Open iToim app
Зочин | 8 мин уншина

Р.Хатанбаатар: Туршлага гэдэг цаг хугацаагаар хэмжигдэхээс гадна асуудлаа туулсан байх юм

Р.Хатанбаатар: Туршлага гэдэг цаг хугацаагаар хэмжигдэхээс гадна асуудлаа туулсан байх юм
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 15
АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч Ардчилсан социалист хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Р.Хатанбаатартай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Ас: Та Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлалцаж явсан Үндсэн хууль тогтоогч. Мөн 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэгт ажиллалаа. 28 жилийн өмнөх нөхцөл байдал, энэ удаагийнхаас мэдээж өөр. Энэ ялгааг та өөрийнхөө хувьд яаж мэдэрсэн бэ?
Хар: Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан бид адилхан МУИС-ийн залуухан багш нар 1990 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн болж байлаа. Үндсэн хуултйн анхных нь үгийг цаасан дээр бичихээс эхлээд батлагдан гарах хүртэлх бүх ажилд нь гар бие оролцож явсан. Өмнөх Үндсэн хууль системийн шилжилтийг хийж улс орны хөгжил дэвшил, ирээдүйг тодорхойлсон бол энэ удаа бид эрэг шургаа чангалж, тослож тордон өмнөх ололтоо батлагаажуулах, алдаагаа засах ажлыг хийлээ. Үндсэн хуулийг батласан хүмүүс Үндсэн хуулийнхаа хувь заяанд үргэлж санаа зовж ард түмэн маань Үндсэн хуулиа дагаж мөрдөөсэй, төр засаг нь хэлбэрэлтгүй хэрэгжүүлээсэй гэж насан туршдаа анхаарч явдаг юм байна. Улс орныхоо өнөөгийн хөгжил, айл өрхийн амьдрал ахуйд гарсан өөрчлөлтүүдээс  харахад энэ  Үндсэн хууль  сайн  болсон гэж баттайгаар хэлж чадна. 2010 оноос хойш гурван парламент дамжин яригдаж тал талаасаа санаа бодлоо уралдуулж бас ч нэлээн асуудлууд дээр нэгдсэн ойлголттой болсон байсан. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд залуу, ахмад үеийнхэн аль  аль нь сэтгэл зүтгэл гарган оролцлоо. Энэ ажлыг гардан авч, оройлон манлайлсан хүн нь яах аргагүй Д.Лүндээжанцан. Бүх асуудал том жижиг гэлтгүй толгойд нь байна, намуудын санаа бодол, олон ургалч үзлүүдийг зангидаж чадаж байна. Ийм хэмжээний туршлагыг хуримтлуулж, төрийн хар хүн болоход цагийн шалгуурыг давах ёстой л доо. Энэ шалгуурыг Д.Лүндээжанцан давсан.
Ас: Монгол Улсын Үндсэн хууль маш олон суурь асуудлуудыг шийдэж чадсан ч эрх мэдлийн хуваарилалт, хяналт дээр цоорхой үлдээснийг санаатай болон санамсаргүйгээр ашиглаж системдээ гажиг үүсгэж засаглалын хямралд хүргээд байсныг энэ өөрчлөлтөөр засах гэж хичээсэн гэж ойлгож байгаа. Эрх мэдлээ алдахыг хүсэхгүй улс төрийн бүлэг, хүчнээс эсэргүүцэх, өөрт ашигтайгаар өөрчлөх сонирхол нэлээн байсан уу?
Хар:  Улс төрийн хүчин болгон өөр өөрийн үзэл санаатай. Гэхдээ сайн шинэчлэл, дэвшилтэт зүйлийг өөртөө наахыг аль ч улс төрийн хүчин хүснэ. Энэ удаад улс төрийн хүчин, бүлгийн хүсэл эрмэлзэл эсвэл саад болох сонирхлоос илүүтэй ард түмний санаа бодол л ялсан. Бүгдэд л үүнийг ингээд өөрчилвөл сайн болно гэсэн өөрийн бодол байгаа. Энэ санаа бодол хоорондоо заавал давхцах албагүй. Жишээ нь, нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой. Ингэхгүй л бол улс орон болохоо болилоо гэж ярьж байна, нөгөө хэсэг нь давхар дээл 100% хэрэггүй гэхэд тодорхой хэмжээнд байх ёстой юм гэх зэргээр олон үзэл бодол уралдаж байна. Ийм хэлэлцүүлэг, олон өнгө өнцөг зайлшгүй байх ёстой. Энэ дундаас голчийг нь олж зөв томьёолох гэдэг хамгийн чухал. Голчийг нь олох хүн бол Д.Лүндээжанцан л байсан гэдгийг хэлмээр байна. Жишээ нь орон нутагтай холбоотой асуудал. Маш олон янзын санаа бодол байлаа. Нэг нь баруун тийшээ хазайхад нөгөө нь зүүн захад байна шүү дээ. Эрс тэс, өөр өөр өнцөгтэй санаа бодлуудыг нэгтгэнэ гэдэг бөөрөнхийлсөн гэсэн үг биш. Харин ч яг голыг нь олсон заалт болгон зангидаж чадах нь ур чадвар. Хэлэлцүүлгийн үед янз бүрийн үзэл санаа, эсэргүүцэл, үл итгэх хандлага их байсан. Одоо батлагдаад гарсны бүгд л сэтгэл хангалуун байгаа.  Ингэж голыг нь олж, цул болгон зангидах хүн бол төрийн механизм яаж ажилладгийг мэддэг хүн байна. Онолын мэдлэг, гадаад дотоодод үзсэн харсанаар, олон ном уншсанаар энэ чадвар суухгүй л дээ. Олон жилийн туршлага, тасралтгүй хөдөлмөр, өдөр бүр сэтгэлдээ бодож, толгойдоо боловсруулж, яс махаараа мэдэрсэн хүнд л суудаг юм. Залуучууд шинэлэг санаа бодлоо гаргаад ахмад, туршлагатай хүмүүс нь жин банг нь тааруулж зааж зөвлөөд залуучуудаа хөтлөдөг юм байна гэдгийг  Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах үйл явц харууллаа.
Ас: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа. Одоо дагалдан гарах хуулиудийг зөв агуулгатай гаргах нь хамгийн чухал. Эс бөгөөс дахин гажуудуулах аюултай. Ирэх 4 жил Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн засаглалын хуваарилалт, шүүхийн реформын он жил байх болно. Дэндүү хариуцлагатай ажлыг хэн хийх вэ гэдэг сонголтыг ард түмэн хийнэ.
Хар: Юуны өмнө Үндсэн хуулийнхаа суурь зарчмаа маш сайн мэддэг хүмүүс байх хэрэгтэй. Дагалдан гарах хуулиудыг Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэн батлаж гаргана гэдэг бол  Үндсэн хуулиа хийхээсээ хэцүү ажил. 1990 оны Үндсэн хуулийг цаана нь Б.Чимид гуай бариад явж байсан. Одоо энэ Үндсэн  хуулийн өөрчлөлтийг барих хүн Д.Лүндээжанцангаас өөр хэн ч биш. Туршлага гэдэг цаг хугацаагаар хэмжигдэхээс гадна хамгийн гол нь асуудлаа туулсан байх явдал. Өндөр насласнаар л туршлагатай болдог юм биш. 60 орчим насны ид мэдлэг туршлага нь жагсчихсан хүмүүсээ явуулчихаад хууль эрх зүйн реформ, засаглалыг цэгцэнд оруулах энэ том ажлыг хийнэ гэдэг бүтэхгүй. Гажуудуулбал их аюултай.
Ас:  Сүүлийн үед парламент залуучуудаас л бүтэх ёстой гэсэн хандлагыг их хөөрөгдөж байна. Та олон жил судалгаа хийсэн, хууль тогтоогч байсан хүний хувьд парламентын бүтэц ямар харьцаатай байх хэрэгтэй гэж боддог вэ?
Хар: Ер нь парламентад зүтгүүр нь болж манлайлан авч явах 10-20 хүн заавал хэрэгтэй. Төрийн үндсэн суурь нь болно гэсэн үг. Тэгээд залуу үе доороос орж ирэх ёстой. Нийгмийн янз бүрийн бүлэг, нас, хүйс, мэргэжлийнхэн байна. Нас, туршлагын хувьд дунд үеийнхэн гол цөмийг нь бүрдүүлж таараа. Хөгшчүүлээ явуулаад залуу үеэ дэмж гэдэг ойлголт их түрээд байгаа. Тэр залуучууд өсөн дэвжиж ахмадуудаасаа суралцаж тэгээд цагийн шалгуураар ахмадууд шахагдах ёстой болохоос өнөөгийнх шиг ийм механик түрэлт хийж яв гэж явуулчихаад өөрсдийн дураар байх гэвэл эргээд гажуудал үүсгэх аюултай. Хамтдаа байж тэднээс суралцаж тэдний хэмжээнд хүрэхэд аяндаа ахмадууд шахагдаад л явна шүү дээ. Мэдлэг, чадвар, туршлагаараа түрэх ёстой болохоос ийм механик хүч түрсэн ярианд нийгэм автаж байгаа нь буруу. Сургууль төгссөнөөр боловсролтой болохгүй. Дипломтой л болно. Номын хуудсаас мэдлэг авч болно. Харин нийгмээ, асуудлаа олж харж чаддаг болно гэдэг арай л өөр зүйл.
Ас: Тэр туршлагыг олж авахын тулд асуудлыг өөрийн гараар тэмтэрч, тэр амьдралыг туулах хэрэгтэй. Үүнийг л залуус хүсээд өөрийгөө сорьё гээд байгаа байх л даа.
Хар: Ахмад, дунд үеийнхэн энэ залуусаа чирээд авч явах ёстой. Парламентад үе үеийн төлөөлөл байдаг. Дунд үеийнхнийг ахмад үе нь өдий зэрэгт хүргэж байгаа. Түүнтэй адил залуучууд ахмад, дунд үеэсээ суралцаж байж тэр жинхэнэ туршлага, боловсролыг авах учиртай болохоос хөгшин учраас чи яв, залуу учраас би ирье гэсэн зүйл ярьж болохгүй.  Ахмадууд нь дараа үедээ халаагаа өгдөг нь жам. Цаг нь ирэхэд бэлтгэгдсэн хүмүүс өөрсдөө гараад л ирнэ. Харин төлөвшөөгүй хүмүүс механик түрэлт хийх гэж улайрч байгаа нь буруу.
Ас: Туршлага, мэдлэгтэй байх гэдэг улс төрч байхаас арай өөр зүйл юм шиг санагддаг?
Хар: Улс төрч байна гэдэг хүн  бүхэнд заяадаг чадвар биш юм байна. 1990 оноос хойш улс төрөөр дамжсан, УИХ-д байсан олон хүмүүсээс энэ хүн үнэхээр Монголынхоо төлөө улс төрч байжээ гээд тоолвол маш цөөхөн хүнийг хэлнэ. Намаар дамжсан, УИХ-аар дамжсан, уриа лоозон хашгирснаараа улс төрч болдоггүй л дээ.
Ас: Улс төр өөрөө нэг тийм адтай юм. Эрх мэдэл өгдөг, боломж олгодог. Энэ бүхэн нь цаагуураа хүний мөн чанарыг сорьдог юм байна. Хаана очиж унах, юуны өмнө ноён нуруу нь хугарах нь вэ гэдгийг харуулж байдаг тийм зүйл юм даа.
Хар: Үнэхээр эрх мэдэл хүнийг хамгийн айхтар шалгадаг юм байна. Төрийн эрх мэдэл, мөнгөний эрх мэдэл гээд их бага олон эрх мэдэл байна шүү дээ. Эрх мэдэл дээр очоод хичнээн хүний ноён нуруу хугарч байгааг зөндөө харлаа. Уг нь хүний шалгая гэвэл эрх мэдэл өгч шалгаж болох юм шиг байна. Даанч  тэгж болохгүй л дээ.
Ас: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноо маань зарим хүмүүст эрх мэдэл өгч шалгасныхаа горыг амсаж л яваа хэрэг биз дээ?
Хар: Амсаж байгаа. Гэхдээ бидэнд өөр зам байгаагүй. Цаашид ч ингээд л алдаж оноод л явна. 100 хувь зөв хүн гэж хэнийг хэлэх вэ дээ. Нэг нь зөв гэхэд нөгөө нь эсрэг юм хэлнэ. Гэхдээ улс төр өөр. Улс төрөөр дамжсан есөн зүйлийн хүмүүсийг бүгдийг улс төрч гэж хэлж болохгүй. Ард түмэн маань сонгож байгаа хүнээ маш сайн шинжих ёстой юм. Аль нэг тал руу нь ханараад залуучууд л дээр юм байна, нам дэмий бие даагчид л хэрэгтэй гээд туйлшраад эхэлбэл дахиад л алдаагаа давтаж улс орон маань л хохирох болно. Алдаа оноог нь зааж  залруулж байх туршлагатай хэдэн хүн байх ёстой. Бид ардчилсан нийгмийн 30 жилд алдаа оноотойгоо урагшилан дэвшиж байна. Яах вэ, сонгууль дөхөхөөр жаахан хийрхэл хөдлөөд байдаг болохоос Монгол улс сайн тал руугаа л хөгжөөд байгаа шүү дээ. Өнөөдөр боловсролтой мэдлэгтэй бас сайхан ярьдаг залуучууд зөндөө байна. Гэхдээ  хэн нь цаашид зөв замаар явж чадах, хэн нь түрүүний хэлдгээр ноён нуруу нь хугараад унах юм гэдгийг эрх мэдэл өгч шалгах дэндүү эрсдэлтэй, дэндүү үнэтэй. Одоо залуучууд гээд савласан сонголтоор харьцааг нь л алдагдуулах л юм бол буруудна. Залуусаа гаргаж ир. Гэхдээ туршлага, мэдлэг ид жагсаж байгаа 60 гаруй насны хэдэн хүнээ бүгдийг нь явуулж огт болохгүй. Тэд чинь Монгол төрийн дархлаа болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Намууд ч нэр дэвшүүлэхдээ ч энэ харьцааг тусгах хэрэгтэй.
 Ярилцсан Т.Баярмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн