Open iToim app
Зочин | 5 мин уншина

Б.Бямбаа: Зургийн хичээлийг улиг болсон хуучин арга барилаар заахыг хүсдэггүй

Нийтэлсэн 2020 оны 9 сарын 21
undefined
Самбар дээр шохойгоор зургийг маш чадварлагаар зурж, хичээлээ сонирхолтой зааж буй нэгэн багшийн бичлэг цахим орчинд  олон нийтийн хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Тэрхүү багшийг Б.Бямбаа гэдэг бөгөөд уран зургийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Батбаатарын Бямбаа гэдэг. СУИС-ийг уран зургийн ангийг зураачаар төгссөн. 2010 онд Тайван улсад гурван жил магистрт сурсан. Төгсөж ирснээсээ хойш өнөөг хүртэл зургийн багшаар ажиллаж байна.Одоогоор JET бүрэн дунд сургууль багшилдаг.
-Сошиалд цацагдсан бичлэгийг үзэхэд шохойгоор үнэхээр чадварлаг зурж байсан. Уран зураг зураад хэдэн жил болж байгаа вэ?
-Хүүхэд байхаасаа л зурдаг байсан. Олон тэмцээн уралдаан, багш нарын хот дүүргийн олимпиадад түрүүлж, шагналуулж байсан. Мөн олон улсын уралдаанд шагнал авч байсан. Би Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд гэх чадварлаг хоёр зураачийн шавь. Хоёр багшдаа их баярлаж явдаг.
Би уран зурагт үнэхээр хайртай тийм учраас мэддэг чаддаг бүх зүйлээ хүүхдүүдэд өвлүүлэхийг хүсдэг. Зургийн хичээлийг хэвшил болсон хөтөлбөрийн дагуу, улиг болсон хуучин арга барилаар бус шинэлэг аргаар заах нь надад болон хүүхдүүдэд маань сонирхолтой, үр дүнтэй байдаг. Хичээлийг ингэж зааснаар 40 минутад практик, дадлага, туршлага гээд бүх зүйлийг багтааж чаддаг гэж би боддог.
-Хичээлийг ингэж орохоор хүүхдүүд хэрхэн хүлээж авдаг вэ. Хүүхдүүдийн сурах сонирхол улам нэмэгддэг байх?
-Хүүхдүүд маань эхний ээлжид миний зурж байгааг харна, дараагийн ээлжид харсан зүйлээ төсөөлөн зурдаг. Олон улсад "Project Based Learning" гэж сургалтын арга барилыг их ярих болсон. Энэ нь багш зөвхөн заах биш хүүхдийн оролцоог зайлшгүй оруулж, дээр нь хүүхдүүдээс өөрсдөөр нь шийдлийг гаргуулж, амьдралд хэрэглэх арга барилыг эзэмшүүлэхэд энэ арга чиглэгддэг. Зургийн хичээлээ заахдаа хүүхдүүд рүүгээ нуруугаа харуулж хэзээ ч заадаггүй. Хэдий самбар дээр бийрээр зурж байгаа мэт шохойгоор зурах нь маш хэцүү байдаг боловч нэгэнт л тэр самбар дээр хүүхдүүддээ харуулахын тулд зурж байгаа учраас хажуу талаараа харж зурдаг. Би өөрийнхөө хувьд аль болох олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн арга барилуудыг хичээлдээ оруулж заахыг хичээдэг. 
-Хүүхдүүдээ танд шавь оруулах гэж эцэг, эхчүүд их ханддаг байх. Ер нь хамгийн сурах тохиромжтой нас?
-Зургаан наснаас эхлэн суралцах нь илүү тохиромжтой. Эцэг эхчүүд бас их хандана. Мөн таван одтой гадаадын зочид буудлууд, ихэвчлэн Хятад, Тайванд ихэвчлэн хандаж зургаа зуруулдаг. Урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэг мэдрэмж өндөртэй газарт байсан хүмүүс яах ч аргагүй орчноо үгүйлээд байдаг. Тэр тусмаа хүүхдүүдээ гоо зүйн боловсрол олгохыг эцэг эхчүүд их чармайх болсон. Энэ нь хүүхдэд эерэг зөөлөн, хүнийг хайрлаж, хайрлуулж чаддаг хүн болгож төлөвшүүлдэг. Хэн ч гэсэн сайхан зүйлийг хараад тайвшраад, сэтгэл уужраад авдаг шүү дээ. Сайхан зүйлийг хэн ч гэсэн хайрлаад харамламаар, бас дандаа хажуудаа байлгахыг хүсдэг шүү дээ. Яг л энэ мэдрэмжийг хүүхдүүд байнгын сэтгэлдээ тээж явах учиртай. 
 
undefined
-Таны зургуудыг харахад яг бодиттой мэт зурсан байсан. Зургаараа хүмүүст юу ойлгуулж харуулахыг зорьдог вэ?
-Уран зургийн бүх төрлөөр зурдаг. Фото мэт харагддаг төрөл болох Hyperrealism төрлөөр ихэвчлэн зурдаг. Монголд маань урлагийг хүлээж авах нь урлагийн талаарх боловсролын төвшнөөс, санхүүгийн боломжоос шалтгаалан хүн бүр харилцан адилгүй байна. Тиймээс өөрөөсөө эхлээд ч болов  ирээдүй болсон хүүхдүүддээ  дэлхийн боловсролыг эзэмшүүлэх хүсэлтэй гэх үү дээ. Бид нарын үед, одоо ч тэр зургийн хичээл гэхээр л А4-ийн дэвтэр дээр өнгийн харандаагаар сэдэв өгөөд зураг зуруулдаг. Гэвч олон улсын төвшинд хүрсэн арга техникийг төдийлөн харьцангуй бага олгодог санагддаг. Мэдээж багш болгон өөрийн сургалтын арга барилтай байдаг. Гэвч хуучинсаг энэ хэв маягийг орчин үеийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилтай хослуулан батлагдсан стандарт сургалтын хөтөлбөрөөр орох нь зүйтэй. 
-Олон улсын томоохон тэмцээн уралдаанд орж байсан уу. Хамгийн сүүлд ямар тэмцээнд орсон вэ?
-2019 онд болсон Японд болсон дэлхийн хэмжээний олон улсын ART OLIMPIA INTERNATIONAL OPEN ART COMPETITION -д “HONORABLE MENTION” шагнал авсан. Японы алдартай урлагийн сэтгүүл болох “Үүсэл бүтээл” маань “Bijutsu Techo magazine”-д , “Living National Treasure” Museum үзэсгэлэнд бүтээл маань тавигдсан. Нийт 5000 гаруй зураач нар оролцсон томоохон уралдаан болсон.
-Таны зургуудыг худалдаж авах хүмүүс их байдаг байх. Ер нь эрэлт их үү?
-Гадаадаас ихэвчлэн зургийн санал ирдэг. Зургийн чанартай материалаар удаан эдэлгээтэй байх үүднээс бодолцож зурдаг.
-Нэг зургийг зурахад хэр хугацаа шаардагддаг вэ?
-Зургийн төрөл онцлогоосоо шалтгаалан, үнэ хугацаа харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн 14 хоногоос 1 сарын хугацаа зарцуулдаг.
undefined
-Монголд уран зураг хэр хөгжсөн гэж хардаг вэ?
-Дэлхийн төвшинтэй харьцуулахад хэцүү боловч манай улсад урлаг өмнөхөө бодвол тодорхой хэмжээнд ахиц, дэвшил гарсан. Урлаг чамайг сонгохоос чи урлагийг сонгодоггүй. Зураач хүн зургаа зурж байх үедээ л жаргалтай байдаг. Зураач хүний төсөөллийн ертөнц цаасан дээрээ буудаг. Миний хувьд ч гэсэн бас л нэг хүүхдүүдийн тархинд урлагийг суулгах гэж хичээж яваа жирийн нэгэн зураач багш. Миний хувьд урлагтаа баярладаг. Дуртай юмаа хийж сайхан амьдарч болдог гэдгийг хэлмээр байна. Гэхдээ хатуухан хэлэхэд үнэхээр авьяастай л бол урлагаар амьдрах боломжтой. Урлагийн салбар бол хатуу.
-Цаашдын зорилго юу?
-Би зураг зураад зарсан уран бүтээлийнхээ 3-5 хувийг хүүхдийн төлөө буяны ажилд эсвэл зураг зурах сонирхолтой боловч боломжгүй айлын хүүхдүүдийг сургалтдаа хамруулж зургийн материалд тэр мөнгөө зарцуулдаг. Бас ШУТИС-ийн БУХС-ийн багш “Компанийн нийгмийн хариуцлага” сэдвээр доктор хамгаалсан Ц.Энхчимэг багштай хамтарсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн “Залуу бизнес эрхлэгчдийн явган алхалтын холбоо”-той хамтран олон ажил төлөвлөж байна. Миний хувьд “Өнөр бүл” асрамжийн төвд ажиллаж байсан. Хүүхдэд туслах чин сэтгэлээсээ дуртай. Хэдхэн хоногийн өмнө Ц.Энхчимэг багштай  “Өнөр бүл ” төвд Б.Бөртэ-Үжин шавьтай нь хамтран 3D нүдний шилийг хүүхдүүдэд үзүүлж сансар огторгуйд очсон мэт, саран дээр байгаа мэт тэр мэдрэмжийг асрамжийн газрын хүүхдүүдэд үзүүлсэн. Тэдний хувьд энэ маш сонирхолтой бас хэзээ ч төсөөлж байгаагүй ертөнцийг үзүүлж чадсан. Хүүхдүүдэд шинэ мөрөөдөл, ирээдүйг нь маш томоор гэрэлтүүлэх гэрэл гэгээ болж өгч байгаа гэж бодож байна.
Мөн цаашид гадаадын урлагийн бүтээлүүдээс мөн гоо зүй урлагийн номуудаас орчуулан гаргах бодолтой байна. Бид соёлоос дэлхийгээс хоцрох учиргүй. Бидний ирээдүй бүрч хоцрох учиргүй.
undefined
-Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн