Open iToim app
Дэлхийн монгол | 13 мин уншина

Ц.Энхжаргал: Коллежийн бэлтгэлийг есдүгээр ангиас хийх хэрэгтэй

Ц.Энхжаргал: Коллежийн бэлтгэлийг есдүгээр ангиас хийх хэрэгтэй
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 23
“Дэлхийн монгол” булангийн энэ удаагийн дугаарт олон арван хүүхдийн хүсэл мөрөөдлийн гүүр нь болж яваа ахлах ангийн хүүхдүүдэд коллежийн бэлтгэл зөвлөгөө өгдөг Ц.Энхжаргалыг урьж оролцууллаа. Тэрээр АНУ-ын Брандейзийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистр хамгаалсан бөгөөд Forbes сэтгүүлийн Ерөнхий редактор, Дэлхийн банкны зөвлөх, Цахим өртөө холбооны Удирдах зөвлөл, Харвардын төсөл гэх мэт томоохон ажлууд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
-АНУ-ын Брандейзийн их сургуульд Тогтвортой хөгжлийн эдийн засаг чиглэлээр магистр хамгаалах болсон түүхээс ярилцлагаа эхлүүлье.
-2005 онд би Америкт магистрт сурахаар очиж байв. Тухайн үед миний TOEFL-н оноо 450 орчим буюу маш муу байсан ч монголчуудын олноор сурдаг нэгэн хувийн сургуулийн магистрт тэнцсэн байдаг юм. Магистр гэсэн нэр нь гоё байсан ч сургалтын чанар, орчин нөхцөл нь сэтгэлд нийцээгүй. Гэхдээ би мундаг ментор, найзтай байсан учир түргэн хугацаанд чанаргүй магистр хийснээс 2 жилийн сургалт бүхий коммунити коллежид суралцан эхнээс нь сууриа зөв тавих нь зүйтэй шийдэлд хүрсэн. Халаасандаа 100 хүрэхгүй доллартай Америкт ирээд дэлхийн шилдэг коллежуудад тэтгэлэгтэй суралцаж чадсан Г. Батшүр найзынхаа чиглүүлсэн замаар явсандаа би одоо ч баяртай байдаг. Нэг үгээр хэлбэл Америк том гүрэн учир тэнд мөнгөө төлсөн л бол магистрын диплом өгчихдөг чанар муутай сургууль нь ч байна, 2 жилийн коммунити коллеж гэсэн нэртэй боловч чанартай коллежийн боловсрол олгодог нь ч байдаг гэсэн үг. Миний суралцсан NVCC коллежид одоогийн Америкийн Ерөнхийлөгчийн эхнэр Жил Байдан англи хэл заадаг байсан, одоо ч заасаар байгаа гэж сонссон.
Еврэйчүүдийн сургууль гэдгээрээ алдартай Брандайзид ороход коммунити коллежид суралцсан маань том бэлтгэл болсон. Нэгэн цагт еврей хүүхдүүд Харвард болон дэлхийн шилдэг сургуулиудад орох хүндрэлтэй бас гадуурхагддаг байсан тул 1948 онд Америкийн дээд шүүхийн шүүгч Луйс Брандейз хэмээх еврей хүн Алберт Эйнштэйн болон бусад Еврейчүүдийн тусламжтайгаар уг сургуулийг байгуулсан гэдэг. Бакалаврын түвшинд дийлэнх нь Еврей хүүхдүүд бол магистрт гадаад оюутнууд олонтай. Брандейзийн их сургуулийг сонгосон шалтгаан нь төрийн удирдлага, олон улсын тогтвортой хөгжлийн чанартай хөтөлбөрүүд мөн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг нь байсан. Харин энэ сургууль намайг сонгосон шалтгаан нь “International Action” хэмээх Гайти гэдэг буурай хөгжилтэй оронд цэвэр усны төсөл хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагад дадлагажих оюутнаар ажилласан туршлага маань нөлөөлсөн байх. Америкийн Флорида мужаас онгоцоор явахад ердөө 2 цагийн зайтай, 11 сая хүн амтай Гайти улсын хүн амын 50 хувь нь өдрийн 1 доллараас бага орлоготой, 70 хувь нь ундны цэвэр усгүй гэсэн статистик байдаг. Тухайн үед яагаад зарим улс өндөр хөгжилтэй, хүмүүс нь баян чинээлэг байхад зарим нь ундны цэвэр ус ч үгүй, үгээгүй ядуу байдаг нь сонирхол татсан. Гаднаас жилдээ хэдэн тэрбум долларын тусламж авдаг боловч, авлигал хээл хахуульд идэгдсэн, хүний хөгжлийн индексээр сүүл мушгидаг энэ орон улам л ядуурлын ангалд унасаар байгаа. Зарим талаар манай оронтой төстэй санагдаж байсан тул тогтвортой хөгжлийн нууцаас суралцахаар Брандейзийн их сургуультай холбогдож байсан түүхтэй.
-Сургуулиа төгссөний дараа Forbes, Дэлхийн банк, Харвардын их сургуулийн томоохон төсөл дээр ажиллаж байсан гэдэг. Ажиллаж байсан төслүүд болон гарсан үр дүнгийнхээ талаар бидэнд дэлгэрэнгүй ярина уу?
-Магистраа хамгаалаад удалгүй Вашингтон ДС дэх Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацид ажиллах боломж гарсан. Тэр шугамаараа Монголдоо үргэлжлүүлэн ажиллаж байгаад Forbes сэтгүүлтэй холбогдсон юм. Тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байхдаа бизнесийн шинэ дүр төрх, инноваци, технологи шингээсэн бизнесүүдийг танилцуулахыг хичээн, нийгэмд шинэ салхи мэдрүүлэхийг оролдсон гэж хэлж болно. Харин Харвардын их сургуулийн Д. Ганмаа доктороор удирдуулсан “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас хамгаалахад Д аминдэмийн нөлөө” судалгаан дээр бид багаараа эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлүүдийг хийж чадсан гэж боддог. Жишээлбэл, Харвардын төслийг хэрэгжүүлсэн Монголын эрүүл мэндийн үүсгэл (MHI) байгууллагын хамт олон маань дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран 10,000 хүүхдийн дундах судалгааг амжилттай дуусган, олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж, сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал нотолгоо гаргаж өгсөн. Ковидын үеийн гол эмчилгээнд Д аминдэм байсныг санаж байгаа байх. Хүн амын дундах Д аминдэмийн дутагдал өндөр байгаа нь ханиад болон бусад халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг манай судалгаа нотлон харуулсан байдаг. Мөн түүнчлэн бид АШУИС, БСШУЯ-тай хамтран Харвардын анагаахын сургуулийн хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлэн 200-аад эмч, эрдэмтэн судлаачид уг хөтөлбөрт хамрагдсан юм. Түүнээс гадна хүн амын дундах бичил шим тэжээлийн дутагдал өндөр байгааг судалгаагаар нотлон, УИХ гишүүн асан А. Ундраа болон ЭМЯ, ХХХҮЯ, ШУТИС-н мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Баяжуулсан хүнсний тухай хууль” хуулийг батлуулж байв. За тэгээд MHI баг маань “Сүрьеэгүй Улаанбаатар”, “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийг санаачлан эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран олон чухал ажлуудыг хийснийг одоо ч санахад бахархалтай санагддаг. Хэдийгээр би анагаахын салбарт ажиллахгүй байгаа ч надад олон улсын шинжлэх ухаан, анагаахын чиглэлийн нэр хүндтэй байгууллагуудаас эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцох урилга байнга ирүүлдэг нь бидний хийсэн судалгааны ажлын цар хүрээ дэлхийд хэрхэн үнэлэгддэгийг мэдрүүлдэг.
-Салбар бүрд орж, олон төрлийн төсөл хөтөлбөрүүд дээр өөрийгөө гололгүй ажилласнаараа та ямар ур чадваруудыг олж авч чадсан гэж хардаг вэ?
-Хэд хэдэн салбарт зоригтойгоор хүчээ сорьсон нь надад олон талын мэдлэг, ур чадваруудыг суулгасан. Түүний дотроос хамгийн чухал нь асуудлыг дэлхийн болон өөрийн улс орны хэмжээнд, салбарын хүрээнд, байгууллагын удирдлагын түвшнээс хамгийн анхан шатны нэгж хүртэл нь жижгэрүүлэн харах ур чадварт суралцсан нь гэж боддог. Сонгосон ажил, салбартаа сэтгэл зүрхээ зориулж, яг өөрийн юм шиг ханддаг учир олон шинэ боломжууд нээгддэг бас тасралтгүй суралцах шаардлага гардаг. Ер нь би ажил бүхнээ тогтвортой хөгжлийн нүдээр харж, ямар нэгэн шинэчлэл хийж, шинэ түүхийг бүтээхийг хичээдэг.  
-Яагаад ЕБС-ын хүүхдүүдэд мэргэжил сонголт болон коллежийн зөвлөхөөр ажиллах болсон вэ?
-Боловсролын салбар луу хүүхдийнхээ асуудлыг шийдэхээр явж байхдаа халтираад орчихсон гэж хэлж болно. Мэдээж Монгол улсын хөгжлийн үндэс нь БОЛОВСРОЛ гэдгийг бүрнээ ойлгосон байсан тул энэ салбарт орж ажиллах нь цочирдмоор гэнэтийн зүйл бол биш байсан. Шинийг санаачлагчдын Сэлбэ сургуульд 9-12-р ангийн хүүхдүүдэд “Глобал чиг хандлага” гэдэг хичээл орохын зэрэгцээ хүүхдүүдэд Америк болон гадаадын коллежиудад өргөдөл гаргахад консулар багшийн хувьд чиглүүлэн ажилласан. Анхны төгсөлтийн 25 хүүхдийн дийлэнх нь улсын сургуулиас, хөдөө орон нутгаас тэтгэлэгт шалгаран суралцаж байсан. Академик хичээлдээ үнэхээр шилдэг хүүхдүүд байсан ч хэлний түвшин, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлсэн байдал нь төдийлөн хангалттай биш байсан тул хүүхдүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласан. Үр дүнд нь хүүхдүүдийн 70 гаруй хувь нь Америкийн ямар нэгэн коллежуудад тодорхой хэмжээний тэтгэлэгтэй тэнцсэн. Энэ нь надад болон манай хамт олонд том урам зориг нэмсэн юм.
Анх консулар хүн ямар үүрэгтэйг ч мэдэлгүй энэ салбарт орж, Орчлон сургуулийн Жаргалмаа багшаас их зүйлийг мэдэж авч байв. Сургуульд бүрт нийгмийн ажилтан, сэтгэл зүйч байдаг ч ахлах ангийн зөвлөх буюу консулартай сургууль гарын хуруунд тоологдохоор цөөхөн. Консулар хүн хүүхдүүдийг зөвхөн гадаад явахад нь тусалдаг гэж ойлговол том эндүүрэл. Хүүхдүүдийн амьдралын түүхийг илүү баян, өргөн хүрээтэй болгоход нь, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь, авъяас ур чадварыг нь нээн илрүүлэхэд нь, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь, ахлах ангиас их сургууль хүртэлх харанхуй бүдэг хэсгийг гэрэл гэгээтэй, тодорхой болгож, шилжилтийг ухаалгаар төлөвлөхөд нь тусалдаг хүнийг консулар гэж ойлгодог. Энэ нь зөвхөн гадаадын коллежид шилжих тухай асуудал бас биш юм. Монголдоо сурах байсан ч ахлах ангиас их сургууль хүртэлх шилжилтийг маш ухаалаг, зөв хийх хэрэгтэй. Миний хувьд 9-12 ангийн хүүхдүүдтэй ажиллах дуртай. Учир нь энэ насан дээрээ хүүхдүүд аливаа өөрчлөлтөд уян хатан байж, зөв гээд ухаарвал яг л олимпын тамирчид шиг сахилга баттай байж чаддаг. Мэргэжил сонголт, эрүүл мэнд, санхүү, хайр дурлал, харилцаа гэх мэт чухал зүйлүүдийн талаар энэ л насан дээрээ зөв ойлголттой болбол  элдэв буруу зүйлд сатаарах нь багасаж, зорилгынхоо төлөө тууштай явж чадна.  
-Дээр та хэлсэн хэлний түвшин сайн байгаагүй учир АНУ-д очоод коллежоос нь эхлээд сураад мэргэжлээ сонгоод их сургуульд орсон гэсэн. Одоо тийм боломжууд хэр их байгаа вэ. Маш олон хүүхэд хэлний мэдлэг муу, мэргэжлээ сонгоогүй гэх асуудлаас болж  "надад боломж байхгүй" гэж бодоод явдаг шүү дээ?
-Одоо ч боломж байлгүй яахав. Хэлний түвшин сайнгүй бол дээр дурдсанчлан коммунити коллежоос гараагаа эхэлж болно. Гэхдээ технологи өндөр хөгжсөн, мэдээлэл хангалттай сайн болсон энэ цаг үед бидний үе шиг зорилго тодорхойгүй, харанхуйгаар гадагшаа явах нь утгагүй. Ялангуяа Монголоос л гарч байвал хаашаа ч явсан яахав гэдэг бол үнэндээ мунхаглал гэж боддог. Өнөөдөр англи хэлийг заавал гадагшаа явж сурах шаардлагагүй. Khan academy, Edx, Coursera гээд маш олон үнэгүй сурах боломжууд байна. Мэдээж бие даан хэл сурах нь амар биш. Гэхдээ хүн тав тухтай бүсээсээ гарч, айдастайгаа тулж, мэдэхгүй чадахгүй зүйлүүдтэй тулгарвал суралцах процесс эхэлнэ, дараа нь жинхэнэ өсөлт хөгжилтийг мэдрэх болно. Мөн гадагшаа явах тухай бодохоос өмнө өөрийгөө таньж мэдэх, монгол хүн гэдэг мөн чанараа ойлгох нь чухал. Ялангуяа өдий хүртэл ямар түүхийг бүтээсэн, хаашаа юунд хүрэхийг зорьж байгаагаа сайтар бодож тунгааж чадвал боломжууд илүү тодорхой харагдана гэж боддог.
undefined
-Ихэнх хүмүүс хүүхдээ Их дээд сургуульд оруулахыг зорьдог. Яагаад коллежийг сонгохыг зөвлөж байгаа вэ. Коллежид сургая гэвэл ямар, ямар материал бэлдэж хэрхэн хамрагдах ёстой вэ?
-Манайд их сургууль нь коллежоосоо илүү гэсэн нэг ойлголт яваад байх шиг. Үнэндээ Америкт энэ нь нэг их ялгаа байхгүй. Их сургуулийн хувьд бакалавраас гадна магистр, докторын хөтөлбөрүүдтэй байдаг. Гэхдээ Америкт коллежууд нь тэр дундаа либерал арт коллежууд нь тухайн нийгмийнхээ оюуны элитүүдийг төрүүлдэг ба багш нар нь цөөн тооны хүүхдүүдтэй төвлөрч ажилладаг тул илүү чанартай байдаг юм шиг санагддаг.
Өргөдлийн материалын тухайд эрт бэлдэх тусмаа л сайн. Америкийн аппликэйшнийг хугацаагаар нь 11/1 хүртэлх нь эрт, 1/1 хүртэлх нь ердийн гэж ангилж болно. Нэг ёсондоо 12-р ангид орсон эхний сараасаа л өргөдлийн материалуудаа бэлдэн 11/1-ны дотор явуулна гэсэн үг. Зах зээлийн нийгэмд “Эртэч шувуухай” аливаад давуу эрхтэй байдаг шиг коллежийн өргөдөлд ч эрт өргөдлөө явуулах нь тухайн сургуульдаа тэнцэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Америкт сургуулиуд ихэнхдээ Common app гэдэг платформоор дамжуулан коллежийн өргөдлийн материалуудыг хүлээн авдаг. Үүнд 650 үгтэй ерөнхий эсээ, нэмэлт эсээнүүд, стандарт шалгалтын оноо (TOEFL/IELTS/SAT/Duolingo гэх мэт), 2-3 багшийн тодорхойлолт, консуларын тодорхойлолт, 9-12-р ангийн дүнгийн хуулбар, сургуулийн танилцуулга, товч намтар гэх мэт бичиг баримтууд ордог. Харахад амархан, ойлгомжтой мэт боловч ихэнх хүүхдүүд эсээн дээр бэлтгэлгүй байгаа нь ажиглагддаг. Дунджаар 9 сургуульд материал явуулахад 15 гаруй эсээ бичих шаардлагатай болно. Манай сургуулиудад эсээ бичлэг нь өнөөх л зохион бичлэг гэх уламжлалт ойлголтоос хэтрэхгүй байгаа юм шиг санагддаг. Гэтэл Америкийн коллежид бараг бүх хичээл эсээ бичлэг дээр суурилдаг. Коллежийн өргөдлийн эсээнүүдээ хүний тусламжтайгаар бичээд сургуульдаа тэнцэж болох юм. Гэхдээ коллежид орсон өдрөөсөө эхлээд л хэдэн арван хуудас бүхий эсээнүүд бичих шаардлагатай болно. Тиймээс эсээ бичих дадал хэвшилд бүр багаасаа л суралцах хэрэгтэй. Сайн эсээ бичихийн тулд ном уншдаг хэвшилтэй болох нь хамгийн чухал.
Мөн түүүнчлэн коллежийн өргөдөл бэлдэхийг ганцхан хүүхдэд даатгах нь буруу юм. Эцэг эх, сургууль, хүүхэд гурван тал оролцож байж чанартай бэлтгэл болно. Эцэг эхийн зүгээс санхүүгийн бичиг баримтуудаа эртнээс цэгцлэх, хүүхдээ сэтгэл санаа болон санхүүгээр дэмжих, сургуулийн зүгээс сургалтын агуулга, дүн, үнэлгээний системээ англи хэл дээр ойлгомжтой гаргах, багш, консуларууд хүүхдүүдийг тодорхойлох захиа бичихэд цаг гарган хариуцлагатай хандах гэх мэт нарийн ажлууд байдаг. Энэ ажлуудыг амжилттай хийж чадвал ирээдүйд тэтгэлэг авах, дадлага хийх, ажилд орох гэх мэт өргөдлийн материал шаарддаг зүйлүүд илүү амархан болно гэсэн үг.    
-Коллежийг сонгосон хүүхдүүд санхүүгээ хэрхэн зохицуулах боломжтой вэ. Мэдээж коллежийн тэтгэлгүүд байдаг байх тэдгээрт хэрхэн хамрагдах боломжтой вэ?
-Америкийн коллежиуд ерөнхийдөө тухайн хүүхдийн хэрэгцээн дээр нь эсвэл авъяас ур чадвар дээр нь тулгуурлан тэтгэлэг өгдөг. Хувийн сургуулиуд ихэвчлэн аав ээжийнх нь жилдээ төлж чадах мөнгөн дүнг нийт сургалтын төлбөрөөс хасаад үлдсэн хэсгийг тэтгэлэг байдлаар өгөх нь элбэг. Энэ тохиолдолд эцэг эх тодорхой хэмжээний мөнгийг хүүхдийнхээ коллежийн төлбөрт хадгалж, хуримтлал үүсгэсэн байх ёстой гэсэн үг. Америкт бол хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн коллежийн сан үүсгээд бага багаар хадгалдаг. Бид ч бас энэ чиглэл рүү шилжихгүй бол 100 хувийн тэтгэлэгт хэт найдвар тавьж болохгүй. Гадаадын оюутнуудад зориулсан зээл төдийлөн элбэг биш, бас авахад заавал батлан даагчтай байхыг шаарддаг тул хүүхдийнхээ коллежийн төлбөрийг эртнээс бэлдэж байх нь чухал санагдсан.
-Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгдөг хүний хувьд цаашид ямар мэргэжил эрэлттэй байхаар харагддаг вэ. Өөрт тохирсон мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
-Орчин үед мэргэжил гэхээс илүүтэй ур чадвар дээр суурилдаг болсон байна. Хиймэл оюун ухааны эрин зуун гэдэг утгаараа зарим мэргэжлүүд байхгүй болох нь тодорхой. Мкензигийн судалгаагаар 2030 он гэхэд 400-800 сая ажлын байрыг автоматжуулалтаар орлуулах боломжтой гэсэн байдаг. Нэг ёсондоо хиймэл оюун ухаан, технологийн дэвшил салбарт бүрт маш хурдтайгаар нэвтэрч, тэсрэлт хийж байгаа нь ажил мэргэжил сонгоход улам бүр төвөгтэй болж байх шиг. Удахгүй код бичих чадвар гэдэг нь англи хэлний чадвар гэдэг шиг ердийн байх ёстой шалгуур ч болж мэдэх юм.
Технологи бүх зүйлийг өөрчилж болох ч энэ хорвоо дээр ирсэн өөрийнхөө мөн чанар, утга учрыг олох нь хамгийн чухал. Жишээ нь амьдралынхаа зорилгыг ухаарч мэдрэхэд Японы Икигай гэсэн ойлголтыг ашиглаж болно. (1) Чи юунд хайртай /хийх дуртай/ хүсэл сонирхол чинь юу вэ? (passion) (2) Чи юуг хамгийн сайн хийдэг вэ? (skill) (3) Чамаас юуг хүлээж байна гэж бодож байна? (mission) (4) Чи юу хийгээд түүний төлөө цалин/мөнгө авч чадах вэ? (money) гэсэн асуултуудад хариулаад үзээрэй. Мөн зан чанар дээр тулгуурласан мэргэжил сонголтын Myers & Briggs, Disc гэх мэт тестүүдийг ч туршаад үзэхэд илүүдэхгүй.
Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилцах нь маш чухал. Гурван үеэрээ нэг мэргэжил чиглэлээр дагнаж чадвал жинхэнэ элитүүд бий болдог гэсэн үг сонсож байсан юм байна. Өвөөгийнхөө эхлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг ач хүү нь үргэлжлүүлэн судлаад шинэ нээлт хийсэн тохиолдол ч байдаг.
-Хүүхдийг хэд дүгээр ангиас эхлээд мэргэжил сонголт болон ирээдүйд сурах сургуульд бэлдэж эхлэх ёстой байдаг вэ?
-Америкт консуларууд хүүхдүүдийг 6-р ангиас нь бэлдэх ёстой гэж үздэг юм билээ. Хүний хөгжил талаас нь авч үзвэл 0-3 нас хамгийн чухал гэж үздэг. Тэр бүү хэл өнөөдрийн хэн байх нь эмээгийн чинь үед суурь нь тавигддаг гэсэн үг ч байдаг. Гэхдээ миний хувьд 9-р ангиас нь хүүхдүүдийг системтэй бэлдэж чадвал хүссэн коллеждоо орохоос гадна, цаашдынх нь зөв хүн байх суурь нь тавигдаж чадна гэж хардаг. Гэтэл манайхан хүүхдүүдээ 12-р ангид ороход гэнэт ямар мэргэжлээр, хаана сургах талаар ярьж эхэлдэг. Миний таньдаг зарим нэг хүмүүс төгсөх ангийн хүүхдээ авчраад за чи л хүүхдийн минь ирээдүйг чиглүүлж, Америкийн сургуульд оруулаад өг гэдэг. Уул шугамандаа 12-р ангид хүүхэд хэдийн коллежийн бэлтгэлээ хангачихсан, материалаа л явуулах шатандаа явж байх ёстой. Ер нь оройтож эхлэх тусам боломжууд хумигдана л гэж ойлгох хэрэгтэй. Мөн Gap Year буюу нэг жилийн чөлөө авах тохиолдол их болж. Хэрвээ ахлах ангиа төгсөөд нэг жил бэлтгэл хийнэ гэж байгаа бол маш нарийн төлөвлөгөөтэй бэлдэхгүй бол 2-3 жил сунжруулсан тохиолдол ч гарч байна.
Мөн эцэг эхчүүд хичээлээс гадуурх өөрийгөө хөгжүүлэх гэдгийг төрөл бүрийн дугуйланд явуулах гэж ойлгоод байх шиг байдаг. Мэдээж дугуйлан чухал гэхдээ тэнд сурсан зүйлээрээ бодитой, бусдад сайнаар нөлөөлөх ажлуудыг хийж чадаагүй бол бусдаас нэг их ялгарч чадахгүй гэсэн үг. Хичээллэсэн цаг хугацаа бас их чухал нөлөөтэй. Тиймээс 6-р анги хүртэл нь нээлттэй төрөл бүрийн дугуйланд явуулж байгаад улмаар илүү чанартайгаар цөөн тооны зүйл дээрээ төвлөрөх хэрэгтэй.
Жишээ нь дэлхийн шилдэг сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийн хичээлээс гадуурх өөрийгөө хөгжүүлсэн байдлуудыг харж үзье:
- Компьютер технологи: Phyton, Java, CSS/HTML гэх зэрэг компьютерийн хэлнүүдийг 10-аас дээш хүүхдүүдэд заасан. Javascript-ийг ашиглан хичээлийн хөтөлбөрийг нэгдсэн байдлаар багш болон сурагчид (800-аад) харах боломжтой утасны аппликэйшн зохион бүтээсэн.
- Сурагчдын клуб: 100 гаруй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулсан ба клубээрээ Save the Children байгууллагад хандив босгох ажлыг удирдсан.
- Сайн дурын ажил: Хөгжмөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл санааны хүч өгөх зорилготой компанит ажил зохион байгуулсан. Нийт 3000 ам долларын санхүүжилт босгож, дээрх иргэдэд сонсголын аппарат авч өгөхийн зэрэгцээ бие биенээ дэмжих зорилготой 100 хүнээс бүрдсэн менторшип хөтөлбөр бий болгосон гэх мэт.
-Таны ойрын болон ирээдүйн зорилго юу вэ?
-Миний хувьд сүүлийн гурван жил ахлах ангийн хүүхдүүдтэй ойр ажиллаа. Одоогоор хувиараа хүүхдүүдэд коллежийн зөвлөгөө өгдөг. Мөн түүнчлэн алдарт Williams college-д тэтгэлэгтэй суралцсан анхны монгол төгсөгчдийн нэг Л. Ачболд, Сингапурын Йэлийн их сургуулийн төгсөгч Л. Амарболд багш нартайгаа хамтран англи хэлний болон коллежийн бэлтгэлийн сургалтууд хийх гээд төлөвлөсөн ажлууд нэлээдгүй байна.
Харин ирээдүйд ахлах ангийн хүүхэд бүр их сургууль хэмээх амьдралынхаа том гарааг эхлүүлэхээс өмнө амьдралын чиглүүлэг, дэмжлэг авдаг байгаасай гэж хүсэж байна. Боломж байдаг бол хувийн, улсын, хөдөө орон нутгийн бүхий л сургуулиуд консулартай болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч мэддэг, чаддаг өчүүхэн зүйлсээ бусад консулар, багш нарт боломжоороо хуваалцахыг хичээдэг. Монгол хүүхэд бүрийн зүрх сэтгэлд “Би чадна” гэсэн итгэлийн очийг асааж чадвал малчны хотноос ч ирээдүйн Элон Маск, Билл Гэйтс, Алберт Эйнштэйн төрөх боломжтой гэж боддог.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн