Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас чулуун болон хүрэл зэвсгийн үеийн нийт 700 гаруй үнэт өвүүд олдсон байна.
Өнгөрөгч оны хавар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдээс “Соёлын үнэт өв байж болох олдворууд байна” гэсэн мэдээллийг ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр мэргэжлийн судалгааны баг байгуулан Цагаан-Овоо сумын нутагт ажилласан байна.
Тэгвэл өнөөдөр тус судалгааны багийнхан Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх соёлын өндөр ач холбогдолтой томоохон дурсгалт, өвийг олсон талаар танилцуулав. Судалгааны үр дүнд чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг нийт 700 гаруй олдворыг олж илрүүлжээ. Энэ нь тухайн нутагт дэвсгэрт хүмүүс амьдарч, аж ахуйгаа эрхлэн, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэнтэй өргөн харилцаатай байсныг нотлон харуулав гэж судлаачид онцлов. Олдворуудыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, аймгийн музейн сан хөмрөгт хадгалахаар болжээ.
Тухайн мэдээллийг өгсөн долоон иргэнийг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулсан бөгөөд энэ нь иргэд түүх соёлоо хайрлаж, хамгаалах, соёлын өв, орон нутгийн сан ахмрөгт хадаглуулах сэдэл, урам болж өглөө” хэмээн судалгааны багийн гишүүн Соёлын өвийн үндэсний төвийн доктор Г.Анхсанаа дүгнэн хэллээ.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