Open iToim app
Нам, хөдөлгөөн | 3 мин уншина

Ц.Нямдорж: Бүх зүйлийг шүүхээр оруулдгаас болж  шүүгч нар нь бүхний толгой дээр гарчихсан

Ц.Нямдорж: Бүх зүйлийг шүүхээр оруулдгаас болж  шүүгч нар нь бүхний толгой дээр гарчихсан
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 10
Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ баталсан. Энэ хуулийн төсөл баталсантай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд тодруулга өглөө.
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталлаа. Зарчмын ямар өөрчлөлт орсон бэ?
-Уг нь 2005 онд Үндсэн хуулийн цэц Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гээд дүгнэлт гаргасан. Тэр нь хүчинтэй байгаа. Энэ бол Үндсэн хуультайгаа ижил баримт бичиг. Ийм Цэцийн шийдвэр байсаар байхад Захиргааны шүүх хууль зөрчөөд байгаа учраас Засгийн газраас санал оруулж, УИХ дээр хэлэлцэх үед бага зэрэг хумьж, баталлаа. УИХ-ын тогтоол, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэсэн томьёоллоор батлагдсан. Бусад маргаантай асуудлыг Захиргааны шүүх хянадгаараа л хянана ш дээ. Зарим нь улстөржүүлээд л байгаа  юм. Үндсэн хуулийн шийдвэрийг дээд шүүх, бусад шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүх, хуулийн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хуулиа барьж ажиллахгүй байгаагаас УИХ ийм хууль баталж байна. Иргэдийн шүүхэд маргаан үүсгэх эрх нээлттэй.
Үндсэн хуулийн арам гэж зүйл бий. Үүний чинь ард түмний сонгох, сонгогдох эрх, төлөөлөх эрх гэж байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ өөрөө гаргана. Байгуулсан Засгийн газар нь хууль зөрчсөн шийдвэр гаргавал Засгийн газар өөрөө шийдвэрээ хүчингүй болгох, эсвэл УИХ шийдвэрийг нь хүчингүй болгоно гээд Үндсэн хуульд бүх юмыг чинь заагаад өгсөн.  
-Та Монголд шүүх гэж алга гэж хэлсэн. Хууль зүйн сайдын хувьд ингэж хэлэх нь хэр зүйтэй вэ. Энэ шүүхийг шударга байлгах нь таны ажил биш юм уу?
-Би шүүхийг шүүмжилж байгаа нь үнэн. Шүүмжлэх юмыг өөрсдөө хийж байгаа шүү. Шүүх хуулийн байгууллага өөрсдөө нэр төртэй байж, хууль бус юм хийхээ зогсоох хэрэгтэй. Шүүгчийг би томилдоггүй, Ерөнхийлөгч томилдог. Бүх насаар нь томилчихдог. Хууль зүйн сайдын хувьд дотоод асуудалд нь оролцох ямар ч бололцоо байдаггүй. Би гар хүрдэггүй газар.
-Гэхдээ Чимгээ, Содномдаржаа нарыг шүүхгүйгээр сулла гэж ярьж болох юм уу?
-Хууль бус юм хийгээд байгаа юм чинь тэгж ярихаас яах вэ. Би Чимгээ, Содномдаржаа нарын талаар ярьж эхлээгүй бол энэ асуудлыг хэн ч ярихгүй байсан. Би шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад хуулийн байгууллагын таньдаг хүмүүстээ энэ асуудлыг ярьж, тавьж байсан. Мэргэжлийн хувьд худлаа шүү гэж ярьж байсан. Хэн ч үг аваагүй. Хоёрт, хуулийн байгууллагын нэр хүнд унана гээд  би чимээгүй байгаад байх юм уу. Хэлсээр гүтгүүлсэн хүмүүс тэгээд цаазлуулах уу. Хэний буруу вэ. ТЕГ-ын нэр хүнд уналаа л гэнэ. Нарийндаа бол байгууллагын нэр хүнд унаснаас нээх их хохирдоггүй юм. Харин ганц амьдрах насанд хүний амьдрал ингэж хохирч болохгүй. Байгууллагыг дараагийн дарга нь сайн удирдаад явбал нэр хүнд нь босоод л ирнэ. Ер нь шүүмжлэлээс хол байя гэвэл хуулийнхан ажлаа зөв хийх хэрэгтэй. Прокурорын байгууллага хяналтаа зөв тавьсан бол ийм зүйл гарахгүй байх байсан. Хууль биелүүлэхгүй бол хуульчдын тухай хуулийн байгууллагын тухай би ярих л болно.
-Захиргааны хуульд өөрчлөл оруулах нь нэг удаагийн шинжтэй байна гэж шүүмжилж байна л даа?
-Нэг удаагийн шинжтэй биш. Цаашдаа Үндсэн хуулийн байх уу, үгүй юү гэдэг асуудал зөндөө яригдана. Үндсэн хуульд хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ эсвэл Засгийн газар өөрөө хүчингүй болгоно гээд биччихсэн. Хэт туйлшрах өвчин гэж байдаг. Тэр манайд бий болчихоод байна. Бүх зүйлийг шүүхээр оруулдаг, тэгээд явсаар байгаад шүүх, шүүгч нь бүхний толгой дээр гардаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн