Хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж буй талаар "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулантай ярилцлаа.-Улсын онцгой комиссоос гаргаж буй шийдвэр танай байгууллагын үйл ажиллагаатай хэр уялдаа холбоотой байж чадаж байна вэ?-Улсын Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр нь манай байгууллагатай огт уялдаа холбоотой байж чадахгүй байна. Учир нь манайх гар ариутгагч, шингэн саван бактерийн эсрэг шингэн саван зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэдэг хэдий ч үйл ажиллагаа маань бүрэн зогсож, байгууллагын 35 ажилтан гэртээ сууж байна. Бид нар үйлдвэр рүүгээ очьё гэхээр зарим тал дээр асуудалтай байна. Жишээ нь, хөл хорионд орчихсон, мөн 13 байгууллагын тусгай зөвшөөрөл олгож явуулна гэсэн хэдий ч тэр тусгай зөвшөөрлийг хаанаас яаж авах нь ойлгомжгүй байна. Очиж авъя гэхээр маш их дараалалтай, энэ нь эсрэгээрээ бөөгнөрлийг үүсгэж байгаа бөгөөд бизнесүүдэд дээрх шийдвэрүүд нь ямар ч уялдаа холбоогүй байна. Миний хувьд Засгийн газраас ялангуяа эдийн засагтай холбоотой шийдвэрүүд дээр ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гэж үзэж байна.-Танай байгууллагаас энэ цаг үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?-Манай нэрийн дэлгүүрүүд бүгд хаагдсан байгаа. Энэ нь манай орлогын гол эх үүсвэрүүд байсан юм. Бид нар одоогоор E-Mart-ийн хоёр салбартаа л бүтээгдэхүүнээ тарааж байна. Мөн өөрсдийн аюулгүй байдлаа ханган тогтсон хуваарийн дагуу үйлдвэрээс бүтээгдэхүүн гаргаж тухайн хоёр цэг рүүгээ тарааж байна. Ерөнхийдөө онлайнаар бүх ажлуудаа хийхийг бодож байгаа ч бид нар үндэсний үйлдвэрлэгч учир үйлдвэрлэл гэдэг онлайнаар явагдах ямар ч боломжгүй зүйл юм. Харин онлайн орчинд бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, хүмүүст хүргэх талаар маркетингийн хурал хийж хүргэлтийн компаниудтай хамтарч ажиллахыг хичээж байгаа. Хөл хорионы үед хүргэлтээ өөрсдөө хийе гэсэн ч цагдаа нар зогсоон зөвхөн хүнс, эм хүргэх боломжтой гээд хүндрэлтэй байгаа. Уг нь манайх гар ариутгагч шингэн саван гэх зэрэг бүтээгдэхүүнүүд ялангуяа эмийн сан, эмнэлгүүдэд хүртэл түгээдэг юм. Удирдлагын зүгээс хүмүүстээ маш их санаа зовж байна. Гэрээсээ гарч ажиллаж чадахгүй байгаа гэдгээс үүдэн хэрэв орлого тасалдах юм бол яах вэ гэсэн айдастай байна. Эдгээр хүмүүстэйгээ утсаар холбогдон сэтгэл санааг нь дэмжин, ярилцаж байгаа.