Гадаа тэсгэм хүйтэн тачигнан байхад Улаанбаатарын тэнгэрт утаа бүрхэж, хот нэг л бүрэнхий. Нүүрсний утаа, машины утаа, үйлдвэрийн утааг нийслэлчүүд хоолойдоо соруулж, уушгиндаа шүүж байна. Утаа униар, тоос торmгоор амьсгалж байгаа бид болон бидний үр хүүхэд амьсгалын замын өвчнөөс ангижрахаа нэгэнт больжээ. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа өрхийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал хэд дахин ихэссэн байна. Амьсгалын замын халдварт өвчин буюу бидний хэлдгээр ханиадны эдгэрэлт удааширснаас гадна уушгины архаг өвчин сэдрэх нь нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллага мэдээлж байгаа юм. Тиймээс бид ханиад томууны нөхцөл байдлын талаар сурвалжилж, агаарын бохирдол их, хүйтний эрч чангарч байгаа энэ үед ханиад томуунаас хэрхэн сэргийлэх, ханиад хүрч, хоолой өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг бэлтгэлээ.
Бидний ойр орчмын хүмүүс хоолой өвдөж, халуурч байна гэх яриа цөөнгүй сонсогдож буй. Үүнтэй холбоотойгоор УНТЭ-ийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлээс ханиад томуунаас хэрхэн сэргийлэх, ханиад хүрч, хоолой өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар тодруулсан юм.
Тухайн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 10-14 хувь нь амьсгалын замын цочмог вирусийн халдвар буюу ханиадтай хүмүүс үйлчлүүлж байгаа аж.
Амьсгалын замын архаг өвчнүүд сэдэрч, гуурсан хоолойн цочмог үрэвсэл хүндэрч байна
Сүүлийн үед хүнээс хүнд дамжин халдварладаг агаар дуслын цочмог халдвар их байгаатай холбоотойгоор амьсгалын замын архаг өвчнүүд сэдэрч, гуурсан хоолойн цочмог үрэвсэл буюу томуу, томуу төст өвчин хүндэрч, улмаар уушгины хатгаа үүсч байна. Мөн багтраа, архаг бронхит өвчин сэдрэх нь нэмэгдэх хандлагатай байгаа.
Амьсгалын замын цочмог халдварын 200 гаруй төрлийн вирус байдаг. Одоогийн байдлаар томуу өвчин үүсгэдэг А хүрээний вирус хүмүүсийн дунд нэлээд тохиолдож байна. Энэ вирусийн халдвар 7-10 хоног үргэлжилдэг. Гэхдээ хүний дархлааны тогтолцоо сул байгаа болон агаарын бохирдолтой холбоотойгоор амьсгалын замын халдвар эдгэрэхгүй удаан хугацаагаар үргэлжилж байна. Байнгын ханиалгаж байгаа хүмүүс их байна. Хүний амьсгалж байгаа агаар хүчилтөрөгчөөр хангагдсан, чийглэг байж хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэхгүй байвал хүн эрүүл байна. Хүн эрүүл агаараар амьсгалахад гадаад, дотоод орчин нөлөөлдөг. Гадаад орчноос бохир агаар орвол дотоод орчин төдий чинээгээр бохирдож, вирусийн үржил явагддаг. Гэр бүлд нэг хүн ханиадтай байхад бусад хүнд амьсгалын замаар вирус дамжин халдах нөхцөл бүрддэг. Үүний дээрээс утаа, тоос, тортог нөлөөлнө. Эдгээрээс болоод амьсгалын замын халдвар нэлээд байна.
Сайн чанарын маск зүүж, гэртээ агаар шүүгч хэрэглэх шаардлагатай
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд тасалгааны агаар шүүгч хэрэгцээтэй байгаа юм. Агаар шүүгч нь тоос тортог, бактери, вирусийг шүүдэг учраас бага насны хүүхэдтэй, жирэмсэн, амьсгалын замын өвчтэй хүмүүс тасалгааны агаар шүүгчийг хэрэглэхийг зөвлөж байна. Гадаад орчны бохирдлыг яах ч араггүй учраас сайн чанарын маск зүүх нь чухал байна.
Дархлаагаа дэмжихын тулд цэвэр агаарт гарч, витаминаар баялаг хүнс хэрэглэ
Дархлаагаа сайжруулахын тулд шингэн зүйл сайн ууж, витаминаар баялаг чацаргана, аарц хэрэглэ. Боломжтой бол долоо хоногт нэг удаа эрүүл агаарт гарах нь сайн. Хангалттай хэмжээний уураг, өөх тос, витаминаар баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, эрүүл агаарт байвал хүний дархлаа хэвийн ажиллаж, гаднаас орж ирсэн бактери, вирусийг устгадаг.
Хоолой үрэвсэж эхлэхэд л өрхийн эмчид хандах ёстой
Үүний дараагаар бид тус эмнэлгийн Чих, хамар хоолойн тасгийн их эмч З.Мэндсайхантай уулзсан юм.
Тэрээр “бактер, вирусийн идэвхжлийн үе болон агаарын бохирдолтой холбоотойгоор хоолойн өвдөлт ихсэж байна. Хоолой өвдөхөд шууд халуурахгүй. Тодорхой үе шаттай байдаг. Шүлс залгихад хөндүүрлэж, улайж эхэлнэ. Даамжирсаар идээлж, буглаа үүсэх эрсдэлтэй. Тиймээс хоолой үрэвсэж эхлэхэд л өрхийн эмчид хандах ёстой. Өрхийн эмчид үзүүлж, тохирох эмчилгээ хийлгэвэл хүндрэхээс нь өмнө эмчилж чадна. Цаашлаад идээлэх хандлагатай болж, эрүүн доорхи болон хүзүүний булчирхайнууд томорч эмзэглэх, ам ангалт хязгаарлагдах үед нарийн мэргэжлийн эмчид хандаж болно. Халуун хүйтэн, спирт, хүүхдийн шээсээр жин тавихгүй. Харин хоолойн үрэвслээс сэргийлэхийн тулд дулаан хувцаслаж байх, агаарын бохирдол ихтэй үед маск зүүх, хамар битүүрдэг бол хамрын битүүг арилгах ёстой” гэж ярьсан.
Дараа нь Баянзүрх эмнэлгийг зорьж, Хүүхдийн өвчин судлалын төвийн хүүхдийн их эмч Б.Лхамдуламтай уулзлаа. Энд тэндгүй хүүхэд уйлна. Сул ор байхгүй. Эмч нар хүүхдүүдийг үзэж харагдана. Зөвхөн дүүргийн эмнэлэгт өдөрт 200 гаруй хүүхэд үзүүлдэг байна. Харин амралтын өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 400 орчим хүүхдүүд үзүүлдэг аж.
0-5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын замын халдвар элбэг тохиолдож байна
Б.Лхамдулам эмч хэлэхдээ “Томуугийн идэвхжил эхэлсэн учраас хүүхдийн амьсгалын замын халдвар хүндрээд ирэх тохиолдол их байна. Хүүхдийн хоолой улайж үрэвсэж эхлээд хүндрэхээрээ уушгины үрэвсэл болж байгаа юм. Үрэвсэл явагдаж байгаа үед эцэг, эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж, цаг хугацаа алдан өвчнийг хүндрүүлж байна. Ихэвчлэн 0-5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын замын халдвар элбэг тохиолдож байна. Ялангуяа 0-2 хүртэлх насны хүүхдийн өвчлөл их байгаа юм. Ингэхдээ толгой өвдөх зовуур их байхын зэрэгцээ бөөлжиж, таталт өгч байгаа. Үүний дээр хатгааны хүндрэл нэмэгдэж байна.
Эцэг, эхчүүд хүүхдээ дур мэдэн эмчилж, ханиадыг хүндрүүлэхгүй байх хэрэгтэй
Ихэвчлэн томуу, томуу төст өвчин нь вирусаар үүсгэгддэг. Уг өвчний үрэвсэл явагдаж, хүүхдийн хоолойд улайлт өгч эхлэх үед өрхийн эмч юм уу, хүүхдийн эмчид үзүүлж эм уух эсвэл асаргаа сувилгаагаар үрэвслийг дарах эсэхийг шийдэх ёстой. Эцэг, эхчүүд хүүхдээ дур мэдэн эмчилж, өвчнийг хүндрүүлэхгүй байх хэрэгтэй байна. Вирусийн гаралтай үрэвсэл эхэлсэн байхад эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээ аваагүй тохиолдолд бактерийн гаралтай халдвар авч, уушгины үрэвслээр хүндрэх, өндөр халуурах, хордлого илрэх зэрэг дараа дараагийн эрсдэлийг улам нэмдэг. Вирусийн гаралтай үрэвсэл эхэлж байхад дур мэдэн антибиотик хэрэглэх нь өвчнийг улам хүндрүүлдэг. Антибиотикийг зөвхөн нянгийн гаралтай бактерийн эсрэг хэрэглэж болно.
Хүүхдээ ханиад томуунаас хол байлгахын тулд дараах дэглэмийг сахина
Бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газраар авч явахгүй байх. Хүүхдийг цэцэрлэг, сургуульд авч явахдаа дулаан хувцасла. Ханиадны шинж тэмдэг эхэлж байгаа үед цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрийн хорионд байлгана. Шингэн зүйл сайн уулгана. Шингэн зүйл бага уух тусам хүүхдийн бодисын солилцоо муу явагдана гэсэн үг. Хүүхдээ өдөрт 4-5 удаа хооллоно. Ингэхдээ 2-3 удаа махан хоол, 2-3 удаа хөнгөн зууш өгөх хэрэгтэй. Мөн иллэг, цэгэн массаж хийж, хүүхдээ чийрэгжүүлнэ. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцооны эсийг идэвхжүүлж өгдөг. Гэртээ 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Вок, саван буюу хэт хурц үнэртэй зүйлээр чийгтэй цэвэрлэгээ хийж болохгүй. Зөвхөн усаар цэвэрлэгээ хийнэ. Мөн өдөр бүр утаа багатай үед цонхоо нээж, агаар солилцоо явуулаарай. Хүүхэд байгаа газар цонхоо шууд онгойлгож болохгүй.
Үүнээс гадна гэртээ агаар шүүгч ажиллуулж болно. Хамгийн найдвартай арга бол цэвэр агаар. Тиймээс боломжтой бол ид утааны үед хүүхдээ хөдөө цэвэр агаарт байлгах нь хамгийн зөв сонголт.
Эцэг, эхчүүд эмчилгээ хийлгэсэн хүүхдийн гамыг алдаж, өвчнийг дахин сэдрээж байна
Уушгины үрэвсэл, хатгаа нь бүтэн сарын турш шимэгдэж эдгэрдэг. Эмнэлэгт идэвхжлийн үеийг дараад гаргадаг. Эмчлэгдээд гарч байгаа хүүхдүүд гэртээ хариад асаргааны дэглэмийг сарын хугацаанд сайн мөрдөх шаардлагатай байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийг эмнэлгээс гаргаад шууд цэцэрлэгт нь явуулахгүй гэсэн үг. Эмнэлгээс гарсан хүүхдийг эцэг, эхчүүд дааруулж, хүйтэн агаар амьсгалуулах, дэглэм алдсантай холбоотойгоор дахин өвчилж байна.
Суулгаж байгаа үед хүүхдийн хоолыг хорихгүй бага багаар ойр ойрхон хооллоно. Шингэн зүйл сайн өгнө. Төмсний зутан, будааны шүүс, байх уу цай, хярам өгч болно. Суулгалттай үед хүүхэд уусан зүйлээрээ бөөлжих эсвэл юм уухдаа дургүй болох, ойр ойрхон бие засах шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана. Энэ жил уушгины хатгаа, суулгалт хавсарч байгаа. Энэ нь гарын ариун цэвэртэй шууд холбоотой. Алхам бүрдээ гарын ариун цэврийн маш сайн сахиарай. Ялангуяа хөхүүл ээж, хүүхдээ хөхүүлэхээсээ өмнө гараа угаана. Хөхний толгойгоо угааж цэвэрлэнэ.
Хүүхдийн дархлааг дэмжих хамгийн энгийн арга нь асаргаа, хооллолт юм
Хүүхдийн дархлааг дэмжинэ гэж заавал эм өгөх шаардлага байхгүй. Цэгэн массажыг тогтмол хийгээд заншсан байхад хүүхдийн дархлаа дэмжигдэнэ. Насанд нь тохирсон хоол хүнсийг өдөр бүр шинээр хийж өгөх хэрэгтэй. Гэхдээ хооллож байна гээд байнга бантан, каш өгөхөөс илүү ягаан дэвтэр дээрх хоолыг хийж өгөх хэрэгтэй. Зөвхөн бантан, каш өгөөд л байвал хүүхдийн хоолноос авах эрдэс бодис дутагдана. Тиймээс хоолны нэр төрлийг баяжуулаарай” хэмээн зөвлөсөн юм.