Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Х.Нямбаатар: Монголд ирсэн жуулчдад татварын буцаалт олгодог болно

Х.Нямбаатар: Монголд ирсэн жуулчдад татварын буцаалт олгодог болно
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 16
Засгийн газрын хуралдаанд Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, ирэх долоо хоногт дахин танилцуулсны дараа УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Аялал жуулчлалын дэмжих хуулийг дагалдуудан морин бооцоот уралдаан, төлбөр дааварт тоглоом, казиногийн  тухай хуулийн төслүүдийг багц байдлаар өргөн барих юм байна. 
Хуулийн төслүүдийн гол концепцын талаар Х.Нямбаатар сайд мэдээлэл өгөв. Аялал жуулчлалыг дэмжихийн тулд визийн хөнгөлөлт, нислэгийн тийзний тарифыг багасгах болон жуулчдыг татах чиглэлд Монгол Улсынхаа онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход төр засгаас хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт голлон анхаарч байгааг онцлов. Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага зэргээр ангилж байгаа аж. Эдгээр байгууллага нь Монгол Улсын иргэний өмчлөлтэй байх буюу аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлэгч нь үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг шаардлагыг тавихаар төсөлд тусгаж байгаа аж.
Тэрээр "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манайд хоёр гол асуудал хүндрэл учруулдаг. Нэгд, нислэгийн давтамж, тийзний үнэ. Хоёрт, Монгол Улсад ирэх визний хөнгөлөлтийн асуудал юм. Аялал жуулчлалыг дэмжих хуулийн төслийн хүрээнд энэ асуудлуудыг давхар шийднэ. Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжих асуудлуудыг хуульд тусгасан. Харин визний хөнгөлөлтийн асуудлын хүрээнд ирэх долоо хоногт манай яам, Гадаад хэргийн яамтай хамтран Монгол Улсад хамгийн их аялдаг улс орнуудыг визний шаардлагаас чөлөөлж,  визгүй нэвтрүүлэх орны жагсаалтыг танилцуулна. 
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гол бодлого аймаг орон нутгууд руу чиглэнэ. Аймгууд аялал жуулчлалын салбарынхаа маршрут, үзэсгэлэнт газруудын төлөвлөлтийг хариуцах эрх мэдлийг нь шилжүүлэх замаар төлөвлөгөөт маршрутыг бий болгоно. Дээр нь Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдад татварын буцаан олгодог болох тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгаж байгаа. 
Цаашдаа ан агнуурын зах зээлийг илүү нээлттэй болгоё. Аргаль, Янгир, Угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоог нээлтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдуулж Ан агнуурын тухай хуулийг хөндөнө. Гэхдээ ховор амьтдын тоо, өсөн нэмэгдэх байдлыг нь харгалзан жил бүр салбар яам нь тоо хэмжээгээ гаргаж байя. Тухайн гаргасан тоо хэмжээгээр нээлттэй дуудлага худалдаагаар бүх анг зарж борлуулдаг зарчим руу явна. 
Мөн Аялал жуулчлалын хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн морин бооцоот уралдаан, төлбөр дааварт тоглоом, казиногийн тухай хуулийн төслүүдийг багц байдлаар оруулахаар төлөвлөсөн."Казинод монгол хүн орохгүй. Казиногийн лицензийг маш цөөн тоогоор олгоно. Олгохдоо зөвхөн Монголд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх хөрөнгийн дүнгээр нь лицензийг өгнө" гэдэг агуулгаар Казиногийн тухай хуулийн төсөлд боловсрогдож, яамны вэбсайтад нээлттэй байршсан байгаа гэлээ.  
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн