Гайти тэргүүтэй Африк тивийн орнуудыг “Бохир заваан” улсууд гэж дэлхий нийтэд зарласан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг Африк тивээс Давосын чуулгад оролцож буй төлөөлөгчид хоёр янзаар хүлээн авчээ. Нэг хэсэг нь түүнийг дэлхий нийтийн асуудлыг хэлэлцэх чадваргүй, улс төр байтугай хувийн соёлгүй хүн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь түүнийг үнэнийг хэлсэн гэж өмөөрч байна.
Тухайлбал, Өмнөд Африкийн Бизнесийн Удирдлагын холбооны захирал Бонанг Мохал “Бид түүнийг албан ёсоор уучлалт гуйтал эсэргүүцсэн хэвээр байх болно. Дэлхийн хамгийн том гүрний удирдагч өөрөө арьс өнгөөр ялгаварлагч байж таарахгүй” хэмээн уулзалтын нээлтийн үеэр хэлсэн юм.
Тэгвэл Угандагийн Ерөнхийлөгч Ёши Мусевени өөр үзэл бодолтой байгаа бөгөөд “Африкийн улсууд өөрсдийгөө дэмий өмөөрч байна. Энэ хэвээр үргэлжилсээр л байвал бид хамгийн ард байсаар л байх болно. Трамп үнэнийг л хэлсэн. Мэдээж би түүний үгийн сонголт буруу байсан гэдгийг ойлгож байна. АНУ бол дэлхийн хамгийн шилдэг ерөнхийлөгчтэй улс” гэж хэлсэн байна
Чуулганы үеэр Трамп Паул Гадамтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Трампын “бохир заваан” гэж хэлсний дараах Африкийн орны төлөөлөгчтэй хийж байгаа анхны уулзалт болох аж. Уулзалтаар ямар асуудал хэлэлцэх талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Мөн Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнагагва, Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч Кирил Рамафос нар Давост улс орноо төлөөлөн оролцож байгаа ч Трамптай уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ийнхүү Давосын чуулгын хүрээнд хамгийн сонирхолтой асуудлын нэгээр Африкаас чуулгад оролцохоор ирсэн төлөөлөгчид Трамптай хэрхэн харилцаж буй болоод байна.