Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Н.Ариун-Эрдэнэ: Эцэг, эхчүүд хүүхдээ зоддог уламжлалт сэтгэлзүйгээ өөрчлөх хэрэгтэй

Н.Ариун-Эрдэнэ: Эцэг, эхчүүд хүүхдээ зоддог уламжлалт сэтгэлзүйгээ өөрчлөх хэрэгтэй
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 14
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг ямар нөлөөтэй талаарх Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна.
Аав ээжүүд боловсролын байдлаасаа үл хамааран 70-80 хувь нь хүүхдэд гар хүрдэг бөгөөд “Бид өөрсдөө зодуулж өссөн, буруудаад байсан зүйл алга” гэж ихэнх аав ээжүүд үздэг. Гэтэл хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг ба маш сул дорой, бусдын дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болдог нь насан туршид нь нөлөөлдөг.
Хүүхэд зөвхөн өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог. Мөн дүүгээ зодох, тоглоомоо зодох хэмхлэх, бусдыг дээрэлхэх найзуудаа цохих, өөрөөсөө л сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болохоос гадна хайр халамж мэдрэх насандаа аав ээждээ болон бусдад зодуулж өссөн хүүхэд насанд хүрээд бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, бусдыг зодох, зодуулах нь хэвийн зүйл гэж хүлээж авдаг нь хамгийн аюултай юм.
Хүүхдийн хүмүүжлийн 80-90 хувь нь ээж, аав хоёроос хамаардаг. Тэд голдуу уламжлалт хүмүүжлийн арга барилыг ашиглаж байна. Дарамталсан, сүрдүүлсэн, айлгасан, жинтэй үг хэрэглэвэл миний хүүхэд айгаад миний үгэнд орно гэж ойлгодог. Гэтэл одоо нийгэм хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед тэр хүмүүжлийн арга барил хоцрогдсон.
-Ихэнх ээж аавууд хүүхдэдээ гар хүрдгээ зөв хүмүүжил гэж боддог. Учир нь тэд бага насандаа яг тийм хүмүүжлээр хүмүүжсэн байдаг. Ээж аавдаа зодуулаад муудсан юм алга, тэгсний хариуд бид ухаарч хүмүүжсэн гэж ярьдаг. Боловсролтой эсэхээсээ үл хамааран дийлэнх эцэг эхчүүд хүүхдэдээ гар хүрдэг. Хүүхэд эргээд эцэг эхтэйгээ харилцах, эцэг эхээсээ айхгүйгээр өөрийгөө илэрхийлж сэтгэл санаагаа хуваалцахаа больчихдог ба тэр хэрээрээ өөртөө итгэлгүй, дотогшоо болж хүмүүждэг юм.
-Эцэг эхчүүд өөрсдөө их уур бухимдал, стресстэй, тэдний хоорондын харилцаа таарамжгүй байдаг. Гэр бүлд бие биеэ хайрлах, хүндэтгэх, бие биеэ сонсох харилцаа байхгүй учраас хүүхдэдээ их уур бухимдлаа гаргадаг.
-Хүүхэд болгон өөрийн онцлогтой бөгөөд эмзэглэдэг зүйл болгон нь өөр. Царай зүс, биеийнхээ аль нэг хэсэгт дургүй байж болно. Ингээд байхад нь эцэг, эх нь тэр зүйлийг нь тодотгож хэлж сэтгэл санаагаар дарамталдаг. Үеийн хүүхдүүд нь намхан гэж шоолж байсан бол эцэг эх нь “намхан тагжгар” гэх мэтчилэн эмзэг зүйлээр нь өөрсдөө сэтгэл санаагаар дарамталдаг. Мөн бусадтай харьцуулдаг. Янз бүрийн доромж, сэтгэлийг нь өвтгөсөн, итгэлийг нь мохоосон үгс хэлдэг.
-Хүчирхийлэгч хүн өөрөө яг тийм бага насыг туулсан байдаг. Нийгэмд муу нөлөөлөл үзүүлж байгаа залуус бага насандаа, тэр дундаа ээжийнхээ хэвлийд байхдаа зовлон шаналлыг мэдэрсэн байдаг. Хүчирхийлэгч хүмүүс өөрсдөө гэр бүлийнхээ хэн нэгэнд гар хүрдэг бол багадаа тэрийг мэдэрч байсан, хэн нэгнийг хүндэлдэггүй бол багадаа эцэг эх нь бие биеэ хүндэлдэггүй байсан, гэр бүлийнхээ гишүүнтэй ярилцдаггүй хүний гэр бүлийнхэн нь бага насанд нь хоорондоо ярилцдаггүй байсан гэх мэт.
-Зарим ээж, аавууд гар хүрэхгүй юм гэхэд сэтгэл санаагаар хүүхдээ дарамталдаг ба байгаагаар нь хүлээн зөвшөөрдөггүй. Заавал төгс төгөлдөр зүйл хүсдэг. Өөрийнхөө хүрч чадаагүй амжилтад хүүхдээ хүргэх гэж тулгадаг. Ийм зөрчилтэй зүйлс нь ээж, аав, хүүхдийн хоорондын харилцааг хөндийрүүлдэг.
-Ээж аавдаа зодуулсан хүүхэд сургууль цэцэрлэг дээрээ өөрөөсөө сул дорой хүүхдэд гар хүрдэг. Сургууль, цэцэрлэгтээ очоод өөрөөсөө сул дорой харагдсан хүүхдэд гар хүрдэг. Нарийн ажиглавал хүүхэлдэйгээ хүртэл зоддог. Ээж аав нь гар хүрдэг бол буцаагаад ээж, аавдаа тэр занг гаргаж чадахгүй. Өөрөөсөө сул дорой хүүхдийг зоддог. Нас биед хүрсэн хойноо ч хүчирхийлэгч болох магадлал нэмэгддэг. "Би ч багадаа зодуулж өссөн" гээд хүүхдэдээ эсвэл эхнэр, нөхөртөө гар хүрдэг.
-Ихэнх хүн зодож, гар хүрч байгааг л хүчирхийлэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл айл бүрт ямар нэг хэмжээгээр хүчирхийлэл оршиж байдаг. Учир нь хүчирхийлэлд боловсрол огт хамаагүй. Насанд хүрсэн хүн ч хүчирхийлэлд байгаагаа нуудаг төдийгүй зарим хүн үүнийг хүчирхийлэл гэж ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл зодоон цохион байхгүй ч эдийн засгийн, сэтгэл санааны зэрэг хүчирхийлэл байна.
-Бага насны хүүхэдтэйгээ сэтгэхүй болон наснаас нь давж том хүн шиг харилцдаг хэрнээ өсвөр насанд нь ирэхээр яг бага насны хүүхэд шиг нь тушаах, дарангуйлах маягтай харилцдаг. Өсвөр насны хүүхдийн "би том хүн болчихлоо, би өөрөө шийдвэр гаргах эрхтэй" гэсэн бодол нь зөрчилддөг. Тэгээд аль аль насанд нь хүч хэрэглэдэг. Ийм учраас аав ээжүүд маань хүмүүжлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
-Хүүхдээ өөрчлөхийн өмнө би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог ээж аав маш цөөн. Хүүхдийн хүмүүжил зөв тавигдах орчин нь гэр бүл. Ээж, аав хоёртоо бүрэн дүүрэн хайрлуулж өсвөл өөртөө итгэлтэй болох суурь нь тавигддаг. Ээж аавынх нь аль нэг нь хайрлахгүй, хүчирхийлдэг, хайхардаггүй бол хүүхэд тэр хэрээр өөртөө итгэлгүй өснө. Яваандаа өсвөр насанд нь насанд хүрч гэр бүлтэй болоход нь хүртэл муугаар нөлөөлөхөөс гадна хүүхэд хэн нэгэнтэй харилцах гэхээр сэтгэл санаагаа нээхгүй, бүрэг, дотогшоо болж, уралдаан тэмцээнд орох гэхээр айдастай, өөртөө итгэлгүй, алив юмнаас дандаа хойш сууж, идэвхи зүтгэлгүй, нуугдмал болдог. Багаас нь хүчээр, дарамт, шахалтаар юм хийлгээд сургачихсан. Сүүлдээ аав ээжийн энэ арга нь хүчирхийлэл болж, хүүхэд ч өөрийн эсэргүүцлийг илэрхийлдэг.
-Дандаа дарамталсан, тушаасан байдлаар харилцаад байхаар хүүхэд зөрүүдэлж эхэлнэ. Надтай гоё харилцах биш гэсэн хандлагыг гаргаж эхэлдэг. Том хүнтэй уурлаж харилцвал урдаас уурладаг, инээмсэглэвэл инээдэгтэй яг адилхан. Ээж аав нар хүүхэдтэйгээ яаж харилцана хүүхэд эргээд тэгж харилцана. Уур бухимдлаар аливаа зүйлийг шийдэх нь сөрөг үр дүнд хүргэдэг. Уур хүний үндсэн сэтгэл хөдлөл. Хэн нэгэн рүү уурласан уураа намжаалаа гэж бодоход тэр бухимдлын мэдрэмж нь хүний биед 8 цаг хадгалагдаж байдаг. Тэр бухимдал ямар байдалд хүргэх вэ гэдгийг ээж аавууд ухамсарлах хэрэгтэй. Тэрийг ухамсарлаад хор уршиг нь ийм байна гэдгийг бодвол уур бухимдлаа зохицуулж чадна. Бухимдлаа зохицуулж чадсанаар хүүхэдтэйгээ эерэг харилцааг хадгална.
-Ээж аавууд өнгөрсөн цагт болсон муу дурсамжтайгаа зууралддаг. Өөрсдөө бага насандаа зодуулдаг байсан, хүчирхийлэлд өртсөн, ээж аавынхаа хайрыг хангалттай авч чадаагүй, өнчин өссөн гэх мэт шалтгаанууд нь ирээдүйд гэр бүлийн уур амьсгалыг хөндий хүйтэн болгоход нөлөөлж байна. Мөн хүүхдээ зодож байгаагаа буруу гэж боддоггүй. Хүүхдийн тань хүмүүжилд хортойгоор тусаж байна гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна. Ийм хор хохирол, муу нөлөөтэй гэдгийг тайлбарлаж өгөөд байхад хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдээ өөрчлөхийн өмнө би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог, ойлгодог ээж аав цөөн байна.
-Ээж аав бие биеэ хүндэлбэл хүүхэд ээж аавыгаа хүндэлнэ, бусдыг хүндэлнэ, өөрийгөө ч хүндэлнэ. Аав гэрт орж ирээд гэр бүлдээ санаа тавьж байвал хүүхэд мөн л санаа тавьж сурна. Яагаад гэвэл хүүхэд бусдаас үргэлж үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс өөрсдийн үг үйлдэл болгондоо анхааралтай байх хэрэгтэй.  Хүүхдийг шийтгэхдээ гол нь биш. Ямар нэгэн зүйлийг биелүүлээгүйгээс болоод үүсэх хор уршиг нь юу юм, үүсэх үр дүн нь юу юм гэдгийг аав ээж хүүхдэд ойлгуулж өгөх нь чухал. Хичээлээ хийгээгүйгээс болоод хүүхдэд ямар үр дагавар гарч болохыг маш сайн ойлгуулж өгснөөр хүүхэд зөвөөр хүлээн авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн