Open iToim app
Эрх зүй | 3 мин уншина

Цагдаагийн түр хүрээнээс хийсэн тэмдэглэл

Цагдаагийн түр хүрээнээс хийсэн тэмдэглэл
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 17
Үүрийн 04:00 цагт бүрээн дуунаар цагдаагийн түр хүрээ сэрлээ. Өчигдөржин орсон бороо өнөөдөр дахиад л зүсрэх бололтой. Уулсын толгой мананд хучигдсан зэгэл саарал хөндийд хүрээлэн буусан цэрэг ногоон майхнуудаас “Цагдаа” гэсэн бичигтэй цув, хувцас, хэрэгслээр жигдэрсэн алба хаагчид гүйлдэн жагсаалд нэгдэхээр яаравчилж, энэ өдөр арын албыг дааж үлдэх хариуцлагатай жижүүрүүд цай, хоол бэлтгэхээр дүрэлзэн асах галтай зууханд мод нэмж бүгд л “хурдан” гэдэг ганцхан командтай ажиллана. Монгол түмний уламжлалт баяр Үндэсний их баяр наадмын өглөө ийнхүү эхэллээ. 
Эх орон, ард түмнийхээ өмнө мөнхийн тангараг өргөсөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдоос бүрдсэн 1000 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цагдаагийн түр хүрээ “Хүй долоон худаг”-т байрлаж иргэд, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, амгалан тайван, аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж буй нь энэ юм.
undefined
Тэд хүрээний даргын тушаалаар ажиллаж, техник технологийн дэвшлийг ашиглан тусгайлан зохион байгуулсан сүлжээгээр хоорондоо холбогдон цаг үе, нөхцөл байдлын мэдээг 1000 гаруй хүн зэрэг хүлээн авна. Өглөө нэгэн цагт сэрж, үдэш нэг л командаар амарч байгаа нь “Цэрэг хэмээх нэр зэрэг гэдэг үгээс гаралтай” гэдгийг батлах мэт. Хурдан морины шүдэлгээ, гараа, бариа, уралдааны зам, айргийн морьдын хашаа, “Хүй долоон худаг” руу орж, гарах зам, талбайн доторх зохион байгуулалт, төр, засгийн өндөр албан тушаалтан зочилсон уяачдын гал гээд цагдаа үүрэг гүйцэтгэхгүй газар гэж үгүй. Төөрсөн хүүхдийг олох, уйлсан жаалыг аргадаж нулимсыг нь арчих, аав, ээж нь иртэл саатуулж хүлээх ажлыг, иргэдийг хулгайчид эд зүйлээ алдахаас болгоомжилж, хүүхдээ төөрүүлэхээс сэрэмжлэх захиасыг бас л цагдаа нар хийх ажээ. Барианы зурхайгаас түрүүлж, айрагдсан морьдын хашаа руу хэвлэлийнхнийг хүргэх ажлыг мөн цагдаагийнхан зохион байгуулж байлаа.
undefined
Баяр наадмын хоёр дахь өдөр цагдаагийн түр хүрээнд ажиллаж буй штабаас “Өнөөдөр хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ” гэж асуугаад “Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй. “Хүй долоон худаг”-т нийт 17 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн. Иргэд маань цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж тайван сайхан наадаж байна” гэдэг чихэнд чимэгтэй хариулт авав. Энэ нь орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан зөөврийн хяналтын камер байршуулан бүрэн хяналтад авч, нохойт, морьт, мотоцикльтой болон явган эргүүлийн алба хаагчид ажиллаж, хурдан морины гараанаас бариа хүртэлх замыг камержуулан хяналтын бичлэг хийж аюулгүй байдал, дэг журмыг сахиулсантай холбоотой аж.
Уйлагнасан бороо арилан тэнгэр цэлмэж, олон түмэн айх аюулгүй тайван баярлаж Монгол наадам өндөрлөв. Цагдаагийн түр хүрээ ч ирж төвхнөсөн шигээ хурдан, үүргээ гүйцэтгэсэн шигээ хариуцлагатайгаар буулаа. “Аав нь удахгүй очлоо” гэх баярлаж, догдолсон хоолой олон зүйл бодуулав. “Наадам тарсан ч цагдаа аав, ээжийн хүүхдүүдийн баяр одоо л эхлэх нь. Тэдний жил бүрийн наадам ийм хүлээлтийн дунд өрнөх нь гунигтай ч шиг, баяртай ч юм шиг нэг л онцгой юм.
Өөрийн гэр бүл, үр хүүхдийг өргөсөн тангаргийнхаа ард бүлтийтэл орхиод, халуун нартай өдрүүд, хоёр хоног зүсэрсэн бороо, үдшийн жиндүү салхийг үл ажран олныхоо амар амгалангийн төлөө үүргээ гүйцэтгээд оройн тооны жагсаалд жигдэрч, Монгол Улсын төрийн дууллаа дуулж зогсох тэдэнд баярлаж, бахархахгүй байхын аргагүй. Үнэн тангаргийнхаа өмнө цэх шулуун байж, хүлээсэн үүргээ өндөр түвшинд гүйцэтгэсэн Монгол төрийн цагдаа танд баярлалаа.  
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн