Монгол Улсын дархан хилээ жилийн дөрдөн улирал ээлжлэн манаж, ард түмнийхээ амар амгалан байдлыг хамгаалан яваа хүндэт Хилийн цэргийн анги нэгтгэлийн нэг бол Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0166-р анги юм.
Тус анги шинэ залуу боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч байгаа бөгөөд тэдний дундаас нэгэн залуу гэр бүл "мэндэлжээ". Бид Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0166 ангийн дэд ахлагч, агрономич Н.Мөнхбаяр, Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны офицер, дэслэгч Б.Нармандах нарыг онцолж байна. Тэд хоёул 23 настай, цэргийн ангидаа ирээд нэг жил болж байгаа юм.
-Анх хэзээ цэргийн анги дээрээ ирж байв. Мөн яагаад цэргийн амьдрал, тэр дундаа хилийн цэргийг сонгохоор болсон бэ. Багаасаа хүсч мөрөөддөг байсан уу?
-Б.Нармандах / Б.Н /: Багадаа олон зүйлийг хүсч мөрөөддөг хүүхэд байсан. Харин 15 настайдаа зуныхаа амралтаар ахынхаа дэлгүүрт ажиллахаар хилийн цэргийн 0306-р анги, одоогийн Мэнэнгийн отрядад очиж байлаа. Тухайн үед цэргийн амьдрал, цэрэг хүний талаар сайн мэдэхгүй байсан. Ингээд л анх очсон цагаасаа хувцаснаас эхлүүлээд тэдний амьдрал, ахуй, дүрэм журмыг хажуунаас шохоорхон харж дурласан даа. Үүнээс хойш ерөнхийдөө цэрэг хүн болох тухай бодож, өдийг хүртэл зорьж явсаар одоо ингээд зорилгодоо хүрсэндээ их баяртай явдаг.
Би МУБИС-ийг сэтгэл судлалын ангийг 2021 онд төгссөн. Шууд л төгсөнгүүтээ өөрийн хүсэл, зорилгоор 2021 оны аравдугаар сарын 15-нд цэргийн ангидаа ирсэн. Одоо ангидаа ирээд бараг жил болох гэж байна.
Н.Мөнхбаяр / Н.М /: Би хугацаат цэргийн албаа Увс аймгийн хилийн цэргийн 0245-р ангид хааж, гэрээт албаа Дорноговь аймгийн 0129-р ангид хоёр жил хаасан. Үүний дараахан энэ ангидаа 2021 оны наймдугаар сард ахлагчийн албан тушаалд томилогдож, ажиллахаар ирсэн дээ.
Багадаа цэргийн хүн болно гэсэн хүсэл, зорилго надад байгаагүй. Харин хугацаат цэргийн албаа хаасны дараа энэ амьдралд дасч, сайхныг нь мэдэрч цааш үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн. Хилийн цэргийн 0166-р ангидаа ирээд бас жил орчим болох гэж байна. Эх орныхоо дархан хилийг манаж зогсоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй бахархалтай явдал. Манай анги нэгдэл, застав маш арвин сайхан үүх түүхтэй. Тодруулбал, 89 жилийн түүхтэй, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн 0166 дугаар анги Овоотын отряд гэж явдаг. Манай отряд нь Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст , Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сум зэрэг нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг. Ийм хүндэт газар ирж ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг байдаг.
-Та хоёр анх хэзээ, яаж танилцаж байв?
-Н.М: Бид хоёр анх сургалтын төвд танилцсан. Ажил албаа гүйцэтгээд явж байхад хотоос шинэхэн сэтгэл зүйч бүсгүй ирсэн гэж дуулсан. Тэгээд л анх сургалтын төвд харснаас хойш бага багаар танилцаж, дотноссон доо.
-Анх найз бүсгүйгээ хэрхэн гуйж, үерхэх санал тавьж байсан бэ?
-Н.М: Манай найз бүсгүй ичимхий төрлийн хүн. Тэгээд л дуудахаар ерөөсөө гарч ирдэггүй. Энэ хавиараа чихэр, жимс дөхүүлж, зөөж явсаар уулзана, найрна. Би найз бүсгүйгээ 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр цэргийн тангараг өргөх ёслолын үеэр соёлын төвийн тайзнаа нийт захирагч, дарга нар болон жагсаалын өмнө гарч биечлэн бөгж өгч “Надтай үерхэж болох уу, би чамд хайртай болсон” гэж хэлээд гуйж, зөвшөөрүүлсэн. Тухайн үед манай хүн энэ талаар ерөөсөө мэдээгүй, бид хэд энэ бүгдийг зохион байгуулж бэлтгэлээ базаасан байсан.
-Тухайн үед танд юу мэдрэгдэж байв?
Б.Н: Амьдралдаа анх удаа танихгүй олон хүмүүсийн өмнө эрэгтэй хүнээр гуйлгаж үзсэн. Их сандарч, гайхсан. Анх өөрийнхөө нэрээ сонсоод бараг л шоконд орсон. Тайзны голд тэгж зогсоход үнэхээр сандардаг юм билээ.
Бид хоёрыг үерхэж эхэлснээс хойш хилийн цэргийн ангийн удирдлагуудын зүгээс олон асуудлыг шийдэж өгсөн. Жишээлбэл, тухайн үед манай хүн заставын харуулын даргаар надаас хол байрлаж, ажилладаг байсан бол үндсэн ангид үндсэн мэргэжлээр нь надтай ойр байлгахаар томилсон. Мөн анги удирдлагаас тусдаа байранд оруулж өгсөн. Энэ дашрамд хилийн цэргийн 0166-р ангийн удирдлагууддаа бүгдэд нь баярлалаа гэдгийг хэлмээр байна. Хилчдийнхээ ар гэрийн амьдрал, нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд анхаарч шийдвэрлэж өгнө гэдэг бидний хувьд их том зүйл юм.
-Их сургуулиа төгсөх үед амьдралаа хэрхэн төлөвлөж байсан бэ?
-Б.Н: Анх надад ерөөсөө ийм бодол, төлөвлөгөө байгаагүй. Их сургуулиа төгсөх үедээ ойрын таван жилдээ өөр хүнтэй холбоо тогтоохгүй, хүүхэдтэй болохгүй. Зөвхөн ажил албандаа анхаарна гэж төлөвлөж байсан. Харин хүний амьдрал гэдэг үнэхээр цаанаасаа л төлөвлөхөд бэрх зүйл юм билээ. Амьдралд юу эс тохиолдохыг та, би ч мэдэхгүй. Төлөвлөсөн амьдрал төлөвлөснөөр болдоггүй юм билээ. Хүн давахгүй гэсэн даваагаар гурав давна гэдэг шиг л зүйл болсон доо. Гэхдээ одоо ингээд бодоход ер нь хүний амьдралд зөв хүн гэдэг аль ч цаг хугацаа, аль ч өрнөлд гарч ирдэг бөгөөд энэ нь хамгийн хурдан болоод явчихдаг зүйл. Зөв хүнтэйгээ нэгэнт учирсан бол бүхий л зүйл дороо болчихдог юм байна гэдгийг мэдэрсэн.
-Цэргийн амьдрал хэр санагдаж байна?
Б.Н: Хүүхэд байхдаа гадна талаас нь харж, сайхныг мэддэг бол одоо дотор талаас нь бүр илүү мэдэж авч чадаж байна. Ямар их хариуцлагатай, дүрэм журмыг сахисан хүмүүс вэ гэдгийг анх ирсэн өдрөөсөө мэдэрсэн.
-Та хоёр маань хэр болзож, гадуур цаг завыг өнгөрүүлж амждаг вэ?
-Б.Н: Ихэнхдээ гэртээ хамтдаа байж цагийг өнгөрүүлдэг. Зарим тохиолдолд би бичиг цаасны ажилдаа дарагдахад, манай хүн ирж тусалдаг. Олны хөл ихтэй газар дургүй болохоор ч тэр үү гэртээ хамтдаа байхыг илүүд үздэг.
-Цаашдаа ямар зорилго зорилттой байна?
Н.М: Эх орныхоо төлөө үргэлжлүүлэн албаа нэр төртэй хаах болно. Мэдээж өнөр өтгөн гэр бүлтэй болж, хамтдаа амьдралын төлөө аз жаргалтайгаар зүтгэх болно.