Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Д.Чойжамц: Хүрээ цамын бүжгийг лам нар гурван сарын турш бэлддэг

Д.Чойжамц: Хүрээ цамын бүжгийг лам нар гурван сарын турш бэлддэг
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 2
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулдаг “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт болно. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны олон арга хэмжээ болно.
Даншиг наадмын хамгийн гол хэсэг болох цамын бүжиг болон Хүрээ цам харайх шашны зан үйлийн талаарх Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдварыг хүргэе.
Тэрээр “Хүрээ Цам нь шашин ёслолын зан үйл талаасаа хамгийн том арга хэмжээнд тооцогддог. Гандантэгчинлэн хийдийн лам нар Хүрээ цамын бүжгийн бэлтгэлийг гурван сарын хугацаанд хийдэг. Цамын бүжиг бол хүнд хүчир ёслолын нэг юм. Том хүн баг зүүж, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Сонин содон төрх бүхий багт хувцас өмссөн 60 орчим лам цамын бүжгийг маш нарийн дэг жаягийн дагуу хийнэ. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж бэлгэшээж ярьдаг. Тухайлбал Гандан хийдийн лам, цам харайж байсан н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цам бүжиг нь биеийн уян налархай хөдөлгөөн голлодог, нарийн ёс жаягтай учраас цаагуураа буян  хураадаг гэдэгт итгэдэг.
Энэхүү шашны зан үйл болохоос өмнө цамын 5-6 төрлийн хурал болдог. Үүнээс өмнө  Гандантэгчинлэн хийдийн лам нар дуу чимээгүй газар 7 хоногийн бясалгал хийж, бурхдын нэрийн өмнөөс зан үйл явуулах зөвшөөрлийг авдаг уламжлалтай юм.
Хүрээ цамын ёслол нь шашны том үйл гэдэг утгаараа Монголын ард түмэнд том засал болно гэж бэлгэшээдэг. Тиймээс Хүрээ цам харайх ёслолыг жилдээ нэг удаа хийх ёстой гэж шашинтан, хуврагууд үздэг. Наадмын эдгээр өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн бүх лам нар сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг.
Цамын ёслолыг гадна, дотнын маш олон жуулчин үздэг болсон байна. Нэг талдаа шашны зан үйл ч нөгөө талдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болж байгаа. Азийн орнуудад цамын бүжгийн гар, нүүр, хөлийн хөдөлгөөнөөр утга илэрхийлдэг соёл дэлгэрсэн. Энэ талаас нь харвал жуулчдад шинэ төрлийн соёлыг түгээж байна гэж ойлгох ёстой.
Хүрээ цамын ёслолд оролцох сүсэгтэн олонд хандаж хэлэхэд, цамын үйл нь амьдралын харшлах шалтгаан бүрээс амирлуулж, амар жаргалантай, өвчин зовлонгүй эрүүл мэнд сайн сайхан байлгахын төлөө залбирч мөргөж байгаа том гүрэм учраас бие, хэл, сэтгэлээрээ залбирахад буян болно. Төгсгөлийн үед болдог “Жахар цам” залах үед муу муухай болгоныг зайлуулах зан үйлийг лам нар хийдэг. Энэ үед нь сүсэгтэн олон чин сэтгэлээсээ  залбирч, оролцоорой гэж уриалж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, "Даншиг наадам-Хүрээ цам" шашин ёслолын үеэр Цагаан өвгөний цамнахыг үзэж, сонирхон  тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг уламжлалтай юм байна. Цагаан өвгөн хурсан олон ламтай хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэж, зан ааш сайтай байвал өвөл дулаан, дэлгэр сайхан болох төлөвийг илтгэдэг гэж сүсэгтэн олон ярьдаг билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн