Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын Цогтцэций өртөө орчимд хопер вагон унаж, осолджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 27-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Цогтцэций өртөө орчимд хопер вагон сэлгээ хийх явцдаа унаж осолдсон байна. Ослын газар дээр цагдаа болон бусад холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Вагоныг босгохоор Улаанбаатар хотоос "УБТЗ" ХНН-ийн сэргээн босгох галт тэрэг хөдөлжээ. Одоогийн байдлаар вагон унасан шалтгаан тодорхойгүй байгаа юм. Хопер вагон нь үйрмэг ачааг тээвэрлэхэд зориулагдсан байдаг. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан уг асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "Гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана" гэлээ. Харин Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн “Тухайн явдалтай холбоотойгоор УБТЗ ХНН-ээс яаралтай арга хэмжээ авч, газар дээр нь сэргээн засварлахаар ажиллаж байгаа. Хүнд хохирол үүсээгүй. Шалтгаан нөхцлийг одоогийн байдлаар шууд хэлэх боломжгүй байна. Яаралтай арга хэмжээ авч байгаа учраас удахгүй тодорхой болно” гэв.Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК хамтарсан ажлын хэсэг болон холбогдох албаныхан гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.