Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан төсөв санхүүгийн эрх зүйн орчинг сайжруулах бодлогын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (Ph.D), дэд проф. А.Энхбаттай уулзаж ярилцлаа.
-Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийт, иргэд болон эрдэмтэд судлаачид өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Харин эдийн засагч, төсөв, санхүүгийн чиглэлээр ажилладаг судлаач хүний хувьд таны байр суурь ямар байгаа бол?
-Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлал ямар байгаагаас шалтгаалан тухайн улс орны төсөв, санхүүгийн эрх зүйн харилцаа, зохицуулалт, уялдаа холбоо, бүр цаашилбал улс орны хөгжлийн чиг хандлага ихээхэн тодорхойлогдож байдаг.
Үндсэн хууль нь эрх зүйн тогтолцооныхоо суурь болдог орнууд Үндсэн хуульдаа улсын төсөв, санхүүгийн институцийн үндэс, Төв банк, Үндэсний аудитын байгууллагын бие даасан байдал, Парламент, Засгийн газрын эрх мэдлийн тэнцвэр, төсөв батлах процедурын журмыг тусгасан нийтийн санхүү, төсөв гэсэн бүлэг зохицуулалттай байх нь нийтлэг байдгийг эрдэмтэд судлаачид дурдсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ийн төсөв, санхүү, эдийн засгийн харилцаан дахь бүрэн эрхийн талаар 25.7-д “Улсын Их Хурал… өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж…төрийн санхүү, зээл, албан татвар мөнгөний бодлого, улсын эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлах”, харин 38.2-д Засгийн газрын бүрэн эрхийн талаар “шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн ерөнхий 2 заалт тусгагдсан байдаг.
Дээрх ерөнхий 2 заалт нь өнөөгийн болон цаашдын ирээдүйн Монгол Улсын төсөв, санхүүгийн эрх зүйн харилцааны орчны үзэл баримтлалыг тодорхойлох, холбогдох хуулиудаар зохицуулахад хүндрэлтэй болсныг сүүлийн 20 гаруй жилийн төсөв, санхүүгийн эрх зүйн орчны өөрчлөлттэй болон бусад улс орнуудын туршлагуудтай харьцуулахад харагддаг.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийн талаар таны санал бодол ямар байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн хугацаанаас өнөөдрийг хүртэлх 1-2 жилийн үйл явцыг судлаач хүний хувьд анхааралтай ажиглаж байгаа. Үндсэн хууль гэдэг бол бүх хуулиудын суурь үндэс хууль гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүдээс боловсруулсан төсөл, болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн дэвшүүлсэн саналуудыг судлан үзсэн. УИХ-ын гишүүдийн боловсруулж одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийг багцлан авч үзэхэд ерөнхийдөө энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах санал нь хэд хэдэн чиглэлд байгаа нь харагдаж байна.
Үүнд, нэгдүгээрт, Улсын төрийн намтай холбоотой, хоёрдугаарт,Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй холбоотой, гуравдугаарт, төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой, дөрөвдүгээрт, шүүх байгууллагын статустай холбоотой, тавдугаарт, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны статустай холбоотой, зургаадугаарт төсөв, санхүү, хяналт шалгалттай холбоотой гэсэн хэсгүүд дээр нэмэлт оруулах төсөл хэлэлцэгдэж байна. Мөн одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн бүлэг, заалтуудад оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь дээр дурдсан асуудлуудыг хөндсөн зохицуулсан, тухайлбал Засгийн газрын бүрэлдэхүүн, түүнд УИХ-ын гишүүд 4 байж болох тухай, шүүхийн эрх мэдлийн тухай, аймаг, нийслэл, сум дүүргийн статусын тухай гэх мэтчилэн оруулсан байна.
Эдгээр оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтүүд нь зарим талаараа цаашид эерэг болон сөрөг үр дагавруудыг цаашид авч ирэх болно. Өөрөөр хэлбэл сайтар судалж боловсруулаагүй хэсгүүд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгө засах хэлбэр төдий л болгож байна.
Харин Үндсэн хуулийн эдийн засаг буюу төсөв, санхүүгийн эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн онцлог заалтуудыг дараахь нэмэлтээр болон өөрчлөлтөөр оруулсан байна. Тухайлбал, 2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.”
Дээр дурьдаж байсан Үндсэн хуулийн 25.7-д нэмэлт оруулж Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын 3 “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.гэж тус тус заасан байгаа юм.
Миний хувьд дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа хэдий боловч нэмж анхаарах сайжруулах асуудал байсаар байгааг дурдах гэсэн юм.
-Тэгвэл Үндсэн хуулийн эдийн засаг, төсөв, санхүүгийн эрх зүйн орчинг сайжруулах талаар ямар санал байна?
-Тухайлбал дээр дурьдсан 2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсний дараа “Төрөөс байгалийн баялгийг улс орны эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, ард түмэнд болон хойч үеийнхэндээ өвлүүлэх зорилгоор Баялгийн сантай байна. Энэхүү баялгийн санг зарцуулах эрх мэдэл нь гагцхүү ард түмний санал асуулгаар зохицуулагдана” гэж нэмж оруулах саналтай байгаа.
Мөн түүнчлэн Үндсэн хуулийн 25.7 дахь хэсэгт дээрх нэмэлт үндсэндээ нэмэлт гэхээсээ илүү өнгөн засалт болсон төдийн зүйл болсон байгаа. Энэ 25.7 дахь хэсэгт дээрх нэмэлтүүдийг оруулах гэхээсээ илүү олон улсын чиг хандлага, бусад улсын орнуудын Үндсэн хуулийн эдийн засаг хэрхэн хуульчилсны дагуу “НИЙТИЙН УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮ” гэсэн томоохон бүлэг оруулж ирж, төсөв, санхүүгийн харилцааг иж бүрнээр шинэчлэн сайжруулах хэрэгтэй байна.
Хэрвээ ийм бүлэг шинээр оруулбал одоо оруулаад байгаа Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн хэсгүүд нь хоорондоо уялдаа холбоо байхгүй хоёр өөр асуудлыг нэг болгон оруулж байгаа нь учир дутагдалтай. Үүнийг тодорхойбүр хуулийн заалт болгож оруулах, тухайлбал “НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТ”хэсгийг нэмж түүнд Төсөв, санхүү, өр төлбөр, баялгийн сангийн талаар мөн түүнчлэн УИХ болон УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн яам, Сангийн сайдын Улсын төсвийн өмнө хүлээх хариуцлагын талаар оруулах хэрэгтэй.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтаар УИХ болон, түүний гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Сангийн яам зэрэг субьектүүдУлсын төсвийн буюу нийтийн төсвийн өмнө хүлээх хариуцлагын талаар эрхзүйн ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Ийм учраас төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулах, төрөөс хулгай хийх, авилгал, хээл хахуулийн асуудал, ЖДҮ, концессийн хэрэг зэрэг олон зөрчлүүд гарсаар байсан. УИХ-ын гишүүдийн боловсруулсан төслөөлс харахад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй.” гэж нэмэлт оруулсан ньсайн хэдий боловч харин үүнийг улам тодорхой болгох хэрэгтэй.
Тухайлбал “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй.Хэрвээ нэмэгдүүлэх, өөрчлөх саналтай бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн тухай төсвийн төслийг шинээр гаргаж байгаа бодлоготой уялдуулан буцаан дахин боловсруулж дээрхи бодлогыг тусган оруулж ирэх” гэж тодорхой болгох хэрэгтэй.
Мөн түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлтээр тусгаж байгаа “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Олон улсын өнөөгийн хууль, эрх зүй зохицуулалт Үндсэн хуулинд тусгагдсан стандарттай нийцэхгүй байгаа учраас дахин хянаж үзэх шаардлагатай байна. Энд Төрийн аудитын байгууллагын талаар дурдсан байгаа бөгөөд түүнийг дараахь байдлаар өөрчлөх хэрэгтэй гэсэн саналтай байна. Тухайлбал; “Төрийн бодлогын болон хууль эрх зүйн орчны хэрэгжилт, санхүү, төсөв болон төрийн мэргэжлийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь Төрийн Аудитын байгууллага байх бөгөөдэнэхүү байгууллага Үндсэн хуулийн байгууллага байна. Түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөх хэрэгтэй байна.
Өнөөдөр дэлхийн ихэнхи улс орнууд Төрийн аудитын байгууллагаа Үндсэн хуулийн байгууллага гэж үзэн түүний дархлааг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Ялангуяа хөгжиж байгаа манай улс орон Төрийн хяналтын гол байгууллагаа УИХ-аас хараат бүтцийн нэг байгууллага болгон байлгаж байгаа нь цаашдын улс орны хөгжилд байнга сөргөөр нөлөөлж ирэх тул ийм өөрчлөлтийг нэн даруу хийж Олон улсын Аудитын байгууллагын дүрэм, журамтай нэг адил болох хэрэгтэй. Нөгөө талаар улс орны төсөв, санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг Үндсэн хуулиар баталгаажуулах шаардлага зүй ёсоор гарч ирээд байна.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтворгүй байдлаас зайлсхийх гол жор гэж үзэж хийсэн ч хүлээсэн үр дүнг өгсөнгүй?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлал анхныхаасаа өөрчлөгдсөн. Анхны хувилбараар олон улсын жишгийн дагуу Төсвийн өмнө Парламент буюу хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Сангийн яамны хүлээх үүрэг, хариуцлагыг хуульчлах тухай асуудал байсан. Төсөв их хэмжээний алдагдалтай байх, төлөвлөсөн хэмжээнээсээ их хэмжээний зөрүүтэй гарах, төлөвлөлтөөс давсан гүйцэтгэл гарч ирээд тэр нь эдийн засагт хүчтэй нөлөөлөл үзүүлэх тохиолдолд УИХ ямар хариуцлага хүлээх, Засгийн газар яах ёстой, Ерөнхий сайд, Сангийн сайд ямар үүрэг, хариуцлага хүлээхийг үүрэгжүүлж, хариуцлага тооцох хэлбэртэй байсан.
