн өгүүлсэн Харри Поттер зохиолыг өдгөө  дэлхийн 50 гаруй хэлнээ хөрвүүлж, 500 орчим сая борлогдсон энэ цаг үеийн жинхэнэ бестселлер билээ. Роулингид тэрбумаар тоологдох хөрөнгө, алдар нэр амар олдоогүй бөгөөд амиа хорлох хүсэлд автагдах хэмжээний сэтгэл гутралд орж, нялх охиноо дагуулан хоноглох газар хайж явсан өдрүүд түүний амьдралд бий.
Товч намтар, амжилтын түүхээс
Ж.К. Роулинг буюу Жоана Роулинг нь 1965 оны долдугаар сарын 31-ны өдөр Английн Еэт хотод төрсөн бөгөөд хамгийн анхны түүхээ зургаан настайдаа бичиж байжээ. Бага насандаа утга зохиолд дуртай, сэвхтэй ичимхий охин байсан хэмээн дурссан бөгөөд Харри Потер зохиолын Хермонигийн дүрийг өөрийн өсвөр наснаасаа санаа авч байжээ. 1982 онд Дунд сургуулиа төгсөөд тэрээр Оксфордын их сургуульд шалгалт өгсөн боловч тэнцэлгүй, Эксетерийн  их сургуулийг франц хэл судлаачаар дүүргэжээ. Сургуулиа төгсөөд нэгэн байгууллагад нарийн бичиг хийж байсан ба ажлын шугамаар галт тэргэнд явж байгаад нэгэн нүдний шилтэй хүүг олж харснаар шидтэний сургуульд элсэн суралцаж буй хүүгийн тухай зохиол бичих санаа анх төрсөн байна. Зохиолын санаагаа 1990 онд олсон ч Харри Поттер ба Философийн чулуу нэгдүгээр ботио 1995 онд бичиж дуусгаж байв.
Энэхүү таван жил бол түүний амьдралын эргэлтийн цэг байсан бөгөөд өсвөр наснаас нь хойш хүнд өвчнөөр шаналж, хэвтэрт байсан ээж нь өөд болж бүтэн жилийн турш уй гашууд автсан бөгөөд энэхүү сэтгэл хөдлөлөө Харригийн эцэг эхээ санагалзах сэтгэл болгон гаргасан гэдэг.
undefined
1992 онд Португалид Англи хэлний багшаар ажиллах хугацаандаа Жорж Арантестэй танилцаж гэр бүл болсон бөгөөд тус ондоо жирэмсэлсэн боловч үр зулбаж, 1993 онд дахин жирэмсэлж охин Жессикагаа төрүүлсэн ч ууртай нөхрийнхөө дарамт, хөндий байдлыг тэвчилгүй 1994 онд хоёр тийш болж, охиноо аваад Англи руу буцахаас өөр аргагүй болжээ. Лондонд буцаж ирэх үед түүнд Харри Поттерийн гурван боть ноорог, хуучин бичгийн машинаас өөр ямар ч хөрөнгө байгаагүй бөгөөд ажилгүй, нялх хүүхэдтэй Роулинг дүүгийндээ толгой хорогдож байв. Тэр үед санхүүгийн маш хүнд байдлыг даван туулсан бөгөөд охиноо хооллохын тулд  олдсон бүх цагийн ажлыг хийж цайны газрын нойл цэвэрлэдэг байсан гэнэ.
Роулинг энэ цаг үеийнхээ тухай “Санхүүгийн хүндрэл, ганцаардал, сэтгэлийн зовлонд шантарч амиа хорлохоор завдаж байсан ч охиныхоо төлөө тэмцэх хэрэгтэй хэмээн ухаарч илүү их хөдөлмөрлөх ёстойгоо ойлгосон” хэмээн өгүүлж байв.
Харри Поттер зохиолынхоо эхний ботийг 1995 онд бэлэн болгож хэвлэх үйлдвэрүүд лүү илгээж эхэлсэн ч бүгдээс нь татгалзсан хариу ирж “Ийм юмыг хэн ч уншихгүй” гэх мэт хатуу үгээр булуулж байв. Түүнээс нийт 12 үйлдвэр татгалзсан бөгөөд 1996 онд 13 дахь үйлдвэрээс зөвшөөрсөн хариу авсан байна. Хэвлэх үйлдвэрээс бага насны хөвгүүд эмэгтэй зохиолчтой ном уншихыг хүсэхгүй байж мэднэ хэмээн түүний нэрийг товчлон Ж.К.Роулинг болгон нийтэлж байв.
