“Нийгэм, Улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна. Хуралд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан илтгэл тавилаа. Түүний илтгэлээс тоймлон хүргэж байна.
-Нийгмийн тодорхой хэсэг нь суурь хэрэгцээ буюу хоол унд, орон байрны хэрэгцээгээ хангаж чадахгүй болох, зарим хэсэг нь нөгөө хэсгээ ноёрхох, эдийн засгийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдэлтэй нэгдэх юм бол олигархын засаглал руу орж иргэний тэгш эрх гэдэг ойлголт үгүй болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой хэсэг өөрийгөө доогуур статустай, бусад нь дээгүүр статустай гэж ойлгох байдал нь ардчилсан нийгэмд байж болохгүй.
-Аливаа эрх мэдэлтэн, албан тушаалтан хүн болгонд нээлттэй байгаад зогсохгүй, хүн өөрөө авьяас чадвараа хөгжүүлэн түүнд хүрэх тэгш боломжийг бий болгох ёстой. Эцэг эх нь боломжтой, боломжгүйгээс үл хамааран хүүхэд боловсрол эзэмших, авьяасаа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй.
-Үндсэн хууль ардчилсан үндсэн хуулийн шаардлагыг хангадаг. Нэгд, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн цогцоор нь тусгаж өгсөн, хүн болгоныг хүн гэж хүлээн зөвшөөрсөн. Хоёрт, төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт тэнцлийг хангасан. Хэрэгжилт дээр олон зүйл ярьж болно. Посткоммунист орон, доогуур дундаж орлоготой харьцуулахад тэргүүн эгнээнд явж байна. Харин өндөр хөгжсөн ардчилсан орнуудтай харьцуулахад асуудал өөр.
-Үндсэн хуулиар бид парламентын тогтолцоотой болсон. Манай парламентын тогтолцоо хоёр онцлог шинжтэй.
Нэгд, ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч. Парламентын тогтолцоо бол билэг тэмдгийн ерөнхийлөгчтэй, төрийн тэргүүнтэй эсвэл ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчтэй гэсэн хоёр хувилбартай. Манай улс бол ард түмнээс шууд сонгогдсон ерөнхийлөгчтэй тогтолцоо буюу ерөнхийлөгч, ерөнхий сайдын тогтолцоотой. Засгийн газрыг байгуулах эсэх нь парламентын олонхын мэдлийн асуудал, Засгийн газар парламентын олонхын итгэлийг алдвал огцордог. Үүнд ерөнхийлөгч оролцдоггүй. Энэ тогтолцоо нь бэлгэдлийн ерөнхийлөгчтэй тогтолцооноос давуу талтай гэж сүүлийн үеийн судалгаанууд хэлж байна. Учир нь, бэлгэдлийн төрийн тэргүүнтэй тогтолцоонд Ерөнхий сайд, намын даргад бүх эрх мэдэл төвлөрдөг, эргээд тэр хүн хянагдах боломжгүй болдог. Намууд төлөвшөөгүй, сонгуулийн шударга өрсөлдөөн бий болоогүй байгаа цагт дан ерөнхийлөгчид, дан ерөнхий сайдад хэт эрх мэдэл өгч болохгүй. Тиймээс манай улсын загварыг сүүлийн үеийн бодлогын судалгаанууд дэмжиж байна.
Хоёрт, манай улс нэг танхимтай парламенттай. Хоёр танхимтай парламент нь судлаачдын хэлж буйгаар 11 саяас дээш хүн амтай улсад түгээмэл. Манайх шиг бүгд найрамдах, нэгдмэл, цөөн хүн амтай, нэг үндэстнээс бүрдсэн улсад нэг танхимтай парламент зонхилж байгаа юм. Сүүлийн 100 жилд хоёр танхимтай парламентаас нэг танхимтай руу шилжих процесс хүчтэй үргэлжилж байна. Тухайлбал, БНСУ, Швед, Исланд гэх мэт. Нэг танхимд төрийн эрх мэдлийг хэвтээ түвшинд зөв хуваарилах, ерөнхийлөгчид зарим чиг үүрэг өгөх замаар хяналт, тэнцлийг хангадаг жишээ олон бий. Манай улсын жишээ ч үүнд сайн жишээгээр нэрлэгддэг.
-Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх байгууллагуудыг мэргэжлийн, хараат бус, бие даасан болгох ёстой. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий аудитор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт.
-2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг 2027, 2028 онд харах учиртай. Үндсэн хуулийн цэц 2016 оны алдаатай шийдвэрээ заслаа. 2022 оны зургадугаар сард сонгуулийн тогтолцоог хуулиар шийдэх нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж үзсэн. Ингээд сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэх боломжтой болж байна.
-Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжийг нээж өгсөн нь маргаан дагуулж байна. 2019 онд 76 гишүүнтэй парламент дөрөв хүртэлх “давхар дээл”-тэй байх квотыг зааж өгсөн. Энэ нь судалгаанд үндэслэсэн зохицуулалт байсан. Манайх шиг ерөнхий сайд, ерөнхийлөгчийн тогтолцоонд “давхар дээл”-ийг 90-ээс дээш хувьд нь хориглодог. Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учир асуудал яригдаж байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн тоо 140-өөс дээш байсан бол квотгүй байж болно гэсэн судалгааг 2015 онд хийж байсан. Гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжээгүй учир 2019 оны ҮХНӨ-өөр ороогүй юм.
-2019 оны ҮХНӨ-ийн дагуу Шүүхийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг олон хууль батлагдсан. Зарим нь эерэг үр дүнтэй харагдаж байна. Гэхдээ бүрэн гүйцэд үнэлэх боломж одоохондоо байхгүй.
-2019 оны ҮХНӨ-ийн дагуу олон хууль батлах ёстой байсан ч маш олон нь батлагдаагүй. Тухайлбал, Улс төрийн намын санхүүжилт, Улс төрийн намын тухай хуулийг батлаагүй. Манай хамгийн том асуудал бол улс төрийн намын санхүүжилт. Үүнийг шийдэхгүйгээр өөр юуг ч өөрчлөөд ямар ч үр дүнгүй. Одоогийн тогтолцоонд мөнгөтэй хүн л сонгогдох боломжтой. Үр дүнд нь тэгш эрх байхгүй болсон.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд зааснаас өөр бүрэн эрх хэрэгжүүлэхгүй гэж 2019 онд баталсан. Үүний зарим хэсэг нь хэрэгжсээр байна. Маш олон хуульд Үндсэн хуульд байхгүй бүрэн эрх ерөнхийлөгчид байсаар байна. Үүнийг хасах ажил яагаад явахгүй байна вэ.
-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийг мэргэжлийн, хараат бус, хүний эрхийг хамгаалдаг шүүх болгохгүйгээр гүйцэд болохгүй байна. Шүүхээ сайн болгосон ч прокурор, цагдаагийн шинэчлэл ардчилсан Үндсэн хуулийн дагуу хийгдэхгүй байна.
-Баялгийн сангийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуулийн 6.2-т заасан зарчмаар боловсруулж батлах хэрэгтэй.
-Үндсэн хуульт ёсны түвшинд шийдэгдэх боломжтой зүйл бий. Энэ нь эрхийн стандарт тогтоох, хяналт тэнцлийг хангах зэрэг. Гэхдээ Үндсэн хуулиар бүх зүйлийг шийдэхийг хүлээх боломжгүй. Ядуурал, авлига, эрх мэдэлтний шунал, тэнэглэлийг Үндсэн хууль шийдэж чадахгүй. Үүнийг бусад хуулиар нарийн зохицуулах ёстой юм.
-Манай Үндсэн хууль манай онцлогт тохирсон, хүний эрхийн стандартыг тусгасан, парламентын тогтолцооны тэнцлийг ерөнхийлөгчөөр хангуулж, нэг танхимтай, хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийг хуваарилсан маш сайн Үндсэн хууль. Үндсэн хуулиас шаардаж болох зүйлийг хийж байна. Үүнийг бид бэхжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд 2019 оны ҮХНӨ-ийг дагаж гарах хуулиудаа гаргах хэрэгтэй юм. Батлагдсан хуулиуд нь гараад дөнгөж ганц, хоёр жил болж байна. Түүнийг тууштай хэрэгжүүлье. Ингээд үр дүнг нь харъя. Үндсэн хуулиас ядуурлыг бууруулах, авлига багасгах зэрэг нийгмийн асуудлыг шийдэхийг шаардаж болохгүй. Үндсэн хууль өөрчиллөө ч эд шийдэгдэхгүй.