Монгол Улсын Төсвийг тогтвортой байлгах эрх зүйн зохицуулалт нь “үндсэн дүрэм болон зарчим”-аа зөрчдөг тул тогтвортой байх үндэсгүй болчихож байгаа юм. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийг дунд хугацаандаа тогтвортой байлгах гол амин сүнс нь. Зөрчсөн тохиолдолд Сангийн сайд огцорч, Ерөнхий сайд нь сануулга авч, УИХ-ын Төсвийн байнгын хороо дарга өөрчлөгддөг санкцууд байх ёстой. Гэвч энэ нь байхгүйгээс төсвийн хүрээний мэдэгдэл жилд хоёр удаа батлагддаг, батлагдсан мэдэгдлээ дараа жилийн төсвийн төсөл боловсруулахдаа зөрчдөг, амьдралд хэрэгждэгггүй Төсвийн хүрээний мэдэгдэл нэртэй эрх зүйн зохицуулалт болоод байгаа юм. Үүнийг УИХ, Засгийн газар, Сангийн яам хийдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр бид цаашаа явахгүй. Цаашдаа Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байгаа бол Төсвийн дунд хугацааны зарлагын хүрээг бас давхар боловсруулж энэхүү олон улсын стандартыг хуульчилж оруулах хэрэгтэй.
-Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хувьд аваад үзэхэд бусад улс, орнуудын Үндсэн хуулинд тусгагдсан ямар асуудлууд байдаг талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү? Тухайлбал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр дараахь агуулга тусгагдсан байна.“Дөчин дөрөвдүгээр зүйл 1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ хуулийн заалтанд тухай жилийн төсөв, эсвэл бодлого гээд маш ерөнхий өөрчлөлт оруулж байгаа нь цаашид Засгийн газар, УИХ-ын төсвийн талаарх харилцааг улам бүдгэрүүлж өгч байна. Үүнийг тодорхой заалт болгон оруулах хэрэгтэй. Тухайлбал;Олон улсын практикт төсвийн гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг зохицуулах асуудлыг Засгийн газарт тогтоол, журам, зарлигаараа шийдвэрлэх эрхийг өгдөг.
Энэ нь Парламент батлагдсан төсвийг захиран зарцуулах, санхүүжилт хийх тодорхой асуудал нь Засгийн газрын эрх мэдлийн хүрээллийн асуудал гэж үзэж, гүйцэтгэх байгууллагад /Засгийн газарт/ бүрэн итгэл хүлээлгэдэг бөгөөд харин Аудитын байгууллагаас төсвийн гүйцэтгэлийн үр дүнг сонсох замаар Засгийн газарт тавих хяналтаа хэрэгжүүлдэг.
Жишээ нь;Канад Улс Үндсэн хуульдаа Парламент нь төсвийн талаарх дээд байгууллага гэж тодорхойлсон ч практикт Гүйцэтгэх засаглал нь жилийн төсвийн бодлого болон хэмжээг тодорхойлох хүчтэй эрх мэдэлтэй байдаг. Төсвийн хуулийн системийг авч үзвэл Үндсэн хууль, Төсвийн байгууллагын хууль, Ерөнхий аудиторын хууль, Холбооны болон орон нутгийн санхүүгийн тохиролцооны хуулиуд үйлчилдэг.
Үндсэн хуулиар Парламентын төсвийн талаарх үндсэн зарчмыг тодорхойлсны дотор төсөв, татварын хуулийг батлах, улсын нийт өрийг тодорхойлох, Төв болон Орон нутгийн Засгийн газрын төсвийн харилцааны зарчмыг тодорхойлсон байна. Мөн Үндсэн хуулиараа төсвийн орлогын нэгдсэн сан байхыг зааж өгсөн байдаг. Энэ санд нь Төсвийн байгууллагын хуульд зааснаар Холбооны Засгийн газрын бүх орлогыг төвлөрүүлэх ба Парламентын зөвшөөрөлгүйгээр зарлага гаргахыг хориглосон байдаг.
Засгийн газраас өргөн барьсан жилийн төсвийн тухай хуулийн хувьд аваад үзэхэд түүнд өөрчлөлт хийх эрх хэмжээ хуулиар тодорхойлогдоогүй ч Парламентын эрх хэмжээ их хязгаарлагдмал байдаг.
Францад төсвийн тэнцэл муудах, орлогын хэмжээ буурах үед Засгийн газар тогтоолоор 1,5 хувийн хязгаарын дотор батлагдсан төсвийг хүчингүй болгох эрхийг хуулиар мөн олгосон байдаг. Гэхдээ зарлиг гарахаас өмнө Парламентын хороонд заавал мэдээлсэн байх шаардлагатай. Мандаттай зардлын санхүүжилтийн хувьд түүнийг хүчингүй болгох, хязгаарлах эрх OECD-ийн ихэнх орнууд зөвшөөрөгддөггүй байна. Учир нь эдгээр төрлийн зардлын хувьд жилийн төсвийн хуулиас тусдаа санхүүжилт хийгдэх шаардлага хуулиар тавигддаг.
Япон зэрэг зарим орнуудад санхүүжилтийг хүчингүй болгох, бууруулахаар бол төсвийн хууль гаргаж шийдвэрлэдэг.
Австри, Финланд, Герман, Япон зэрэг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Байгууллага /OECD/-гийн гишүүн орнууд батлагдсан төсвийг хэрэв тэр нь урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэтийн гэдэгт хамаарч байвал өсгөн зарцуулж болдог. Жишээ нь:Францад батлагдсан төсвийг яаралтай нэмэгдүүлэх нөхцөл байдал /ordinary emergency/ үүсвэл Засгийн газар зарлиг гаргаж өөрчилж болдог. Нэмэгдсэн зардлыг орлогын өсөлт, бусад зардлын төрлийг хасах байдлаар төсвийн тэнцэлд муугаар нөлөөлөхгүйгээр зохицуулдаг. Засгийн газар зарлиг гаргахаас өмнө Төрийн зөвлөлөөс/Counsil of state/ заавал санал авсан байх ба энэ нь дараа Парламентаар тодотгол хийгдэж баталгаажсан байх ёстой байдаг.
Түүнчлэн орлого батлагдсан хэмжээнээс нэмэгдсэн бол зардлын дүнг жилийн батлагдсан төсвийн 1 хувиас хэтрэхгүй байхаар Засгийн газар нэмэгдүүлж болохыг хуульчлан заасан байдаг.
Үндэсний эрх ашгийн үүднээс зайлшгүй тохиолдолд үүссэн үед төсвийн тэнцэлд муугаар нөлөөлөх байсан ч Засгийн газар зарлигаар Парламентын баталсан зардлын дүнг өөрчилж байгаа нөхцөлд тодотголыг хийж Парламентаар баталгаажуулах хүсэлтийг тавьдаг.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцээд 3 дугаар хэлэлцүүлэгт шилжүүлж байна. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд нэмж хэлэх санал байгаа юу?
–Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийх нь чухал гэдгийг хүн болгон ярьж, хэлж санал оюунаа тусгахыг эрмэлзэж байгаа. Миний хувьд, ялангуяа судлаач хүний хувьд Төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалт нь ихээхэн дутмаг болсон юм байна гэж харж байгаа. Энэ байдлаар уг төсөл батлагдвал бидний өнгөрсөн 30 жилийн хугацаанд туулж ирсэн улс төрийн тогтолцоо, төрийн байгууллага, эдийн засаг, нийгмийн тогтолцоо бахь байдгаараа байж, хөгжлийн байдал нэг их ахиц гарахгүй байх магадлал маш өндөр байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа ажлын хэсэг нь мэргэжлийн хэдий боловч өнөөдрийн УИХ-ын болон түүний гишүүдийн харьяанд, хараат байдлаар асуудалд хандаж, зөвхөн тэдний хүсэл эрмэлзлийг тусгах төдийгөөр хязгаарлагдаж байгаа нь харагдаж байна.
Нөгөө талаар нэмэлт өөрчлөлтийг боловсруулахад илүү популист хандлагууд нөлөөлж байгаа нь ил байгаа бөгөөд зарим улс төрчид үүнийг улс орны цаашдын хөгжлийн ирээдүйн чиг хандлага ерөнхий бодлого Үндсэн хууль болох гэхээсээ илүү өнөө маргаашийн өөрсдийн хувийн явцуу эрх ашгийн үүднээс хандах байдал бусад улс төрийн намууд болон улс төрчдөд байсаар байна. Үүний жишээ нь дараагийн сонгуульд бэлтгэж байгаа улс төрийн хүчнүүд, мөн хуучин гишүүн байсан одоо дахин болохыг эрмэлзэж байгаа хүмүүсийн бэлэн сурталчилгааны талбар болж байгааг хэлэх нь зүйтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.