Ийнхүү “Харри Поттер ба Философийн чулуу” зохиол 1997 онд анх хэвлэгдсэн бөгөөд гарсан дариудаа амжилттай борлуулагдаж, гурван сарын дотор хоёр дахин их хэвлэгдэв. Эхний амжилтаас урам авсан бүсгүйн сэтгэл санаа болон санхүүгийн байдал ч дээшилж, уран бүтээлдээ бүх цагаа зарцуулах боломжтой болсноор дараагийн зургаан боть бичигджээ.2000 он гэхэд Харри Поттер романы эхний гурван боть дэлхий даяар 30 сая хэвлэгдэж, Роулингд 480 сая ам долларын ашиг авчирч, саятан зохиолч болгож байв.
undefined
2000 оны долоон сард “Харри Потер бат Галт Хундага” дөрөв дэх боть хэвлэгдсэн даруйдаа буюу АНУ-д 48 цагийн дотор гурван сая борлогдсон анхны зохиол болсон юм. Дараагийн тав, зургаа, долдугаар ботиуд бүгд энэхүү амжилтаа эвдсэн бөгөөд 2007 онд хэвлэгдсэн сүүлийн боть “Харри Потер ба Үхлийн шүтээн” зохиол АНУ-д 24 цагийн дотор 8.3 сая хувь борлогдож, Геннисийн дээд амжилт тогтоосон юм. Уншигчид шинэ ботийг олж авахын төлөө номын дэлгүүрийн үүдэнд хонон өнжин дугаарлан зогсож байв.
Роулинг зохиолчоос гадна чамгүй кино продюсер бөгөөд Харри Потер цувралын эхний анги 2001 онд гарсан бол төгсгөлийн анги 2011 онд гарч, дэлхий даяар номоосоо ч олон шүтэн бишрэгчтэй болсон юм. Тэрээр цувралын  сүүлийн гурван ангийг өөрөө продюссерлэсэн бөгөөд эхний ангиудад ч зохиол, найруулгын ажилд оролцож байв. Хамгийн сүүлд тэрээр Харри Потерийн үйл явдлаас гурван зууны тэртээх шидтэний ертөнцийг харуулсан “Гайхамшигт Амьтад” зохиолоо кино болгон гаргасан юм. Цувралын сүүлийн анги “Харри Потер ба Үхлийн шүтээн-2”   1.342 тэрбум ам.долларын ашиг орлогоороо бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээлийн наймдугаарт бичигддэг билээ.  
Forbes сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй, Английн хамгийн нөлөө бүхий эмэгтэй зэргээр нэрлэж байв. Ном, уран сайхны кино ид амжилттай байх үед буюу 2012 онд түүний нийт хөрөнгө 1 тэрбум  ам.доллар давсан бөгөөд 2018 оны байдлаар түүний нийт хөрөнгө 670 сая ам.доллар байгаа аж.
Одоо тэрээр дэлхийн сая сая залууст  хүнд хэцүү байсан ч мөрөөдлөө дагасаар амжилтад хүрэх боломжтойн хамгийн том үлгэр болж, түүний бүтээлүүд бага насны хүүхдүүд гэлтгүй хүн бүрийг энгийн амьдралаас тасран шидтэний ертөнцөд аваачих гүүр болж болж чаджээ. Тэрээр өөрийн амжилтын тухай “Би ердөө бичмээр санагдсан зүйлээ л бичсэн. Миний гол мөрөөдөл бол өөрийн төсөөллийн хамгийн нарийн  хэсгийг ч үгээр илэрхийлэх л байсан. Энэ их алдар нэр мөнгөний тухай төсөөлөө ч үгүй” хэмээн өгүүлсэн байдаг.
undefined
Түүний хэлсэн эшлэлүүдээс
-Саад тотгоргүй явсаар амжилтад хүрнэ гэдэг боломжгүй.  Хэцүү бэрхийг туулж олсон амжилт, алдар хүнд л хамгийн үнэ цэнтэй.
-Биднийг хэн болохыг бидний хийсэн сонголт л тодорхойлно. Өөр юу ч биш
-Өөрийнхөө мэдрэмжид итгэж, мөн шантралгүй урагш тэмүүлэх нь түүний амжилтын үндэс
-Хэн ч байлаа гэсэн өөрийн хүсэл мөрөөдлөө дагаад тууштай зүтгэх л юм бол амжилт өөд нэг алхам ойртлоо л гэсэн үг. Хамгийн чухал нь мөрөөдөл... Гэхдээ өмнө нь хэн байснаа хэзээ ч бүү мартаарай
-Хүн бүр бусдад өөртөө итгэ гэж хэлдэг боловч зөвхөн өөрийнхөө дотор байх авьяасыг харалгүй өнгөрөөх нь байдаг.
Эх сурвалж: Biography.com, Wikipedia
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн