Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Ж.Энхбаяр: Бид улсаараа шүлхийн хориг тогтоолгох байдал руу яваад байна

Ж.Энхбаяр: Бид улсаараа шүлхийн хориг тогтоолгох байдал руу яваад байна
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 11
Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгатай холбоотой  мэдээллийг  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Н.Батзориг танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. 
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, улс орныг авч явах салбар бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж л ажлын байр нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Уул уурхай дээр суурилсан эдийн засагтай хол явахгүй гэдгийг сүүлийн хэдэн жилийн түүхээс харлаа. Нөгөө талд төв суурин газрын нүүдлийн мал аж ахуй 70, 80 сая болсон ч хүн амын тогтвортой байнгын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа мэдэрлээ. Өнөөдөр сүүн сүүн бүтээгдэхүүний 80 хувийг, мах махан бүтээгдэхүүний импорт тасралтгүй нэмэгдэж нэмэгдэж байна. Сүлжээ ресторанд хэрэглэж байгаа бүх мах, махан бүтээгдэхүүнийг Хятадаас авч, идэж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Гахай, тахиа, бургерын махыг урд хөршөөс авч  байгаа. Тэгэхээр нүүдлийн мал аж ахуйг эрхлэх арга ухаандаа бодлогын өөрчлөлт хийхгүй бол цаашид хол явахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чиглэлд Засгийн хийх ажлаас гадна УИХ-ын бодлого хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ салбарын гажуудсан бодлогыг засч өгмөөр байна. Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэдэг мэргэжил сургалтын төвүүд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд  байна. Энэ салбарт ажиллах мэргэжлийн агрономич, гоо техникч, малын эмч нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа байна. Энэ салбарт зүг чигийг нь заах ёстой эрдэм шинжилгээний байгууллага, малын удмын сан, хүрээлэн мал эмнэлэг нь Архивын харъяанд, салбарын үрийн бодлого, өвс тэжээлийн нөөц нь Онцгой байдлын харъяанд гээд хөдөө аж ахуйн бодлого маш буруу бодлого, зохион байгуулалтын хүрээнд урагшаа явахгүй нь тодорхой байна. Энд юу хэрэгтэй вэ гэвэл УИХ-ын бодлого хэрэгтэй, буруу бодлогыг нь засч өгөх хэрэгтэй. Малын халдварт өвчин, шүлхий яриад байна. Үндсэндээ хөдөө аж ахуйн салбар өрсөлдөх чадвараа бүрэн алдаж байна. Монгол Улс нийтээрээ малын гоц халдварт өвчинд нэрвэгдсэн. Удахгүй Монгол Улсаараа бид каринтинд орох гэж байна. Монгол Улсаас зорчдог бүх тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлэхгүй байх бодлого руу бид алхам алхмаар дөхөөд байна. Үүнийг онцгой анхаарч эрс шийдэмгий бодлого гаргаж, өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй нь. Сайд Та бодлого болон бүтэц зохион байгуулалтаа цэгцлэх асуудлыг оруулж ир. Ажлыг гартаа нэгтгэж, хүчээ зангидахгүй бол салбар урагшлахгүй гэдгийг бидний 30 жилийн түүхээс харагдаж байна.
-Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.Батзориг: Ж.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. Яаман дээр бүтцийн зарим асуудлыг ярьж байгаа. Төрийн өмчийн харьяанд байгаа Биокабинатыг яамны бүтцэд авахаар болж байгаа. Сая УИХ-аар Мал амьтны эрүүл мэнд, малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдана. Энэ хуулийн гол зорилго бол Монголын төр малын эрүүл мэндийн хяналтыг авъя гэж байгаа. Энэ хүрээнд бүтцийн ажлууд хийгдэнэ. УИХ-ын даргатай энэ асуудлаар санал солилцсон. Ирэх долоо хоногоос бүтцийн асуудлыг оруулж ирнэ. Газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгох ажлыг хийнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн