Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Б.Цэнгэлбаяр: Эхлээд бүх зүйлийг эергээр хар, бод. Тэгвэл стресстэхгүй, толгой өвдөхгүй

Б.Цэнгэлбаяр: Эхлээд бүх зүйлийг эергээр хар, бод. Тэгвэл стресстэхгүй, толгой өвдөхгүй
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 16
Толгой өвдөлтийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед хүн болгон л толгой өвдлөө гэх болжээ. Тэгэхээр толгой өвдөхөд хүний тархинд ямар процесс явагддаг вэ. Ер нь юунаас болж толгой өвддөг юм бэ?
-Хүмүүс толгой өвдөлтийг энгийн зүйл мэтээр ойлгож, ойр зуурын эмээр өвдөлтөө намдаагаад байдаг. Гэтэл тархины бүтцийн өөрчлөлтийн улмаас толгой өвддөг. Бүтцийн өөрчлөлт гэхээр судасны эмгэг юм уу, ямар нэг халдварын шалтгаан эсвэл тархины цус харвалтын дараахь хүчтэй өвдөлт байж болно. Ер нь толгой өвдөлтийн цаана янз бүрийн өвчин байх магадлал өндөр байдгийг анхаарах хэрэгтэй. Толгой өвдөлт нь анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр янзаар үүсдэг.
Анхдагч толгойн өвдөлтийг дотор нь мигрень, хүчдэлийн хэв шинж, багцалсан гэж хуваадаг. Энэ өвдөлт нь ихэвчлэн үечилсэн байдалтай явагдана. Тухайлбал, мигрень толгойн өвдөлтийн үед толгой таллаж, лугшиж, гэрэл, дуу чимээнээс мэдрэг болдог. Ингэхдээ дунд зэргээс хүчтэй өвдөлт өгч, ажлын чадвар алдагдуулах талтай.
Харин хүчдэлийн хэв шинж буюу стресстэй холбоотой толгой өвдөлт нь толгойг ямар нэг зүйлээр багласан юм шиг үечилсэн байдлаар өвдөнө. Стресстэй холбоотой толгойн өвдөлт нь хүн амын дундах толгойн өвдөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ ажлын ачаалал их, стрессээ тайлж чадахгүйтэй холбоотойгоор үүсч буй толгойн өвдөлт юм. Үүнээс гадна удаан хугацаанд суугаа ажил хийдэг эсвэл хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст булчингийн чангарал үүсч, шохойжилт үүсдэг. Ингэснээр булчингийн гаралтай толгойн өвдөлт үүснэ. Өөрөөр хэлбэл, хүзүү толгойн булчин чангарч толгойн өвдөлт үүсч байна гэсэн үг. Энэ нь хүзүү толгой, дагз руу чилж, халуу оргих эсвэл толгойг барьж байгаа юм шиг өвддөг. Багцалсан толгойн өвдөлт нь анхдагч толгойн өвдөлтийн ерөнхий шинжтэй.
Хоёрдогч толгойн өвдөлт нь ямар нэг өвчний суурин дээр гарч ирж буй өвдөлт юм. Тархины хавдар, буглаа, цус харвалт, хамрын дайврын идээт үрэвсэл, менингит зэрэг бусад бодисын солилцооны өвчнүүдээс давхар толгой өвдөлт гарч ирэхийг хоёрдогч толгойн өвдөлт гэж байгаа юм. Хоёрдогч толгойн өвдөлт нь үүсгэгч шалтгаанаасаа хамаарч тасралтгүй өвдөж болдог. Жишээлбэл, хавдар байлаа гэхэд тасралтгүй, удаан хугацаанд өвдөж, өвдөлтийн эрчим ихэснэ. Ер нь толгойн өвдөлтийн эрчим ихэсч, хугацаа нь уртсаад байвал заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Толгойн өвдөлтийг мэдрэх мэдрэмж нь хүн тус бүрээр ялгаатай байдаг учраас мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж болохгүй.
-Тэгвэл толгойны арын дагз хэсгээр хатгуулж өвдөх нь булчин чангаралтай холбоотой гэж ойлгож болох уу?
-Энэ нь дагзны булчингийн чангарлаас болж үүсч байгаа юм. Хэт ачаалал өгсөнтэй  холбоотой. Тухайлбал, удаан хугацаагаар суух, юм оёх, хүзүүний ямар нэг гэмтэл нь дагзны өвдөлтөд нөлөөлдөг.
-Толгойны орой хэсэг бамбайх нь ямар шалтгаантай вэ?
-Үүнийг хүмүүс тархины даралт ихсэлт гэж ярьдаг. Гэхдээ тархины даралт гэдэг өөр зүйл. Тархины даралт нь тархинд ямар нэгэн эзэлхүүнт процесс үүссэний дараа тархины том хэмжээний харвалт, хавдрын үед тархины даралт үүсдэг. Гэтэл манайхан толгой хэсгийн хуйх бамбайхыг тархины даралт гэж ойлгоод байгаа юм. Уг нь хөдөлгөөний дутагдал, ачааллаасаа болж хуйх хөөж байна гэсэн үг.
-Архи хэрэглэсний дараа тархинд ямар процесс явагддаг болоод толгойд өвдөлт өгдөг юм бэ?
-Архи бол спирт. Харин спирт нь судсыг тодорхой хэмжээгээр тэлж өгдөг. Спирт цуснаас гарахад судас маш хүчтэйгээр агшдаг учраас толгой өвдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, архи уусны дараа толгой хүчтэй өвдөж байгаа үед судас тэлж байна гэсэн үг. Тухайн үед судас тэлэх ч юм уу, өөрт тохирсон эмээ хэрэглэх хэрэгтэй.
-Энэ цаг үеийн хүмүүс гар утас, компьютер таблет их ширтэх болсон. Тэгэхээр дэлгэц удаан ширтэх нь толгой өвдөлтөд нөлөөлөх үү?
-Сүүлийн үед хүмүүсийн компьютер, гар утасны хэрэглээ маш их болсон. Хүн таблет, дэлгэц удаан хугацаагаар харах нь маш их хүч, энерги шаарддаг. Иймээс хүчдэлийн толгой өвдөлт үүснэ.
-Зарим толгой өвдөлтөд эсрэг заалттай хүнс байдаг. Тэгэхээр кофе толгой өвдөлтөд нөлөөлдөг үү?
-Мигрень гэдэг өвчний эсрэг заалтад хоол хүнсний зүйлд нь кофе байдаг. Кофенд байдаг бодис нь мигренийг сэдрээдэг. Ингэснээр толгой өвдөлт үүснэ гэсэн үг.
-Хүмүүс толгой өвдөлтийн үед цитрамон, полдамин, ибупрофен зэрэг өвчин намдаах янз бүрийн эмийг уудаг. Энэ нь хэр зөв юм бэ. Дур мэдэн эм хэрэглэснээр юунд хүрч болох вэ?
-Толгой өвдөлтийн үед эм уугаад байхаар эмээс хамааралтай болдог. Ингэснээр эмийн хамааралт толгой өвдөлт болж байгаа юм. Толгойн өвдөлтөд тохирсон эмүүдийг уух ёстой. Тухайлбал, судасны агшилт байвал судасны үрэвсэл намдаах үйлдэлтэй эм, толгойн багцалсан өвдөлттэй үед өөр бүлгийн эм уух жишээтэй.
-Толгой өвдөх үед бариулах нь зөв үү?
-Бариа засал нь цэгээр булчин суллах, мэдрэлийн эд эсүүдийг сэргээх, тайвшруулах үйлчилгээтэй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлснийхээ дараа бариа хийлгэж болно. Буруу бариа хийлгэсэн тохиолдолд таталт үүсэх эсвэл цус харвах цаашлаад амь насанд асуудал үүсч болно.
-Тархи хөдөлнө гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөхгүй юү?
-Тархи нугасны шингэн нь тодорхой төвшинд байх ёстой. Гэтэл доргилтын улмаас уг төвшинд хазайлтад ордог. Үүнээсээ болж толгой өвдөх, тэнцвэр алдах, нүд бүрэлзэх зэрэг зовуурууд гардаг. Үүнийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Хэрвээ судасны эмгэг, гэмтэл бэртэлтэй үед толгойгоо бариулах нь эрсдэлтэй.
-Толгой өвдөж байгаа үед өвдөлтийг намжаах эмээс өөр ямар арга байна вэ?
-Цэгчилсэн массаж хийж болно. Гэхдээ толгой өвдөлтийн үед хамгийн түрүүнд цусны даралтаа үзэх хэрэгтэй. Хүмүүс толгой маш их өвдөж байна гэсэн хэрнээ даралтаа өссөнийг мэдэхгүй асуудал дагуулдаг. Даралтын эм уухыг эмч зөвлөсөн бол эмээ тогтмол уух хэрэгтэй. Мөн цэвэр агаар амьсгалах, цонхоороо 20-30 минут алсыг харах,  компьютер дээр сууж байсан бол түр холдох, ачаалалтай ажилласан бол хэсэгхэн хугацаанд унтаж амраарай.  
-Хувь хүн ямар дэглэм баримталбал толгойн өвдөлтөөс сэргийлэх боломжтой вэ?
-Ажил, амралтаа зохицуулах ёстой. Шөнийн нойр найман цагаас бага байж огт болохгүй. Мөн болохгүй, бүтэхгүйг эхэлж бодохоос өмнө эерэгээр бодож байх хэрэгтэй. Өөрийн даралтаа мэдэж байх ёстой. Хооллох цагаа зөв тохируулж, спортоор хичээллэ. Аль болох өөрийгөө тайван байлгаж, өөртөө эерэг хандлагыг бий болгох нь чухал. Үргэлж айдас түгшүүртэй, албадмал байдал нь хүнийг өвчлөлд хүргэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн