Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Д.Дагвадорж: Монгол орны өвлийн улирал богиносч, зөөлөн уур амьсгалтай болж байна

Д.Дагвадорж: Монгол орны өвлийн улирал богиносч, зөөлөн уур амьсгалтай болж байна
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 19
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсын цаг агаар, уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгаа талаар Уур амьсгалын өөрчлөлтийн судлаач, Шинжлэх ухааны доктор Д.Дагвадоржтой ярилцлаа.
-Дэлхийн дулаарал манай улсын цаг агаарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийн олон үр дагаврын нэг бол уур амьсгалын тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, ерөнхийдөө дулаарахын зэрэгцээ, цаг агаар тогтворгүй болж байгаа явдал юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд цаг агаарын байдал ихээхэн  хэлбэлзэлзэж, огцом өөрчлөгдөх болж, хэт халуун цаг агаар хаа сайгүй тохиолдон ган, хүчтэй салхи шуурга, аадар бороо, үер тохиолдох явдал улам бүр нэмэгдэж байна. Манай орны цаг агаарт ч мөн адил энэ байдал илэрч байгаа. Манай улс цаг уурын байнгын ажиглалт, хэмжилт хийгээд 90 шахам жил болж байна. Энэ хугацаанд Монгол орны уур амьсгал 2.2 градус орчмоор дулаараад байгаа нь дэлхийн дунджаас нэлээд дээгүүр үзүүлэлт юм. Үүнийг дагаад хур тунадасны хэмжээ өөрчлөгдөж, гамшигт үзэгдэл ажиглагдах байдал өөрчлөгдөж байна.
-Сүүлийн жилүүдэд огцом дулаарах, хүйтрэх байдал ажиглагдаж байгаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт үү?
-Уур амьсгал гэдэг нь нэлээд урт хугацааг хамарсан олон жилийн цаг агаарын дундаж нөхцөл. Иймд уур амьсгалын өөрчлөлт нь урт хугацааны өөрчлөлтийн ерөнхий хандлагыг илэрхийлэх ойлголт юм. Энэ өөрчлөлт нь дулааны төлөв байдал өөрчлөгдөж, дулаарах, цаг агаар тогтворгүй болох байдлаар илэрдэг. Цаг агаарын тогтворгүй байдал, агаар мандалд дахь урсгал хөдөлгөөний өөрчлөлтөөс үүдэн цаг агаарын гамшигт үзэгдлүүд үүсдэг. Сүүлийн жилүүдэд эдгээр гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нь нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, гамшигт үзэгдэл илүү ойр ойрхон ажиглагдаж, учруулах аюул гамшиг, хохирол нь нэмэгдэж байна. Манай орны хувьд гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин нэмэгдэж, учруулах хор хохирол нь улам нэмэгдэж байгааг цаг уурын байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй. 
-Дэлхийн дулаарлаас хамааран манай орны өвлийн улирал харьцангуй дулаан болж байгаа юу, үгүй юү?
-Судалгааны дүнгээс харвал, манай орны уур амьсгал ерөнхийдөө дулаарч байгаа нь өвлийн улирал харьцангуй дулаан болж, хэт хүйтэн цаг агаартай байх хугацаа богиносох хандлагатай байна. Тухайлбал, дулааны улирал манай орны хэмжээгээр дунджаар 18-22 хоногоор уртасч, өвөл хэт хүйтэн цаг агаартай байх хоног 8-24 хоногоор цөөрсөн гэсэн судалгааны дүн байдаг. Энэ нь өвөл нэлээд богино хугацаанд үргэлжилж, харьцангуй зөөлөн уур амьсгалтай болох нөхцөл бий болж байгааг харуулж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь их хүйтэн, их цастай өвөл огт болохгүй гэсэн үг биш бөгөөд богино хугацаанд хэт хүйтрэх, цас ихээр орох явдал бүс нутгаас хамааран олон, цөөн удаа ажиглагдсаар байх нь ойлгомжтой.
-Уур амьсгалын өөрчлөлт хур тунадасны хэмжээнд нөлөөлж байгаа юу?
-Цаг агаар дулаарснаар хур тундас ерөнхийдөө нэмэгдэх боломжтой. Дэлхийн зарим бүс нутагт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч манай орны хувьд сүүлийн жилүүдэд нэг жилд ордог хур тунадасны хэмжээнд онцгой өөрчлөлт ороогүй боловч, нийт нутгийн хэмжээгээр аваад үзэхэд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд хур тунадасны хэмжээ 7 хувь орчмоор буурсан байна. Гэхдээ энэ нь бүс нутаг, улирлаараа ихээхэн ялгаатай байдаг. Тухайлбал, зуны улиралд дулааралтаас болж ус чийгийн уурших хэмжээ нэмэгдэхэд хүргэж байгаагаас хур тунадасны хэмжээ багасаж, хуурайших хандлага давамгайлж байгаа бол зарим судалгааны үр дүнгээс харахад өвлийн улирлын хур тунадас нэмэгдэж болзошгүй байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай оронд ган, зудын эрсдэл улам нэмэгдэх боломжтойг анхаарах хэрэгтэй юм.
-Гангийн эрсдэл нэмэгдэж байгаа гэхээр гол мөрөн, усны хэмжээ хэр буурч байгаа вэ?
-Дулааны улиралд хур тунадасны хэмжээ буурч хуурайших хандлага ажиглагдаж байгаа учраас усны нөөцийн хэмжээ буурах, зарим гол горхи, нуур цөөрөм хатах байдал ажиглагдаж байна. Гэхдээ гадаргын усны өөрчлөлт бүс нутгаасаа хамаарч өөр, өөр. Тухайлбал, баруун аймгийн бүс нутагт өндөр уулнаас эх авдаг голуудын хувьд усны хэмжээ ойрын хэдэн жилд нэмэгдэх боломжтой. Яагаад гэвэл өндөр ууланд байгаа мөнх цас, мөсөн голууд дулаарлын нөлөөгөөр их хэмжээгээр хайлж байгаа учраас эдгээрээс их авдаг голуудын ус нэмэгдэнэ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй, эх авдаг цас, мөсөн гол хайлаад дуусах үед эдгээр гол нуурын усны нөөц ихээхэн татрах эрсдэл үүснэ. Харин говь, тал хээрийн бүсэд орших жижиг гол, нууруудын хувьд усны хэмжээ нэлээд буурсан. Ялангуяа говийн нуурууд ихэнх нь өнөөдөр ширгээд дууссан байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулаад хоёр үндсэн чиглэлийн арга хэмжээг дэлхий нийтээр авч хэрэгжүүл байна. Нэгд, манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлж, ямар үр дагавар учруулах, түүнд зохицож амьдрах боломж байна уу, эрсдэлээ хэрхэн бууруулах зэрэг асуудал дээр тулгуурлан арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Хоёрт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай холбоотой ажлуудыг хийх хэрэгтэй. Энэ хүрээнд манай улс зарим бодлогын баримт бичиг гаргаад хэрэгжүүлж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхэд ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө санхүү шаардах болно.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн