МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨГ ХЭРХЭН БҮТЭЭН БОСГОСОН ТАЛААР “ӨНӨӨДӨР” СОНИНЫ 1999 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ДУГААРТ СЭТГҮҮЛЧ Р.ЧУЛУУНЫ БИЧСЭН НЭГЭН НИЙТЛЭЛИЙГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЕ.
Гарах гэж байгаа XXI зуунд аж төрөх Монгол түмэндээ зориулан өнөө үеийнхэн өвөрмөц нэгэн ордон босголоо. Энэ бол Монголын бөхийн өргөө. XX зууны гэхээр содон, сонин өргөө боссоныг олон хүн үзлээ, бас олон хүн сонссон биз ээ. Ийм өргөөг барьсан, бариулсан хүмүүсийн тухай таг дуугүй байх нь жудаггүй хэрэг болно.
1990 оны хавар Монголын үндэсний бөхийн холбоо(МҮБХ)-г анх санаачлан байгуулагчдын нэг МУИС-ийн багш Р.Нямдоржийг шинэ холбооны тэргүүнээр зургадугаар сард санаа нэгт нөхөд нь сонгож байж билээ. Тэр цагаас хойш тэр лүглэгэр эрийг юу хийх бол доо хэмээн бөх сонирхогч түмэн харсаар өдий хүрсэн нь мадаггүй. Харах нэг л хэрэг. Бөхийн өргөөтэй боллоо. Р.Нямдорж тэргүүтэй холбооныхон босголоо. Харин яаж босгоо билээ, тэд?
Р.Нямдорж журмын нөхөр Д.Данзантайгаа МУИС-ийн хичээлийн байранд бөхийн өргөөтэй болох тухай мөрөөдөн ярьж дугуй суурь зураад голчийг нь 56 м гэж тэмдэглэж байсан цаас үлджээ. Өргөөг хүмүүс мэдэх болохоор голч нь 54 м юм байна билээ гэдгийг хэлье. Хэрвээ уужуу газар олдож 56 м голчтой байхаар өргөөг босгосон бол орчин үеийн бөхийн барилдааны дэвжээ гурвыг чөлөөтэйхөн засах боломж бүрдэх байж.
1991 оны намар өргөөний газраа аргадан авсан МҮБХ-ныхон 1992 оны зургадугаар сарын 4-нд барилгын сууриа тавиад, 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд өргөөнийхөө нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Бөхийн өргөөтэй болсноо мэдэж байгаа монгол хүн олон болов.
Цаасан дээр бөхийн өргөөний зургийг зурчихаад үүнийг 27 сая төгрөгөөр босгоно гэж ярьж байснаас хойш олон жил өнгөрчээ. Өргөөг хэдэнтээ тойрч хараад дотор нь сар шахам орж, гарсны дараа лавтайяа хорин хэдэн сая биш хоёр тэрбумаас наашгүй төгрөгийн үнэтэй өвөрмөц содон ордон боссон байна гэдгийг мэргэжлийн хүмүүсээс сонсож бахархаж, баярлаж явлаа. Ийм ажлыг хийж гүйцэтгэсэн үүх, түүхийг мартахгүйн тулд баримт өгүүлье.
МҮБХ-ныхон өргөөг бөх сонирхогч, бөхөө дээдэлдэг түмэн олны хандиваар дор нь барьчихна хэмээн итгэл өндөртэй байж. Бодож, итгэж бололгүй яахав. Цагтаа тулахаар өргөөг дан хандиваар босгож дийлэхгүй нь илэрхий болжээ. Үүний нотолгоо нь нийтдээ өргөөнд 526 иргэн, 287 байгууллага хандив өргөсөн тайлангаас харагдах биз ээ.
Хандив цуглахгүй байна гээд ажлаа зогсоолтой биш өөр юм бодож олох, олсноо хэрэгжүүлэх шинэ шинэ санаа хайсаар байхаас аргагүйд тулав, санаачлагчид.
Албан байгууллагуудад сугалаа гаргаж өргөөг өндийлгөе. Анх удаа тэд бизнесийн сугалаа гаргахаар шийдсэн байх юм. Сугалаа нь хоёр үндсэн зорилготой. Мэдээжээр, юуны түрүүнд бөхийн өргөөг саихүүжүүлэх агуулгатай, бас арав гаруй аж ахуйн нэгжийг ивээн тэтгэх зорилготой байв. Сугалааны тохирол гарснаар 14 байгууллага 3-10 сая төгрөгийн хонжвор авах болзолтой байсан. Сугалаа нь ямар үнэтэй байсан билээ гэвэл бас сонирхолтой. Нэг ширхэг нь гурван янзын үнэтэй. Багаахан мөнгөтэй нь 20 мянгаар авч болох, арай чадмагхан нь 50 мянгаар, боломжийн байгууллагууд дээрх хоёрыг хамтад нь 70 мянгаар авах гурван хувилбартайгаар сугалаа бүрийг бэлтгэж борлуулж, дүнгий нь гаргаж бас овоо хэдэн төгрөг олжээ.
Үнэнийг хэлэхэд “борлуулж”, “хэдэн төгрөг олжээ” гэж бичихэд ч, уншихад ч амархан байгаа болохоос биш Р.Нямдорж хэдэн хүнтэйгээ монгол орон даяар хэрэн тэнэж, явж хийж байсан ажлын нэг энэ. Хандив, сугалаатайгаа нийлээд бас л өргөөг босгож дийлэхээ байхаар юу хийхээ ахиад бодохоос аргагүй.
Ийм санааг Р.Нямдорж нутгаасаа олсон гэж нөхөд нь ярьдаг. Монгол бөхийн тэргүүн хандив цуглуулах санаатай нутагтаа очоод албан байгууллагуудын дарга нарын нэг удаагийн зөвлөгөөн дээр ороод үг хэлж, бодсоноо ойлгуулах санаатай сууж байтал, түүнийг юу ярихыг урьдчилаад мэдчихсэн юм шиг тэнд хандивын тухай яриа өрнөжээ.
Үг хэлсэн хэд хэдэн дарга хандив дэндлээ, янз бүрийн чамин тодотголтой хандивын дарамтаас яаж гарах вэ гэхчлэн ярилцаад төгсгөлд нь Монголын бөхийн холбооны тэргүүн Нямдорж үг хэлнэ хэмээжээ. Энд хандивын тухай юу гэж ухуулаад ч хад мөргөх нь тов тодорхой харагдсанаас зорилгоо биелүүлэхийн тулд танхимд олсон санаагаа тайлбарлан овоо хэдэн хүний сэтгэлд хүргэж амжив. Хурал дээр олдсон санаа бас сонин.
Нутгийнхаа дарга нарт би нэг шинэ ажил санал болгоё. Та бүхэн нэр хүнд гэдгийн учир утгыг мэднэ. Зах зээлийн өнөө үед мөнгөнөөс нэр хүнд илүү ач холбогдолтой. Тиймээс та нөхдийн нэр хүндийг өргөх гэж Улаанбаатараас ирлээ. Гэхдээ, би албадахгүй. Түүхэнд нэрээ үлдээх сайхан боломж байгааг хэлье. Хэрвээ Монгол бөхийн өргөөний “Нэр төрийн арилжаа”-нд оролцвол өргөөний хананд алт, мөнгө, хүрэл медаль дээр нэрээ бичүүлж мөнхжүүлэх, сүндэрлэн босох өргөөний тухай баримтад кинонд багтах, “Бүтээн босголтод оролцогсод” номонд бичигдэх гээд гурван боломж байна. Та ийм боломжийг бүү алдаарай.
Бас XX зууны содон барилга болох Бөхийн өргөөг барих ажлыг санаачлан зүтгэж яваа нутгийнхаа хүүг дэмжээрэй гэхэд цугларагчид баяр хүргэн алга ташаад халуун яриа өрнүүлж “Нэр төрийн арилжаа” гэсэн шинэ ажлыг хэрхэн өрнүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан гэдэг.
Бөхийн өргөөний хананд алт, мөнгө, хүрэл медаль дээр “Монголын төмөр зам”, “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэр, “Монгол ан” корпораци, “Монголросцветмет” нэгдэл, “Эрэл” компани, “Туушин” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Алтан тариа” ХК, “Улиас” ХХК, Баянзүрх дүүрэг, “Монсан” ХК, Говь-Алтай аймаг, Цагдаагийн ерөнхий газар зэрэг ер гаруй байгууллага хамт олны хаяг байгаа.
Бас Б.Бат-Эрдэнэ, С.Хүрэлбаатар, Р.Давааням, Ж.Ганболд, Ц.Баярсайхан, П.Очирбат, Н.Багабанди, Д.Цэвэлмаа, Ч.Өвгөнхүү нарын 38 иргэний нэр тодорхой хаяг, албан тушаал, алдар цолтойгоо медалиуд дээр бичигдсэн бий. Өгүүлж буй “Нэр төрийн арилжаа”-ны бодот тайлангийн нэгэн товч хэсэг энэ биз.
Хандив, байгууллагын сугалаа, “Нэр төрийн арилжаа” хамжаад бас л өргөөг босгож гүйцэхгүй нь тодорхой болсон аж.
МҮБХ-ныхон “Алтан карт” нэртэй бас нэг ажил санаачлах нь тэр. Нэг сая төгрөгөөр үнэлсэн картыг 48 байгууллага авсан байх юм. Ийм карт авсан байгууллагуудын зарим нь шинэ өргөөндөө хэдий нь өөрсдийнхөө ажил үйлчилгээг эхлээд байгаа ажээ.
Хандив, байгууллагын сугалаа, “Нэр төрийн арилжаа”, “Алтан карт” өргөөг босгоход мөн л хүч дутжээ.
Монголын үндэсний бөхийн холбооныхон хонжворт дурсгал гэсэн ажлын хүрээнд 50 сая төгрөг олохоор төлөвлөж бас нэг хэсэг зүтгэжээ. Энэ бол тун өвөрмөц ажил. Уг ажилд оролцогчид, бөхийн зураг, энгэрийн тэмдэг, номын зураг, зодог шуудаг гээд олон хонжвортой. Хонжвор хожсон ч хожоогүй ч хонжворт дурсгалыг дэмжигчид ил захидлын дурсгалын хуудастай үлдсэнээ хүүхдүүд өргөөний нээлтийн барилдаан дээр авч явсан. Сайн юманд садаа олон гэдгийг өргөөнд хөрөнгө хуримтлуулах аль ч хэлбэрийн ажлын явцдаа Нямдоржийн багийнхан нэг биш үзэж байсныг бөх сонирхогчид мартаагүй биз ээ.
Хэвлэлээр дэмжсэн, шүүмжилсэн өнгө аяс хэдэнтээ илэрч байсан. Тэдгээрээс энд ганц баримт хэлэхэд М.Энхсайханы Засгийн газрын үед өрнүүлж байсан “Хонжворт дурсгал” ажил нь дээрээс гэсэн нэгэн ижил шалтгаар ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагын няцаалтаар мухардсан түүхтэй.
Бахархалтай нь өнгөрөгч шинэ жилийн баярыг олон хүүхэд Бөхийн өргөөнд тэмдэглэж байхыг зурагтаар бид бүхэн харсаан.
Дээр өгүүлсэн таван төрлийн ажлын хандиваас бусад дөрвийг нь би бөхийн холбооны менежментээр хийсэн бизнесийн үйл ажиллагаа гэж баттай ойлгож байгаа юм л даа. Энэ санаа минь бодит амьдралтай нийцнэ байх аа. Тэгэхлээр Рэгжийбуугийн Нямдоржийг топ менежер гэж цолломоор санагдсан юм. Энэ цол түүнд ахдахгүй байх аа.
Монголын бөхийн өргөөг барьж босгосон түүх дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр олон хүчин зүйлийн илэрхийлэл болох байх. Хандиваар эхэлж, байгууллагын сугалаа, нэр төрийн арилжаа, албан карт, хонжворт дурсгалын орлогоор санхүүжүүлээд байсан хэр нь өргөөний үүдийг нээхэд бас л хүч мөхөсдөн төр, засгийн удирдлагад хандахад тэд анхаарч 800.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь нүдээ олсон буян болжээ.
Орос ардын “Манжин” үлгэрийг үе үе санагдуулах дээрх хэсэгт бөхийн өргөөний санхүүжилтийг хэрхэн шийдсэнийг бүдүүвчлэн өгүүллээ. Энэ нь дотроо мөнгө олох аргыг сэтгэн бодож олох, олсон аргаараа мөнгөтэй хүний эзэмшилд байгаа хөрөнгийг өргөө рүү хандуулах хэсгээс бүрдэж байна. Харин олж авсан мөнгөөрөө өргөөг аль болох хурдан барихын тулд зориулалтын чанартай материалыг зах зээлээс зөв сонгон олж үрэгдэл хорогдол багатайгаар барилгаа барьж гүйцээх нь бас нэг бүлэг ажил байж.
Үнэнийг хэлэхэд Бөхийн өргөөний дайтай барилгыг бүтээн босгоход дээхнэ үед дөрвөн яам, газар тус тусын үүргээ хамтран биелүүлж байж бариулдаг байсан л даа. Тэгвэл МҮБХ-ны тэргүүн маань дэд тэргүүн П.Даваасамбуу, Д.Данзан хоёрыгоо баруун, зүүн гартаа хөтлөөд холбооныхоо хэдхэн хүний бүх чадал хүчийг шавхсаар өргөөг босгосон.
Бөхийн өргөөнд ерийн нэг иргэнээсээ эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл орж нэгэнт тухалсан болохоор ямар барилга болсныг нуршихаа азная. Бөхийн өргөөг босгосон түүхийг нь товчхон өгүүлэхэд ийм байна.
(“Өнөөдөр“ сонины 1999 оны 1-р сарын 10-ны өдрийн дугаарт)