Open iToim app
Зочин | 9 мин уншина

Б.Баттүшиг: Дэлхийн боловсролын стандартыг Монголынхтойгоо хослуулаад явах нь хамгийн зөв

Б.Баттүшиг: Дэлхийн боловсролын стандартыг Монголынхтойгоо хослуулаад явах нь хамгийн зөв
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 7
Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигтэй ярилцлаа.
-Сүүлийн үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье. Та Олон улсын олимпын хороо /IOC-International Olympic Committee/-ны албан ёсны гишүүн боллоо. Энэ нь монгол хүн  IOС гишүүнээр сонгогдож байгаа хэд дэх тохиолдол бэ?
-1977 онд Ш.Магван гуай Монгол Улсаас Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон анхны монгол хүн болж байсан. Ш.Магван гуай 2007 он хүртэл Олон улсын олимпын хорооны гишүүнээр ажилласан. Одоо хүндэт гишүүн. Миний бие ОУОХ-ны гишүүнээр сонгогдож буй хоёр дахь монгол хүн. Одоогийн дүрэм журмаар ОУОХ-ны гишүүнээр ажиллах хугацаа 4-8 жил болсон.
-ОУОХ ер нь ямар бүрэлдэхүүнтэй байдаг вэ?
-Олон улсын олимпын хороо дөрвөн төрлийн төлөөлөгчдөөс бүрддэг. Үндэсний олимпийн хороодын төлөөлөл, тамирчдын төлөөлөл, дэлхийн спортын холбоодын төлөөлөл, тэгээд бие даасан гишүүд гэж. Бие даасан гишүүд нь хамгийн олон. Спортын холбоодын ерөнхийлөгч нараас 10-15 хүн холбоогоороо дамжуулаад ОУОХ-ны гишүүн болдог. Тухайн холбооныхоо ерөнхийлөгчөөсөө буувал ОУОХ-ны гишүүнээсээ бас бууна. Албан тушаалаараа гэсэн үг. Үндэсний олимпын хорооны төлөөлөгчдөд ч энэ заалт үйлчилдэг. Үүнээс гадна 50-60 хүн яг бие дааж ОУОХ-нд сонгогддог.  Миний бие бие даагч гэсэн статусаар ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон. Зарим хүн намайг Монголын үндэсний олимпын хороог төлөөлж орлоо гэж ойлгосон шиг байна лээ. Тийм юм байхгүй ээ. Хоёр жилийн өмнө ОУОХ-ны удирдлагаас намайг анх ОУОХ-ны Маркетингийн комисст нэр дэвшүүлж оруулсан. Тэндээс л хөгжиж байгаа орны залуу боловсон хүчин, технологийн, бизнесийн хүн, Харвардын их сургууль төгссөн, спортод идэвхтэй, сэтгэлтэй зэрэг 4-5 шалгуурыг хангасан учраас намайг ОУОХ-ны гишүүнээр нэр дэвшүүлэх саналыг гаргасан байх гэж боддог.
-Гишүүнээр сонгогдоход санал хурааж шийдэх үү?
-Тэгсэн. Удирдах зөвлөл дээр санал хураалт явуулдаг. Эхлээд сонгон шалгаруулах комисст маш олон хүнийг санал болгож нэр дэвшүүлээд тэндээсээ шалгаруулж гаргаж ирдэг. Энэ шатаа эхлээд давна. Давсан нь Ёс зүйн хорооны шалгаруулалтад ордог. Энэ хоёр шат, шалгуурыг давсан нэр дэвшигчдийг ОУОХ-ны Удирдах зөвлөлийн хуралд оруулдаг. Тэгээд  IOC session буюу  чуулганаар орж, 100-гаад гишүүний  олонхийн санал авсан нь ОУОХ-ны гишүүн болдог. Эдгээр сонгон шалгаруулалтыг давж гарна гэдэг том даваа юм билээ. Сая намайг сонгогдох чуулганд  шалгуур давсан таван хүн нэр дэвшсэн. Яг  санал хураасан чуулган нь өнгөрсөн долдугаар сарын 17-нд болоход би карантинд байж таарсан. Онлайнаар хуралд оролцсон.
 -Монгол хүн энэ хорооны гишүүн болсны давуу тал, Монгол Улсад ирэх ашиг гэвэл юу байх вэ?
-Олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэхэд ОУОХ-нд Монгол Улс өөрийн дуу хоолой, саналыг эрхтэй болж байна. Үүнээс гадна олимпын төрлийн аль нэгэн спортыг Монголдоо хөгжүүлэх, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын холбоодоос дэмжлэг авахад гүүр, хөтөч байх боломжтой гэж харж байгаа. Монголоос IOC-гийн гишүүн байна гэдэг их чухал. Тухайн спортын ямар төрлийг олимпод оруулах, олимп аль улсад болох гээд олон чухал асуудалд оролцож, санал өгнө, байр сууриа илэрхийлнэ. Хоёрт, олон улсын хурал, зарим  тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад санал өгөхөд шууд ОУОХ-той харилцах нь бас нэг талаар давуу тал болно. Мөн олон улсад Монголынхоо тамирчдыг дэмжихэд илүү тод дуу хоолой болж ажиллана гэж бодож байгаа. 

Залуучуудын олимпыг Монголд хийхэд тийм хол харагдахгүй байгаа

undefined
-Олон улсын олимпын хорооны гол зорилго нь Токиогийн зуны  олимп байгаа байх. Ер нь сүүлийн үеийн авсан мэдээллээр Токиогийн олимп яг болох уу?
-Сүүлд гаргасан шийдвэрээр бол 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ гэсэн заавраар явж байгаа. Гэхдээ зарим спортын төрлүүд Дэлхийн аваргаа ч хийж чадахгүй, цаашдаа 2021 онд юу болох нь тодорхойгүй хэвээр л байна. Урьдчилсан байдлаар бол олимпоо товлосон хугацаандаа хийнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. Тийм учраас зарим улс орнууд карантины дэглэмээ тодорхой төвшинд өөрчилж, дэлхийн том тэмцээнүүд явагдах, тамирчид бэлтгэлээ хийх нөхцөлийг бүрдүүлж байна. НБА хүртэл “bubble” гээд бүх тамирчдаа нэг газар карантинлаад, одоо “Playoff”-оо хийж байгааг манай залуус, сагсан бөмбөг сонирхогчид мэдэж байгаа.
Токио хотын дарга Юрико Койкотой өнгөрсөн жил Токиогийн олимпын багийн ахлагч нарын хурлын үеэр танилцсан. Энэ хүн бол Токиогийн олимпыг товлосон хугацаандаа болох ёстой гэж үздэг, бас дэмждэг хүмүүсийн нэг. Сая дахин сонгогдсон байна лээ. Сонгогдоод ард түмэндээ хандаж “Токиогийн олимп заавал болох шаардлагатай. Яагаад гэвэл Токиогийн олимп бол дэлхийн улс түмнүүдийн эв нэгдлийг харуулна, коронавирус гэх аюулт өвчнийг хүн төрөлхтөн ялж,  давж чадсаны том бэлгэдэл болно” гэж хэлж байна лээ.  ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ч гэсэн “Токиогийн олимп бол хүн төрөлхтөн коронавирус хэмээх урт тунелийг туулж эцэст нь  хүрч чадсаны бэлгэдэл болно” гэж хэлж байгаа.
-Та ОУОХ-ны гишүүнээр ажиллах хугацаанд Монгол Улсдаа дэлхийн ямар томоохон тэмцээн, хурал зөвлөгөөн зохион байгуулчих юмсан гэсэн бодол санаа, мөрөөдөлтэй явна вэ?
 -Миний хувьд Монголдоо Association of national olympic committees /ANOC/ буюу улс бүрийн олимпын хороог нэгтгэсэн холбооны зөвлөгөөнийг зохион байгуулъя гэж боддог. МҮОХ-ны өмнөх удирдлагууд ч гэсэн иймэрхүү төлөвлөгөөтэй байсан. Өөр нэг мөрөөдөл нь IOC-гийн нэг удаагийн хурлыг эх орондоо зохион байгуулчих юмсан гэж боддог. IOC-гийн зохион байгуулдаг гол тэмцээн бол  зун, өвлийн олимп, нэмэх нь IOC-гийн дэмжлэгтэй залуучуудын олимп гэж зохион байгуулдаг. Энэ нь ихэвчлэн 18-аас доош насныхан дунд болдог. 2018 онд Аргентинд болсныг харж байхад зардал багатай зохион байгуулах боломжтой нь харагдсан. Зохион байгуулалтын асуудал дээр нь IOC-гээс дэмжлэг үзүүлдэг. Аргентины дараа Африкийн Сенегал улс 2022 онд зохион байгуулах эрхийг авсан. Сая 2026 он болж хойшлуулсан. Тэгэхээр 2026 оны залуучуудын олимп болох орныг өнөөдөр шийдэж байгаа юм чинь 2030 онынхыг 3-4 жилийн дараа шийднэ гэсэн үг. Үүнд Монгол Улсаа нэр дэвшүүлнэ, саналыг оруулна гэсэн мөрөөдөлтэй явдаг. Мэдээж энэ саналыг төр засгаас санаачилж, МҮОХ-той хамтарч зүтгүүлэх ёстой.
Залуучуудын олимпыг Монголд хийхэд тийм хол харагдахгүй байгаа. Оролцох тамирчдын зардлыг нь хүртэл IOC-гоос дэмжчихдэг.
-Өөрөө бол IOC-гийн гишүүн болохоос өмнө маркетингийн комисст нь хоёр жил ажиллаж нэлээд юм харж, үзсэн байх. Сүүлийн үед олимп бол нэлээд шинжлэх ухаанч, орчин үеийн анагаахтай хосолдог болсон байна. Бүр спортын анагаах ухаан гэж тусдаа салбар эрчимтэй хөгжиж байна. Манай улс энэ талдаа аль төвшинд яваа бол?
-Манай улсын зуны олимпод амжилттай оролцдог спортын гол төрлүүд дэлхийн хэмжээнд хүрсэн гэж харж байна. Харин одоо өвлийн спортын төрлүүд дээрээ анхаарах хэрэгтэй. Өвлийн спортуудын хувьд бааз суурь, бэлтгэл хангах орчин хангалттай бүрдээгүй байна. БНХАУ-тай 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажил дээр хамтран ажиллах хэрэгтэй санагддаг. Энэ онд болсон залуучуудын өвлийн олимпыг харахад ч бид өвлийн спорт дээрээ онцгой анхаарах хэрэгтэй нь харагдсан. Олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй МҮОХ өвлийн спортууд дээр анхаарч ажиллана. Манай олимпын хорооны удирдлагын бүрэлдэхүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзсан. Төрийн өндөрлөгүүдийн зүгээс ч өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхийг дэмжсэн байр суурьтай байсан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс манай улсад анх удаа баригдаж буй өвлийн спортын томоохон төв “Steppe Arena”-г онцолж байсан.
undefined
-Саяхан Монголын үндэсний олимпын хорооны  ерөнхийлөгчийг сонгох хурал болсон. Хэвлэлээр өөрийг чинь өрсөлдөх байх гэж хүлээлт байсан ч Н.Түвшинбаяр аварга өрсөлдөгчгүй гарч ирлээ. Ямар нэгэн тохироо  явсан уу, өөрөө эсвэл өрсөлдөх сонирхол байгаагүй юм уу?
