Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Одоос энэ онд хэрэгжиж буй авто замын бүтээн байгуулалтын тухай тодрууллаа.
-Нийслэлд авто замын бүтээн байгуулалттай холбоотой 275 төсөл хэрэгжиж, 58 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн. Томоохон төслүүдээс дурдвал?
-Нийслэлд энэ онд Улсын, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээлийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байна. Үүнд, Авто замын шинэчлэлт, хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт буюу Улаанбаатар хотын гудамж замуудын нөхөөс заадас, уулзвар, тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам, авто замын тэмдэг, туузан хаалт, хайс, тэмдэглэгээний ажлыг хийж байгаа юм. Тэдгээрийн томоохон шинэчлэлийн ажлуудаас дурдвал, “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж авто замын шинэчлэлтийн ажил дуусч, аюулгүйн тойргийн ажил үргэлжлэн хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны зургаан км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хүлээлт үүсгээд байгаа Дарь-Эхийн 3,3 км авто замын шинэчлэлийн ажил эхэлсэн инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.
-Ер нь авто замын бүтээн байгуулалтыг түлхүү хаана өрнөж байна вэ?
-2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдруулах түгжрэлийг бууруулах зорилгоор түлхүү гэр хороолол руу авто зам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрын хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто зам, Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын Таван-шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил”, Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай 0,6 км авто зам, Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам, төмөр зам доогуур нүхэн гарцын хамт, ЖДҮД төвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэлх хатуу хучилттай авто замын ажил, Овоотоос Улаан худаг хүртэл авто зам, 1.8 км /Улаанбаатар, Сонгино хайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Улаанчулуутын автобусны эцсийн буудлаас Алтан овоо, Алтан овооноос буяны замын төгсгөл хүртэлх хатуу хучилттай авто зам, 4 км /Сонгино хайрхан дүүрэг, 26 дугаар хороо/ гэх мэт ажил хийгдэж байгаа юм.