Open iToim app
Зочин | 17 мин уншина

Б.Сарантуяа: Монголд 'Мона Лиза' шиг агуу бүтээлүүд бий, харин алдартай болгох маркетинг байгаагүй

Б.Сарантуяа: Монголд 'Мона Лиза' шиг агуу бүтээлүүд бий, харин алдартай болгох маркетинг байгаагүй
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 14
Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. Ярилцлагаа Монголын уран зургийн галерейн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар эхэлье. Хүмүүс төдийлөн уран зургийн галерейгаар шагайгаад байдаггүй шүү дээ?
-Монголын уран зургийн галерей бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харья, сайдын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Манайх анх 1991 онд Дүрслэх урлагийн музей буюу одоогийн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс салбарлаж үүсгэн байгуулагдсан орчин үеийн дүрслэх урлагийн музей. Монголын уран зургийн галерей  28 жилийн түүхэндээ нийт 4.000 гаруй урлагийн бүтээлийн сан хөмрөгтэй болсон. Хосгүй үнэт өвүүдийг үзэсгэлэнгийн танхимдаа байрлуулж ард түмэндээ дэлгэн харуулж, иргэдийн урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа. Бид 2019 оноос шинэ менежментээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Явуулын үзэсгэлэн буюу “Галерей аялж байна”  хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтраад Монголын урлагийг сурталчлан, таниулах үйл ажиллагаа явуулж байна.
-Монголын уран зургийн галерей нь иргэдийн урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулдаг гэлээ. Мэдээж хүмүүс галерейд уран зураг үзэх гэж л орж ирнэ. Тэгвэл урлагаар дамжуулан нийгэмд хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Уран зураг өөрөө маш нарийн мэдрэмж, илэрхийлэмж, тухайн цаг үеийн түүх, нийгмийн өнгө, ард түмний соёл, боловсролыг илтгэн харуулж чаддаг онцгой нэгэн урлагийн төрөл. Хүн аливаа зүйлийг нүд, чихээрээ хамгийн сайн хүлээж авч, ойлгодог. Тиймээс заавал уран зураг гэлтгүй, ер нь зурж, дүрсэлсэн зүйлсээр дамжуулан үгээр болон дуу хөгжмөөр илэрхийлэх боломжгүй зарим мэдрэмж, өнгийг хүлээж авах нь илүү.   
Жишээ нь шог зураач Херлуф Бидструпыг хүн бүр мэднэ. Түүний нийгмийг шүүмжилсэн ёгт зургуудыг хараад бүгд л “ёстой үнэн” гэдэг дээ. Гэтэл урлагийн бүтээлийн ард тухайн уран бүтээлчийн цаг үеийнхээ нийгэм, соёл, хүрээлэн буй орчноос мэдэрсэн илэрхийлэмж оршиж байдаг. Зарим хүмүүс “ганцхан зураас татчихсан байх юм, үүнийг урлагийн бүтээл гэх ямар үндэслэл байгаа юм бэ” гэдэг. Гэвч яг цаанаа бол уран бүтээлч нэгхэн зураас тавих гэж асар удаан хугацаанд бодож, судалгаа хийдэг. Түүнийгээ сэтгэл хөдлөлөөрөө буюу өөрт мэдрэгдсэн өнгө, байдлаар зурдаг. Ингэснээр тухайн уран зурагт уран бүтээлчийн сэтгэл хөдлөлийн энерги үлддэг. Леонардо Да Винчигийн “Мона Лиза” гэх алдарт уран зургийг яагаад урлаг судлаачид өндрөөр үнэлдэг гэхээр тэнд зураачийн асар их энерги шингэсэн байдагтай холбоотой. Яг мэргэжлийн урлаг шүүмжлэгчид нь тэр нэг зураасыг хэдэн өөр хувилбараар задалж, тал талаас нь тайлбарладаг. Үүнтэй адил тухайн үзэгч уран бүтээлчийн мэдэрсэн зүйлийг өөрийнхөөрөө мэдэрч, ойлгодог.
Хүний дотоод мөн чанар гэж байдаг. Энэ нь хүүхэд насанд юм уу, хэзээ нэгэн цагт тогтсон туйлын үнэн, зөвхөн чи юм. Өөрөөр хэлбэл хүн бүрийн дотор хүүхэд шиг ариун, чин шударга, ёс зүйтэй бат бөх ухамсар бий. Харин хүн нас ахихын хэрээр нийгэм, хүрээлэн буй орчны нөлөөллөөр дотоод мөн чанараасаа холдож, жинхэнэ өөрийгөө хуурч эхэлдэг. Дотоод мөн чанар, одоогийн бие хүнээс холдохын хэрээр стресс, үл ойлголцол хувь хүнд бий болдог бөгөөд олон хүний энэ төөрөгдөл нь нийгмийн бухимдал, асуудлыг үүсгэж байдаг. Харин уран зураг хүний тэр дотоод мөн чанарыг нь мэдрэмжээр нь дамжуулан сэрээж өгдөг. Шинжлэх ухааны үүднээс үүнийг “Термодинамикийн хууль”-иар тайлбарлаж болно.  