-Миний хувьд 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Токиогийн олимпын багийн ахлагчаар ажиллаж байгаа.Тийм учраас эдгээр сонгуульт ажлынхаа үр дүнг харах ёстой гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлээгүй. Бас МҮОХ-ны даргаар олимпын аварга  хүн байх нь зөв юм. Токиогийн олимпын бэлтгэлийг олимпын хоёр аварга Түвшинбаяр, Бадар-Ууган нартайгаа хамт нэг баг болж  бэлдээд орно гэдэг надад бахархалтай санагдаж байгаа. Олимпын аварга болсон хүмүүс нь олимпын хороогоо удирдаад, хамтарч ажиллахад ч урамтай байгаа. Хорооны бүрэлдэхүүн зөв хүмүүсээс бүрдчихлээ гэж харж байгаа.
 -Одоо танай шинэ багийн гол зорилго нь Токиогийн олимпод амжилттай оролцох явдал байгаа. Төдөн медаль авна гэдэг ч юм уу, ямар нэгэн зорилго тавьж байгаа юу?
-МҮОХ өмнөхөөсөө  илүү нээлттэй, төр засаг болон спортын хороотойгоо уялдаатай ажиллах шаардлага бий. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн квотоо нэмж, жендерийн тэгш байдлыг хангах, комиссуудаа идэвхжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Токиогийн олимпын бэлтгэлд онцгой анхаарч байгаа. Манай ерөнхийлөгч ажилдаа шуурхай орсон. Шигшээ багийнхантайгаа ээлж дараагаар уулзаад газар дээр нь танилцаж, зарим асуудлыг шийдээд явж байна. Медалийн тухайд төд, эсвэл тийм гэж амлах нь тамирчдад маань зорилт, эсвэл стрессийн алин болохыг мэдэхгүй байна. Мэдээж медалийн төлөө, чанарын төлөө зүтгэнэ. Токиогийн олимп бол манайд давуу тал ихтэй. Тамирчид цагийн зөрүү гарахгүй, газарзүйн  хувьд ойролцоо, Японд байгаа монгол аваргууд дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа. Ковид хүртэл зарим талаар давуу тал болж байх шиг.  Монгол коронавирусийг дотооддоо алдаагүй учраас тамирчид маань бэлтгэлээ тасралтгүй хийх нөхцөл байдал бүрдсэн байгаа. Гэтэл дэлхийн ихэнх улс  хөл хорионы өндөр дэглэмтэй, бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа. Зарим улс орон одоо хүртэл ийм хатуу карантинтай байгаа. 
-Өөрөө багаасаа гадаадад сурч, ажиллаж байхдаа спортод их ойр өссөн юм байна гэж ойлгосон. Гадаадад хэдэн наснаасаа хойш ажиллаж амьдарсан бэ?
-Би 11 насандаа Америк явж, 18 нас хүртлээ Сиэтлийн ерөнхий боловсролын сургуульд сурсан. Дараа нь Чикагогийн их сургуульд  сурч төгсөөд, 2009-2011 онд санхүүгийн Морган Стэнлид банкинд ажиллаад, 2011 онд Харвардын МВА-д тэнцэж, 2014 онд төгссөн. Ингэж явахдаа спортод, спортынхонтой  нэлээд ойр  байсан. Арван жилдээ Америкийн шигшээ багт нь байнга тоглож, NBA-гийн тамирчидтай ойр найзалж, нөхөрлөж явсан. 2014 оны Харвардын төгсөлтийн ангид Америкийн нэг номерын хоккейн эмэгтэй тамирчинтай хамт сурч байсан. Дараа нь тэр бүсгүй ОУОХ-ны тамирчдын зөвлөлийн дарга, Олон улсын олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
-Монголд өнөөдөр Кембрижийн боловсролын талаар маргаан өрнөж байна. Таны хувьд Америкийн дунд сургуулиас Харвард хүртэл явсан байна. Энэ боловсролын асуудал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Монголд Харвард, Оксфордын их сургууль төгссөн залуус олон байна. Миний дараа жил Харвардын бизнесийн их сургуулийг О.Батнайрамдал гээд залуу төгссөн. Одоо Монголдоо дэд сайд хийж байна. Оксфорд төгсөн мундаг залуучууд агентлагийн дарга, Монголбанкинд ажиллаж байна. Цаашдаа монгол хүн бүр дэлхийн иргэн байх ёстой. Дэлхийн иргэн байх стандартын хамгийн гол цөм эь мэдээж боловсрол. Тэгвэл Кембриж бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн иргэнийг бэлтгэдэг боловсролын систем юм. Түүнийг Монголдоо яаж нутагшуулах, үндэсний боловсролын тогтолцоо, системтэйгээ хэрхэн уялдуулах эрүүл маргаан байж болно. Харин муйхраар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг доош хийх зүйл байж болохгүй. Монголоос  яагаад дэлхийн стандартын хүн гарч болохгүй гэж. Дэлхийн хаана ч, аль ч улсад очсон тухайн ажлыг нүүр бардам хийх боловсролтой монгол залуус олон байх тусмаа Монголд ашигтай. Тийм иргэнийг бэлтгэдэг боловсролын системийн нэг нь Кембриж. Монгол хүнд, монгол залууст сонголт байх ёстой. Хэрвээ дэлхийд гаръя гэж байгаа бол тийм боловсролыг дэлхийн топ сургуулиудын боловсролын стандарт  л тодорхойлдог. Тэгэхээр бид боловсролын системээ өөрчлөх, хослуулах, монгол залуустаа сонголт  хийх  боломжийг нь олгох ёстой.
-Эсрэгээрээ үндэсний боловсролын стандартаа Кембриж шиг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх боломжгүй юү?
-Мэдээж үндэсний боловсролын стандартаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх нь бидний мөрөөдөл. Гэхдээ тэр болтол хол байна. Тийм цаг үеийг монголчууд бид аль болох олноороо дэлхийн боловсролыг эзэмшиж, дэлхийд гарч байж авчирна. Тэр болтол, ер нь өнөөдрийнх шиг хөгжиж байгаа улсын хувьд дэлхийн стандартыг үндэсний стандарттайгаа  хослуулаад явах нь хамгийн зөв. Кембрижийн хөтөлбөртэй  гурван сургууль байгуулагдсан. Одоо энэ сургуульд эцэг эхчүүд хүүхдүүдээ хамруулах гэж жилийн жилд маш их өрсөлдөөн болдог. Одоо энэ гурваа 10 болгоод өгчих. Заавал Кембриж биш, Америкийн боловсролын системийг ч нэвтрүүлж болно. Одоо манай улсад төрийн өмчийн Орос-Монгол хөтөлбөртэй тусгай сургууль ч байна. Герман хэлний хөтөлбөртэй сургууль, зөвхөн монгол хөтөлбөртэй сургууль, тоо-физикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй сургууль ч байна. Миний ойлгосноор нийт сургуулийн бараг 10 хувь нь ямар нэгэн тусгай хөтөлбөртэй байх шиг байна. Тэдгээрийн дотор амжилттай явж байгаа сургууль ч цөөнгүй. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр бол ерөөсөө шинэ зүйл биш. Хэрвээ ардчилсан нийгэмд амьдарч байгаа л юм бол олон хувилбар, сонголттой байх ёстой. Монгол хүүхдүүд яагаад заавал гадаадад явж олон улсын стандарттай сургуульд сурах ёстой гэж. Тэрийг яагаад  Монголдоо эзэмшиж болохгүй гэж. Ялангуяа үнэ төлбөргүй улсын сургуульд суралцаж дэлхийн боловсрол эзэмшихийг яагаад хориглож болиулах ёстой гэж. Уян хатан, сонголттой байлгах нь чухал. Түүнээс биш, дэлхийн стандартыг Монголын стандартын дайсан болгох гэж хоёр талд гаргаад яриад, маргаад байгаа нь буруу. 
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн