Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар олгодог болж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зарим зүйлсийн талаар ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодрууллаа.
-Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар олгох ажил хэдэн хувьтай явж байгаа вэ. Бэлтгэл ажил дутуу байгаагаас үүдэж иргэдийн дунд шүүмжлэл их гарч байна.
-Бидний зүгээс бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байгаа. Гэхдээ шинэчлэлтэй холбоотой хэрэгжүүлж байгаа даатгалын байгууллагууд, иргэд, эмийн сангууд, цахим жор бичиж байгаа эмч нар гэсэн оролцогч нарт мэдээлэл бүрэн очиж чадахгүй байгаагаас үүдэж асуудлууд гарч байна. Бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн жор олгох талаар сургалт, семинаруудыг хийсэн. Нийслэл орон нутгийн мэдээллийн технологийн мэргэжилтэнтэй Zoom-ээр хаягаар холбогдож зааварчилгааг нэг бүрчлэн өгсөн.
-Иргэдийн дунд эмийн сан дээр хурууны хээгээ уншуулан жор авна гэсэн ойлголт байгаад байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Иргэн зөвхөн жор бичүүлэх гэж байгаа эрүүл мэндийн байгууллага дээр өөрийгөө таниулж жороо бичүүлнэ. Үүний дараа гэрээт эмийн сан дээр очиж эм авахдаа дахин хурууны хээг таниулах шаардлагагүй. Өчигдрөөс эхэлж манай дээр мэдээлэл өгч байгаа байгууллагуудын харахад ихэнхдээ хурууны хээг уншуулаагүй мэдээллүүд байна. Одоогийн байдлаар 300 гаруй эмийн сан мэдээллээ илгээсэн байна.
-Цахим системийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж байна. Гэвч зарим эмийн сан эмийн жороо цахимаар олгож чадахгүй байна. Яг хэзээнээс сургалтыг явуулж эхэлсэн бэ?
-Систем дээр хэрхэн эмийн жор олгох талаар сургалтыг оруулсан. Жорыг цахимаар өгөхдөө Олон улсын эмнэлзүй удирдамжаар бичнэ. Энэ нь тухайн насны хүнд яг тохирсон эмийг бичиж өгдөг болсон. Өмнө нь бид зөвхөн нэг онош тавиад хамааралгүй гурван эм бичиж өгдөг байсан. Жишээ нь даралтын онош тавиад хамааралгүй бөөрний эм, даралтын эм, жирэмсний эм хүртэл бичдэг байсан. Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй эм бичдэг байсан бол энэ удаа бид оношинд тохирсон даатгалд байдаг хөнгөлөлттэй эмийг санал болгож байгаа. Эм бичигдэхдээ тун хэмжээгээрээ бичигдэнэ. Өмнө нь нэг өдөрт гурван ширхэг эм уу гэх мэт тоо хэмжээгээр хуваарилдаг байсан. Одоо эмч нар цахим систем дээрээ нэг удаагийн буюу өдөрт хэдэн удаа эм уух, тухайн тунгаараа хэдэн өдөр үргэлжилж уух зэрэг бүртгэлийг хийнэ. Бүртгэл нь цаанаа эм бүрд эмнэл зүйн стандартаараа тохируулагдсан байна.
-Гүйцэтгэлийг сайжруулна гэж ярьж байна. Тэгэхээр нэг эмийн санд олгох төсвийн дээд лимитийг тогтоож өгсөн үү?
-Лимит гэдэг зүйл одоо байхгүй болж эмийн санд гүйцэтгэлээр нь эмийг олгоно. Гүйцэтгэлийг бид цахимаар хяналт тавина. Гүйцэтгэлийг илүү сайжруулахын тулд өмнө нь бэлдсэн видео, зөвлөгөө, заавруудыг иргэд болон жор олгож буй эмч мэргэжилтнүүд үзэх хэрэгтэй. Мөн шаардлагатай бол долоо хоногт нэг удаа сургалт явуулж мэдээлэл олгоно.
-Нийт хэдэн эмийн сан жор олгох хүсэлтээ өгсөн байгаа вэ?
-Цахимаар 1600 гаруй хүсэлт ирсэн байгаа. Хүсэлт гаргасан эдгээр байгууллагуудаас өчигдрийн байдлаар 1000 гаруй байгууллагуудтай гэрээ хийсэн байна. Гэрээ хийсэн эдгээр байгууллагууд иргэдэд цахим жорыг олгоно.
-Хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудад жор ямар байдлаар очиж байгаа бол?
-Шинэчлэлтэй холбоотойгоор бид эмийг заавал ерөнхий нэршлээр бичих өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл, жор бичигч худалдааны нэршлээр хэзээ ч эмийг бичихгүй гэсэн үг.