Улсын онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан их, дээд сургууль, сургалтын төвийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Энэ нь “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-өөс их, сургуулиудаар явж цус цуглуулах төлөвлөгөөт хуваарийг цуцлагдахад хүргэснээр цусны нөөц ердийн үеэс 50 орчим хувиар буурах магадлалтай байгаа аж. Тиймээс бид “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-өөс нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар зорьсон юм. Ингээд тус төвийн Чанарын албаны дарга Т.Алимаатай ярилцлаа.
-Коронавирусийн дэгдэлт болохоос урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, оюутан, сурагчдыг амраасан. Ингэснээр цус цуглуулах ажлууд цуцлагдаж байгаа байх. Ер нь донор оюунууд цусны хангамжийн хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт болон коронавирусийн болзошгүй эрсдэлээс сэргийлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосноор манай цусны хангамж 50 орчим хувиар багах төлөвтэй байна. Ер нь оюутнууд маань манай цусны хангамжийн гол баазад тооцоогддог. Гэхдээ одоогийн байдлаар бүх эмнэлгийн байгууллага болон манай төвийн цусны нөөц хангалттай хэмжээнд байгаа. Хэдий гол бааз маань амарсан ч, бид цусаа цуглуулах гурван хэлбэрийнхээ дагуу ажилласаар байгаа. Нэгд, Улаанбаатар хотод ажиллаж буй гурван суурин цэгээрээ дамжуулж сайн дурын идэвхтнүүдээсээ цус, цусан бүтээгдэхүүнээ цуглуулж байна. Хоёрт, манай явуулын баг албан газруудаар явж цус цуглуулж байгаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад байгууллагууд манай явуулын багийг хүлээж авахгүй байх хандлага гаргаж байна. Тэдний ингэх болсон шалтгаан нь олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй учраас гэж байгаа юм. Тиймээс байгууллагууддаа анхааруулж хэлэхэд цус цуглуулах ажил бол олон нийтийг хамарсан арга хэмжээ биш бөгөөд иргэн, ААН-ийн үүрэг гэдгийг ойлгохыг зөвлөж байна. Хэдийгээр томуу, томуу төст өвчний үед цусны хэрэгцээ шаардлага гарахгүй боловч, эрүүл мэндийн бүх хэвшлийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш тусламж үйлчилгээ үзүүлсэн хэвээрээ байгаа. Төлөвлөгөөт хагалгаа хийгдэж, гэмтлийн тусламж үйлчилгээ явагдаж л байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд манай явуулын багийг хүлээж авч, дэмжин ажиллахыг уриалж, хүсч байна. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт 12 гаруй хувьтай байгаа нь аливаа өвчин эмгэг тусаагүй хүмүүс олон байгаа гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотод бүртгэлтэй 12 мянга гаруй донор, оюутнууд эрүүл мэндийн байдал болон ажлынхаа зав чөлөөг тохируулж байгаад ажлын таван өдөрт цус цуглуулах төвүүдэд ирж цусаа бэлэглэхийг уриалж байна.
-Коронавирусээс өөрийгөө хамгаалж, дарангуйлахын тулд дархлаагаа дэмжих ёстой гэж зөвлөж байгаа байгаа шүү дээ. Ингэхээр цусаа өгчих юм бол дархлаа муудах юм биш биз гэсэн хандлага нийгэмд байна л даа?
-Тийм зүйл байхгүй ээ. Бид олон улсын судалгаа шинжилгээгээр нотлогдсон журмаар буюу тухайн хүний эрүүл мэнд, дархлаанд нөлөөлөхүйц стандарт хэмжээгээр цус авдаг учраас цусаа өгч буй хүн эрүүл л байх юм бол дархлаа сулрах нөхцөл үүсэхгүй. Харин ч цусаа өгснөөрөө илүү давуу талтай. Учир нь цус хурдан төлжиж, бодисын солилцоо сайжирч залуужна. Томуу, томуу төст өвчин, коронавирус гэх өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд энгийн аргуудаа л тогтмол мөрдлөг болговол айх аюулгүй. Иргэддээ анхааруулж хэлэхэд бид хавьтлын замаар халдвар авахгүй байхын тулд гарын ариун цэврийг бохирдсон тохиолдол болгонд савандаж угаах ёстой. Мөн энэ үед дэгдээд байгаа өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас маскийг зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв хэрэглэх гэдэг нь олон нийтийн газар явахдаа маск зүүхдээ хамар, амаа заавал далдалсан байх бөгөөд маскны дотор тал нь уур, шингэнийг шингээж байх зориулалттай, харин гадна тал нь тодорхой цагийн хугацаанд бохирддог учир хаяхдаа дотор талаас нь бариад хаях хэрэгтэй. Гадна талаас нь огт барьж болохгүй. Мөн бид дархлаагаа сайжруулахын тулд дулаан хувцаслаж, халуун хоол, цай ууж, шаардлагатай бол нэмэлтээр витамин уух хэрэгтэй.
-Ер нь цусны нөөцийг бүрдүүлэхэд иргэн, ААН байгууллагууд ямар үүрэг хүлээдэг вэ?
-Манай цусны алба эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй хэмжээгээр, чанар аюулгүй байдлын өндөр төвшинд ханган нийлүүлэх үүрэгтэй байгууллага. Ингэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч цусан бүтээгдэхүүнээ бэлддэг. Тийм ч учраас салбар дундын хамтын ажиллагаа хамгийн чухал. Үүргийн тухайд манай улс “Донорын тухай” хуулиар хуульчилсан байдаг. Цус, цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хариуцах үүрэг нь эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа цусны албаны үүрэг. Харин хүрэлцээтэй хэмжээний нөөцийг бүрдүүлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, ААН-үүд оролцох ёстой байдаг бөгөөд албан тушаалтнууд энэхүү үйл ажиллагааг дэмжиж, ажиллах үүрэгтэй.
-Ер нь аймгууд хэрхэн цус, цусан бүтээгдэхүүнээ хангадаг юм бэ?
-Манай төвтэй адил төвүүд 21 аймаг бүрт бий. Ийм төв аймаг бүрт байснаар доноруудыг идэвхжүүлж, орон нутгийнхаа хэрэгцээг хангах үүргийг хүлээж байдаг.

Ингээд тус төвд үйлчлүүлэхээр ирсэн донор ямар дарааллаар хэрхэн үйлчлүүлдэг болохыг сонирхсон юм. Юун түрүүнд цусаа өгч болох эсэхийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийн картыг бөглөөд эмчийн үзлэгт орно. Эмч үзлэгээр халуун, даралтыг үзэхээс гадна ярилцлагаар цусны донор болох боломжтой эсэхийг тодорхойлдог байна. Хэрэв тухайн иргэн цусаа өгөх боломжгүй байвал түр, бүр гэсэн хоёр ангиллаар цус авдаггүй. Бүр гэдэг нь хэрэв элэгний B, C вирустэй байвал донор болох ямар ч боломжгүй учраас дахин цус авах боломжгүйг хэлдэг байна. Харин түр гэдэг нь ханиадтай, зургаан цагаас дээш хугацаанд унтаагүй байх юм бол ханиадаа эдгээж, унтаж, амраад ирэхийг зөвлөдөг аж. Дараа нь цусны бүлэг болон цус багадалтаа тодорхойлуулаад халуун цай ууж амарсныхаа дараа цусаа өгнө. Ингэхдээ нэг хүнээс 250-400 граммыг авдаг байна. Ингээд иргэдээс авсан цусыг чанарын өндөр түвшинд хадгалж байгаад цахимаар цус захиалсан эмнэлгүүдэд өгөх цус олгох хэсэг нь 24 цагийн турш ажилладаг юм байна. Уг төв өнгөрсөн онд 26 мянган донороос цус цуглуулсан бөгөөд өдөрт дунджаар 80-100 хүн цус авсан байвал ердийн үеийн цусны хэрэгцээгээ бүрэн хангалаа хэмээн үздэг гэнэ.

Онцгой байдал зарласан эдгээр өдрүүдэд иргэний үүргээ биелүүлж цусаа өгөх гэж буй иргэн та дараах зүйлд анхаараарай.
-45 килограммаас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггүй, аль ч бүлгийн цустай эрүүл байх юм бол донор болж болно.
Дараах тохиолдолд донор болохыг хориглоно
-Сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн бол
-Зүрх, бөөр, уушги, элэг, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Арааг архичин, мансууруулах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус, цусны эргэлтийн эмгэгтэй
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол цус өгөхийг хориглоно.
Цус өгөхийн өмнө юуг анхаарах вэ
-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэврийг сахих
-Өөх тостой хоол, сүү, сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглээгүй байх
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн уух
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс буюу талх, өндөг, цагаан будаа хэрэглэх хэрэгтэй юм байна.
Сэтгэл зүйг бэлдэж чадаагүй, ядарсан байснаас болоод ухаан алдаж унадаг. Гэхдээ энэ нь дахиж цус өгөхгүй шалтгаан биш юм.
Цусаа өгсний дараа дараах зүйлийг хийж болохгүй
-Цус өгсөн өдрөө фитнесс, саунаар үйлчлүүлэхгүй
-Халуун, дулаан шингэн зүйл сайн уух
-Өмнө цус өгөхдөө хэрэгжүүлж байсан зүйлсийг мөрдөх
-Эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй гурав, эмэгтэй гурван сарын дараа дахин цусаа өгнө. Мөн хүсвэл цусны бусад бүтээгдэхүүн болох сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүн өгч болдог байна.