Нөгөөтээгүүр урлаг, тэр дундаа уран зураг нь тухайн цаг үеийнхээ нийгмийн байдал, өнгийг илэрхийлдэг. Тиймээс галерейд ирээд хүмүүс өнгөрсөн үеийн түүх, аж байдал, сэтгэл зүйг өөрийнхөөрөө тольдох боломжтой. Бид иргэдэд чиглэж үүнийг л хийдэг.   
undefined
-Урлагийн олон алдартнуудыг амьд ахуйд нь хүмүүс огт ойлгоогүй байдаг. Жишээ нь уран зургаас Эдвард Мүнк, Винсент ван Гог гэх мэт. Уран бүтээлүүдээс нь ч ганцаардмал байдал мэдрэгддэг. Гэтэл нас барснаас нь 50, 60 жилийн дараагийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс тухайн үеийн илэрхийлэмжийг нь ойлгон хүлээн авч, алдартай болгосон тохиолдлууд цөөнгүй. Ингээд харахаар өнөөдрийн нийгэмд тулгамддаг нэг том асуудал болох стрессийг уран зургаар дамжуулаад эмчилж болох нээ. Тэгвэл Монголын уран зургийн галерей энэ чиглэлд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?   
-Тийм ээ. Ер нь сүүлийн хэдэн арван жилд өндөр хөгжилтэй орнуудад урлагаар дамжуулан хүнийг эмчлэх гэдэг ойлголт нь бараг шинжлэх ухаан болтлоо хөгжиж байна. Үүнийг “Art Therapy” гэдэг. Нөгөө хүний дотоод мөн чанар нь маш их уй гашуу тохиох, эсвэл баяртай зүйл болох зэрэг үнэхээр онцгой нөхцөлд сэргэдэг л дээ. Тэгээд мөн чанар нь хуурмаг өөрийгөө олж хараад зөрчилдөөн үүсдэг. Хэр зөрчилдөхөөсөө шалтгаалаад сэтгэцийн хувьд тэр хэмжээнд хямарч, өвчилдөг. Харин уран зургаар дамжуулаад түүнийг нь нэг ёсондоо эвлүүлдэг. Сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нар ч энэ аргийг эмчилгээндээ түгээмэл ашигладаг.
Гэтэл мөн чанар зөвхөн онцгой тохиолдолд сэргэдэг гэж байна. Тэгвэл урьдчилан сэргийлэх алхам хэрэгтэй байх нь тодорхой. Жишээ нь, Монголын уран зургийн галерейн хамт олон хөгжимтэй зураг гэдэг арга хэмжээ явуулдаг. Бид хүмүүст зүгээр зураг үзүүлэхийн хажуугаар тухайн уран зурагт тохирсон хөгжмийг сонсгодог юм. Ингэснээр хүн тухайн зургийг илүүтэй ойлгож, өөрийгөө таньдаг. Дараа нь бид тэндээс мэдэрсэн зүйлийг нь өөрсдөөр нь зуруулах, бичүүлэх, яриулах зэргээр илэрхийлүүлдэг. Зарим хүмүүс үнэхээр гайхалтай үр дүн харуулдаг шүү. Жишээ нь нөгөө ганцхан зураасыг хөгжим сонсонгоо харсны дараа өмнө нь огт толгой мөр холбож үзээгүй хүн 30, 40 шат яруу найраг биччихдэг. Ажиглаад байхад зарим хүн анх галерейд нийгэмд эзлэх байр сууриараа их ихэмсэг, харц дээгүүр орж ирдэг. Тэгээд гарахдаа яг байгаагаараа өөрийнхөөрөө гарч явдаг. Өөрөөр хэлбэл, зохиомлоор харц дээгүүр орж ирээд яг байгаагаараа гардаг. Тэгэхээр хүн бүрт дотоод зөрчил гэж байдаг. Гагцхүү их, бага байхаасаа шалтгаалаад янз бүрээр илэрнэ. Уран зургийн нөлөөлөл тэр зөрчилдөөнийг эвлэрүүлдэг.   
-Хөгжимтэй, эсвэл сая таны ярьсан шиг арга хэмжээний хүртээмж ямархуу байдаг вэ. Үнэ төлбөрийн хувьд хэд байдаг бол?
-Монголын уран зургийн галерей өдөр бүр 9-18 цаг хүртэл ажилладаг. Насанд хүрэгчид 2.000, оюутнууд 1.000, хүүхэд 500 төгрөгөөр буюу маш хямдаар манай галерейг үзэж сонирхох боломжтой. Энэ ханш анх байгуулагдсан цагаасаа хойш огт өөрчлөгдөөгүй. Тодорхой арга хэмжээнүүдийн хувьд хуваарийн дагуу явагддаг. Ихэвчлэн албан газрууд хамт олноороо хамрагддаг. Манай хамт олон аль болох зорилтот хэсэгт үйл ажиллагаагаа түлхүү хүргэхийг зорьж байна. Үүний хүрээнд шүүх, цагдаа, хууль, хүчний зэрэг төрийн байгууллагуудтай холбогдоод, хамтраад нөөц бололцоогоороо тохирсон хөтөлбөрүүдээ хүргээд явж байгаа. Барууны өндөр хөгжилтэй орнуудад, жишээ нь АНУ, Япон, Австрали зэрэг улсуудад хүчний байгууллагын албан хаагчдаа ажлаа тараад шууд гэртээ харилгүй 1-2 цаг найз нөхөдтэйгөө уулзах, фитнесээр хичээллэх, урлагийн тоглолт, уран зургийн галерей үзэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохыг зөвлөдөг. Учир нь ийм төрлийн ажил хийж буй хүмүүс тухайн албан үүргээсээ маш их стресс авдаг. Тэрийгээ гэртээ аваад харьж болохгүй шүү дээ. Тиймээс ийм аргаар эерэг болгох замыг бодож олсон байдаг. Манай төрийн байгууллагууд ч үүнд таатай хандаж, ахин өргөн бүрэлдэхүүнтэйгээр бидний арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Ер нь манай улсад асуудал урган гарсны дараагаар засах шийдлийг хайж, урьдчилан сэргийлэх замыг орхигдуулаад байдаг. Манайд алдсан хүмүүсээ тэр чигт нь зөнд нь хаядаг нэг буруу тогтолцоо бий. Чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа хүмүүс тэндээ мартагдаж байхын оронд яагаад бусдад өөрсдийн алдаагаа хэлж, ухамсарлуулж болохгүй гэж. Бие нь торны цаана хоригдсон ч оюун санаа, сэтгэл, мэдрэхүйг хорих боломжгүй шүү дээ. Тиймээс бид ШШГЕГ-тай хамтраад “Галерей аялж байна” хөтөлбөрийнхөө хүрээнд 405-р хаалттай хорих ангид очиж, үзэсгэлэнгээ дэлгэн харуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа явуулсан юм. Тэнд хоригдсон хүмүүс бол огт өөр. Хэнтэй ч юм ярьдаггүй, гэрийнхэн нь, бүр ээж нь ирэхэд хүртэл уулздаггүй хүмүүс олон юм билээ. Тэр хүмүүст “За, би нэгэнт алдаа хийгээд өнгөрсөн хүн. Эндээс хэзээ ч гарахгүй. Тиймээс ойр дотнын хүмүүстээ гай болоод яах вэ” гэдэг бодол зонхилж байгаа нь ажиглагдсан. Харин манай уран зургуудыг үзээд, арга хэмжээнүүдэд хамрагдаад ёстой л сэтгэл нь дэвтэнэ гэдэг шиг янз бүрээр өөрсдийгөө илэрхийлж байсан. Тэр хатуу нөхцөлийг ойлгодог, тэнд ажилладаг шоронгийн удирдлага, албан хаагч нар хүртэл үүнийг хараад бүр гайхаж, сэтгэл нь хөдлөөд дагаад нулимс унагаж байсан. Жишээ нь, эхийн хайрын тухай нэг зураг үзүүлээд, хөгжим сонсгоход нэг хоригдол “Энэ хорвоо дээр ээжээс өөр үнэн юм гэж байдаггүй юм байна. Ээжийгээ л хайрлаарай. Эцсийн эцэст чиний эхнэр, хүүхэд, найз нөхөд бус, ээж л чамд үнэнч үлддэг юм байна шүү” гээд мэлмэртлээ уйлж бүр ээжийн тухай дуу аялж байсан. Тэр хүн олон жил хэнтэй ч, нэг ч үг дуугараагүй гэж байсан. Олон жил хүнтэй ярихгүй байхаар хоолойнх нь өнгө хүртэл өөрчлөгдөөд, сөөнгөтчихсөн байдаг юм билээ. Бас нэг хоригдол гэр бүл гэдэг зургийг “сонсож” үзээд ямар нандин чухал байсныг ойлгож байх жишээтэй. Эрх чөлөөтэй хүн бол тэр зургийг харж, сонсоод өөрийн хэмжээнд ойлгох ч, эрх чөлөөгөө хасуулсан хүн шиг нарийн мэдрэх эсэх нь эргэлзээтэй. Энгийн хүн бол “аан, энэ гэр бүлийн тухай зураг байна” л гэх байх. Гэтэл яагаад аав нь ээжийнх нь араар нуугдчихсан юм бол, ээжийнх нь тэр нүүрний хувирал юуг илтгэж байна, хүүхэд нь тийм баяр баясалгүй байгаа юм байхдаа гэдгийг тогтож харах сөхөөгүй байдаг. Магадгүй гадаад улсад ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж буй хүн гэр бүлээсээ хол байгаа хүн бол яг тэрийг олж харна. Тэгэхээр уран зураг маань онцгой сэтгэлийн хөдлөлийг гаргаж ирдэг гэдэг нь энэ юм.
Манай хамт олон иймэрхүү ажлуудыг хийхдээ сэтгэл өндөр, ёстой л хэрэгтэй зүйлээ хийлээ гэж боддог. Одоо үүнийгээ баримтат кино болгоод бусдад ойлгуулахыг зорьж байна. Энэ маань нэг талдаа бас судалгааны ажил. Дэлхийн өөр оронд үүнийг огт хийж байгаагүй юм билээ. Тиймээс энэ туршлагаа олон улсад хуваалцахыг давхар зорьж байна.           
undefined
-Монгол уран зургийн галерейд аравдугаар сарын турш “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн дэлгэгджээ. Жил бүр зохион байгуулагддаг энэ чухал арга хэмжээ энэ удаад их онцлогтой болж байгаа харагдлаа. Та энэ үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?  
-Тийм ээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаг “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн маань энэ удаад урьд жилүүдийнхийг бодвол маш их онцлогтой. Энэ жилийн хувьд Монголын 135 уран бүтээлчийн 177 шилдэг уран бүтээлүүд өрсөлдсөнөөс эхний шатнаас 52 нь хасагдаж, одоогоор шилдэг 125 бүтээлүүд манай үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдээд байна. Энэ үзэсгэлэн маань өмнөх жилүүдэд зөвхөн мэргэжлийн болон тодорхой хүрээнд даруухан болоод өнгөрдөг байсан. Харин энэ жилийн хувьд арга хэмжээг нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.   Уран бүтээлчдийн хувьд “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнд оролцоно гэдэг бол нэг талаараа нэр төрийн хэрэг юм. “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг тодруулж төр худалдан авч, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт нэмдэг. Энэ бол уран бүтээлч хүний хувьд өөрийн бүтээлээ ариун сүм болсон галерейдаа мөнхөлж, дархлуулж буй туйлын нэр хүндийн хэрэг байдаг.
Шилдэг бүтээлүүд нь манай сан хөмрөгт үүрд хадгалагддаг. Мэдээж нэгд төр уран бүтээлчийн шилдэг оюуны бүтээлийг үнэлж, нэг талаараа хүндлэл үзүүлж байгаа хэрэг. Гэхдээ үүний хамгийн чухал ач холбогдол нь он оны шилдэг уран бүтээлүүд нь Монгол Улсын тухайн үеийн нийгмээ илтгэн харуулсан тус тусдаа нэг түүхийн баримт, хуудас болж ирээдүйн үнэт өв болоод явж байна гэсэн үг. Тиймээс хожмын иргэд маань эдгээрийг үзээд бидний аж амьдралын тухай өөрсдийнхөөрөө танин мэдэх ач холбогдолтой юм.  
 Манай байгууллага төрийн статустай гэдэг утгаараа гадаад ертөнцөд Монголын уран зургийг төлөөлөх нь гарцаагүй. Үүнийхээ хүрээнд гаднын улсуудын Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улсуудад арга хэмжээ зохион байгуулж эх орноо болон дотоодын уран бүтээлчдээ сурталчлах ёстой. Мөн уран бүтээлчид амьдралаа залгуулахын тулд орлоготой байх ёстой. Гэтэл ний нуугүй ярихад өнөөдөр манайд уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмж их доогуур байдаг. Тиймээс энэ жилийн хувьд Улаанбаатар дахь гаднын улсуудын Элчин сайдууд, гадаад, дотоодын уран зураг цуглуулагчид, мэргэжилтнүүдийг олноор урьж үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүдээс дуудлага худалдаагаар худалдан авах боломж олгож байгаа.
Үүнийхээ хүрээнд үзэсгэлэнд оролцож буй бүх бүтээлүүд, уран бүтээлчдийн танилцуулгыг каталог болгоод уригдсан зочдод танилцуулсан. Тэгэхээр цуглуулагчид эртнээс өөрийн худалдан авахыг хүссэн бүтээлээ төлөвлөчихнө гэсэн үг. Тэгэхээр бас заавал дуудлага худалдаа гэлтгүй тухайн бүтээлийг худалдан авахыг хүссэн хүнийг хувь уран бүтээлчтэй нь танилцуулж, хоорондоо худалдан авах тохиролцоо хийхэд нь жуулчлагч болж ажиллана гэсэн үг юм.
Мөн энэ удаагийн үзэсгэлэнг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутнуудад сургууль, күрс, ангиар нь ээлжлэн үзүүлж байгаа. Хамгийн гол нь яг СУИС зэрэг мэргэжлийн урлагаар суралцаж буй оюутнуудын дунд үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлүүд дээр шүүмж бичих уралдаан явуулж байгаа. Нэг талдаа мэргэжлийн оюутнуудыг арга хэмжээндээ хамруулж байгаа хэрэг ч нөгөө талаараа уран бүтээлчдийн хувьд өөрийнх нь бүтээлийг хэн нэгэн шүүмжлэнэ гэдэг бол маш сайхан хэрэг байдаг. Учир нь тухайн уран бүтээлчийн харж, мэдэрсэн өнцгийг өөр хүн тайлбарлана гэдэг ямар ч зураач, барималчийн хувьд цаашид хөгжиж дэвших, өөрийгөө таниулахад нь үнэ цэнэтэй, чухал зүйл юм.  
Харин иргэдэд чиглэж юуг хийх ёстой вэ. Жилд дунджаар 20.000 хүн Монголын уран зургийн галерейг ирж сонирхдог. Энэ бол өссөн үзүүлэлт боловч харьцангуй бага тоо. Нэг талдаа энэ нь урлагийг хүлээн авч ойлгодог нийгмийн хэсэг бага байна гэдгийг харуулах байх. Гэхдээ нөгөө талдаа манай үйл ажиллагаа хүртээмжтэй биш байгааг харуулж байгаа хэрэг. Ихэнх хүмүүс ажлаа тараад уран зураг үзье гэхэд манайх орой 18:00 цагаас хаачихдаг. Тиймээс энэ удаагийн “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнгийн хүрээнд бидний санаачилсан “Намрын үдшийн галерей” хөтөлбөрийн дагуу аравдугаар сарын 25-27 өдрүүдэд галерейн үүд хаалга маань шөнийн 23:00 цаг хүртэл нээлттэй байна. Энд бидний хэрэгжүүлдэг олон арга хэмжээнд иргэд хамрагдах боломжтой. Намрын үдшийн галерей маань баасан, бямба, ням гаригт болох учир иргэд маань гэр бүл, найз нөхөд, хамт олноороо  өргөнөөр ирж өөртөө цаг зарцуулаарай. Ингэхээр зарим хүмүүс би угаасаа урлаг ойлгодоггүй гэдэг. Үгүй, та эхлээд ирээд, мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулаад үз. Хүн бүрд урлаг ойлгох мэдрэмж байдаг. Харин түүнд зарцуулах цаг, зав л гэж байдаггүй.  
-Шилдэг уран бүтээлийг ямар шалгуураар сонгодог вэ. Шилдэг уран бүтээлийг төрөөс хэдэн төгрөгөөр үнэлэн худалдан авдаг юм бол. Энд тогтсон ханш байдаг уу. Мөн мэдээж шинэ зохион байгуулалтад орсон өргөн цар хүрээтэй үзэсгэлэн тавьж байгаа гэдэг утгаараа хөрөнгө мөнгө, төсвийн асуудлыг сөхөхгүй байж болохгүй байх. Та энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Оны шилдэг уран бүтээлийг Засгийн газраас томилсон шалгаруулалтын комисс тодруулдаг. Тэр комисст дандаа урлаг судлаач, мэргэжлийн нэр хүндтэй хүмүүс багтдаг. Тиймээс мэргэжлийн нарийн шүүлт болдог. Нөгөөтээгүүр шилдгээр шалгарсан уран бүтээл улсын сан хөмрөгт багтаад Монголын уран зургийн нэр нүүрийг хойшдоо төлөөлөөд явах учир шүүлтэд ямар нэгэн гаднын нөлөө, булхай байхгүй эрүүл болдог.
Оны шилдэг уран бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авах тогтсон ханш байдаг нь 40 сая төгрөг. Энэ ханш огт өөрчлөгдөөгүй олон жил болж байгаа. Комиссын шийдвэрээр энэ бүтээлийг улсын сан хөмрөгт ав гэсэн зөвлөмжийг өгдөг. Ингээд төр өөрөө уран бүтээлчдээс бүтээлүүдийг нь худалдан авч дархалдаг. Гэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй ярих ёстой гэж бодож байна. Монголын уран зургийн галерейн зүгээс уран бүтээлчдээ дэмжих, тэднийг орлоготой байлгах зорилгоор цуглуулагчдыг урьж худалдан авах боломжийг нээж байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээж манай уран бүтээлчдийн хувьд улсын сан хөмрөгтөө зургаа хямдхан ч хамаагүй худалдах нь илүү нэр төрийн хэрэг. Миний бодлоор ямар ч уран бүтээлч өөрийнх нь зургийг нэг цуглуулагч 10.000 ам.доллораар худалдан авъя эсвэл улсын сан хөмрөгт 10 сая төгрөгөөр авъя гэсэн тохиолдолд төрөө сонгох байх. Гэвч төр засаг уран бүтээлчдээ ийм доогуур үнэлж байгаад бага зэрэг сэтгэл эмзэглэж явдаг. Арван сая төгрөг их мөнгө. Гэхдээ магадгүй тухайн уран бүтээлч ганцхан тэр зургаа 10 жил зурсан бол яах вэ. Тэр хүн гурван жил ямар ч уран бүтээл борлуулаагүй бол яах юм. Өнөөдөр манайд оюуны өмчийн талаар тодорхой ахицтай ажлууд хийгдэж байгаа ч, түүний үнэлэмж гэдэг зүйлийг мэдэгдэхүйц орхигдуулчихсан. Ер нь манай ихэнх уран бүтээлч өөрсдийн бүтээлээ зүй ёсоор өндрөөр үнэлүүлж үзээгүй байдаг. Тиймээс Монголын уран зургийн галерей эцэг галерейн хувьд уран бүтээлчдээ боломжтой бүх аргаараа дэмжих ёстой. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг өргөн цар хүрээтэй явуулж, цаашид ч улам эрчимжүүлэх болно.
Өмнө нь бол улс шилдэг бүтээлүүдийг зүгээр л худалдаад авчихдаг байсан. Энэ жилээс бид тухайн шилдэг уран бүтээлийн эзэнд батламж, Гэрэгэ олгож байгаа. Тэгэхээр уран бүтээлч маань хожим өөрийн үр хүүхдүүддээ миний зураг галерейд бий гэж ярихын оронд бодитоор нь батламжаа харуулна шүү дээ.
undefined
-Анхаарах ёстой асуудал байна шүү гэж харагдаж байна. Ер нь манай уран бүтээлчид гадаад орнуудад хэрхэн үнэлэгдэж байна вэ. Та бүхэн энэ чиглэлд нь хэрхэн тусалж дэмждэг вэ. Ер нь та бүхэнд ямар хүндрэл бэрхшээл байна?        
-Манай уран бүтээлчид бол үнэхээр мундаг. Гадаад орнуудад өндрөөр үнэлэгдээд явж байгаа хүмүүс олон бий. Нэр цохон дурдах юм бол уран бүтээлч, зураач Э.Отгонбаяр, С.Заяасайхан, Б.Баясгалан гээд хүмүүс байна. Бүр АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ийн төв байрны урд манай уран барималч А.Очирболдын “Ухамсар” нэртэй, гайхалтай илэрхийлэмжтэй бүтээл байж байна. Энэ бол Монголын урлаг өнөөдөр дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгааг тод харуулж байгаа хэрэг. Гэхдээ энэ бол бидний буюу төрийн хийсэн зүйл бол огт биш. Энэ бол хувь уран бүтээлчдийн л өөрсдийнх нь чадвар, оюунаараа үнэлэгдэж байгаа хэрэг. Цанаа нь өчнөөн авьяастай хүмүүс байгаа. Энэ удаагийн “Оны шилдэг уран бүтээл-2019” үзэсгэлэн дээрээс ч харагдаж байгааг мэргэжилтнүүд онцолсон.   
Гэхдээ шүүгчид уран бүтээлчид өөрсдийн шилдэг бүтээлүүдээ үзэсгэлэнд ирүүлээгүй байна гэдгийг бас хэлж байгаа. Тэд чинь мэргэжлийн хүмүүсийн хувьд Монголын уран бүтээлчдийг бүгдийг нь ямар төрлөөр яаж зурдаг гэдгийг нь сайн, муугаар нь дээд зэргээр мэднэ. Жишээ нь өмнөх жилүүдэд нэг шүүгч бол би энэ уран бүтээлчийг сайн мэднэ ийм зүйл хийдэг хүн биш, яав ч сайн уран бүтээлээ энд ирүүлээгүй байна гэж байсан. Тэгэхээр яагаад гэдэг асуулт урган гарч ирнэ. Хэдий энэ галерейн урын санд өөрийн бүтээлээ байршуулах нь нэр төрийн хэрэг ч гаднын улсуудад илүү үнэлж байхад тэнд 20, 30 мянган ам.доллараар зарсан нь амьдралд нь ч хэрэгтэй шүү дээ.
Тиймээс бид энэ жил бүр зориуд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг уран бүтээлчдээ урилгаар оруулж байна. Жишээ нь НҮБ-ын төв байрны урд буй “Ухамсар” гэх бүтээл зэрэг өөр олон алдартай урлагийн бүтээлийн эх хувь энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа. Тэгэхээр Монголын орчин үеийн уран зургийн жинхэнэ шилдэг бүтээлүүдийн дээжийг энэ удаад иргэд маань сонирхож болно гэсэн үг. Хэрэв шүүгчдийн комисс тэдгээрийг төрд санал болгоод галерейн сан хөмрөгтөө авч чадвал үнэхээр үнэлшгүй том өвөөр ирээдүйд үлдэх Монголын уран зургийн галерейн сан хөмрөг арвижих юм.    
Харин хүндрэл бэрхшээлийн хувьд бидний урд саад байлаа гээд яах вэ. Гомдоллоод суугаад юу өөрчлөгдөнө гэж. Тиймээс бид бусдыг харж суухаар өөрсдөө аль чадахаараа л үйл ажиллагаагаа хүртээмжтэй, чанартай болгохын төлөө ажиллах хэрэгтэй л гэсэн бодолтой байгаа. Нэг үеэ бодоход урлагийг ойлгож, оюуны бүтээлийг үнэлдэг хүмүүс, хувь компани, байгууллага харьцангуй олон болжээ. Тэднийхээ ачаар бид галерейгаа саяхан бүрэн засварт оруулсан. Хүмүүс ирээд “хөөх, ямар гоё гэгээлэг, сайхан болсон юм бэ” гэдгээ илэрхийлж байна. Яах вэ төрөөс ядаж бидэнд хангалттай биш юм гэхэд уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх тал дээр жаахан ч болов анхаараасай. Бид угаасаа өнөөдөр улсын төсөв юу билээ гэдгийг мэднэ шүү дээ. Маш олон хүн хэцүү амьдралтай байхад урлагт хангалттай мөнгө зарцуулах хэцүү нь тодорхой. Тиймээс өөрсдийн нөөц бололцоогоор явж л байна.
Нэг сонирхолтой зүйл ярихад, яагаад “Мона Лиза”, “Хашхираан”, “Ван Гогийн хөрөг” зэрэг зургууд тийм алдартай байдаг юм бол. Манайд бол ийм төвшний урлагийн бүтээлүүд нэлээдгүй байгаа. Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт “Лениний хөрөг”, “Азарганы ноцолдоон”, “Өвгөн хуурч”, “Ажлын дараа” гэх мэт урлагийн хосгүй үнэт өв болсон бүтээлүүд бий. Тэгэхээр Франц, Итали, Голланд гэдэг ч юм уу сонгодог урлаг өндөр хөгжсөн гэж тооцогддог орнуудад урлагийн менежмент гэдэг зүйл бүр асар дээд зэрэгт байдаг. Товчхон тайлбарлавал, тэдгээр орнууд өөрсдийн соёлын өв болсон бүтээлүүдээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд янз бүрийн сурталчилгаа, маркетинг их хийсэн. Одоо ч хийдэг. Тухайлбал, "Мона Лиза"-г төдөн удаа хулгайлжээ, тэр инээмсэглэлийнх нь цаана ийм нууц нуугддаг юм, ахин засварлахдаа алдаа гаргаад хөмсгийг нь арилгачихсан юм билээ, тэдэн тэрбум ам.доллараар даатгуулж гэнэ гэх мэт хүмүүсийн анхаарал татахуйц зүйлсээр бодолд нь хоногшуулчихдаг. Тэгвэл “Өвгөн хуурч” гээд зураг дээрх хүн зургаан хуруутай байдаг гэдгийг та мэдэх үү. Сонирхолтой байгаа биз. “Ажлын дараа” гэдэг зураг дээр нэг хүн бусдыгаа жоохон зэмлэнгүй харсан байдаг шүү дээ. Бас нэг хүнийх нь энгэр дотор архи байдаг юм. Яагаад архи байгаад, яагаад зэмлэсэн юм бол гэсэн чинь нөхөр архи уугаад хоёр өдөр ажлаа тасалж л дээ. Социализмын үе шүү дээ. Зэмлүүлэх нь мэдээж. Гэхдээ яагаад архи уусан гэсэн чинь хайр дурлал нь бүтэлгүйтсэн байгаа юм. Ингэхээр уран зураг гэдэг бол тухайн цаг үеийнхээ нийгмийн толь байдаг. Тэгээд хойч үедээ түүхийн судлагдахуун болдог гэдэг нь арай тод харагдаж байгаа байх. Үүнийг цааш нь бүр угсаатан зүйгээр нарийн задлаад явбал өчнөөн мэдээллийг олж авч болно. Бид энэ мэт онцлогуудыг ашиглаад цаашид Монголын хосгүй урлагийн үнэт өвүүдээ дэлхийд таниулахаар төлөвлөгөө боловсруулсан явж байна. Харамсалтай нь, 2008 оны долдугаар  сарын 1-ний үймээн болон 2009 онд гарсан гал түймрээс болоод нийт мянга гаруй уран бүтээл өртсөнөөс 700-г нь улсын төсөв болон гаднын улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварлаж чадсан ч 300 гаруй нь өнөөдрийг хүртэл яг тэр сүйдсэн хэвээрээ хадгалагдаж байна. Тэдний дунд хүмүүсийн сайн мэдэх “Эмнэг сургагч” гэж хосгүй бүтээл ч бий. Энэ ташрамд төр засгийн эрх бүхий хүмүүст эдгээр өвүүдийг сэргээн засварлах ажилд анхаарал хандуулахыг хүсмээр байна. Тэдгээрийг харах бүрд сэтгэл маш их өмөрдөг. Ууг нь бидний зүгээс энэ оны зургадугаар сарын 20-оос долдугаар сарын 30-ны хооронд эдгээр 300 бүтээлийг дэлгэн харуулсан “Мөнхийн бүтээл, мөхлийн ирмэгт” нэртэй хаалттай үзэсгэлэн нээж Төрийн гурван өндөрлөгөөс эхлүүлээд холбогдох бүх эрх мэдэл бүхий хүмүүс, тусламж дэмжлэг үзүүлж болохуйц гаднын байгууллагуудын төлөөлөл болсон эрх бүхий хүмүүсийг урьж нөхцөл байдлыг танилцуулж, албан ёсоор анхаарал хандуулахыг хүссэн байгаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад сэргээн засварлах нэн шаардлагатай бүтээлүүдийг багтаасан каталогийг тусгайлан өгсөн. Учир нь тэр бол зураач хүн шүү дээ. Тиймээс бид түүнийг энэ асуудалд илүүтэй өөриймсөг хандана гэж найдаж байгаа. Энэ арга хэмжээг хаалттай хийсэн нь ч учиртай. Үнэндээ бид Монголын нэгэн цаг үеийн түүхийг илтгэх соёлын өвөө түймэрт алдчихаад яаж ард түмний нүүрийг харах юм бэ.
Гэхдээ бид бас энэ байдлыг хараад зүгээр суусангүй. Бид өөрсдийн чадахаараа урлагт хайртай хүмүүст хандаж гарц шийдэл эрэлхийлсэн нь энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн “соёлын үнэт өвийг үрчлүүлэх” хөтөлбөр юм. Үүнийхээ хүрээнд хоёр ч зургийг амжилттай нөхөн сэргээсэн. Энэ яадаг хөтөлбөр вэ гэхээр, тэр урлагийн үнэ цэнийг ойлгодог хувь хүн, албан байгууллагад галд өртсөн 300 гаруй бүтээлүүдийнхээ нэгийг үрчлүүлэх юм. Тэгээд тухайн хүн үрчилж авсан бүтээлээ өөрийн хөрөнгөөр сэргээн засварлуулаад галерейн сан хөмрөгт эргүүлэн өгдөг. Мэдээж хүнээр үнэгүй юм хийлгэж болохгүй. Тиймээс үүнийхээ хариуд үрчлэгч тухайн зургийг “Merchandising” гэрээний дагуу хоёр, гурван жил ашиглах эрхтэй болох юм. Гэрээний дагуу тухайн компани урлагийн үнэт өвийг өөрсдийн маркетинг, сурталчилгаа гэх мэт хэлбэрээр ашиглана. Энэ жилийн хувьд Монгол банк үүсэж байгуулагдсаны 95 жилийн ой тохиосон. Тус байгууллагын зүгээс ойн арга хэмжээгээ угтан банкны салбарт ажиллаж буй нийт 14.000 банкируудаас тус бүр 1.500 төгрөг сайн дураар цуглуулж, АУЗ Л.Гаваагийн “Алтайн уулс” гэх хосгүй бүтээлийг үрчилж аван, сэргээн засварласан. Мөн УГЗ Н.Цүлтэмийн “Цэцэгтэй эмэгтэй” бүтээлийг бүтээлийн гол дүр Монголын анхны эмэгтэй зураачдын нэг Ч.Шижээхүүгийн гэр бүлийнхэн үрчлэн авсан юм. Эдгээр бүтээлүүдийг Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, үзэсгэлэнгийн танхимд залаад байна.
-Монголын урлагийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй та бүхэнд баярлалаа. Танай хамт олны цаашдын нөр их хөдөлмөрт амжилт хүсье. Энэ их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.        
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн