Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Зөвлөмж: Элсэлтийн ерөнхий  шалгалтдаа өндөр оноо авахад тань туслах 10 тактик

Зөвлөмж: Элсэлтийн ерөнхий  шалгалтдаа өндөр оноо авахад тань туслах 10 тактик
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 17
ЭЕШ-д өндөр оноо авбал Монголынхоо шилдэг их, дээд сургуулиудад төвөггүй тэнцдэг. Ингээд ЭЕШ-даа бэлдэж буй сурагчиддаа зориулан шалгалтдаа амжилттай оролцож, өндөр оноо авах арга барилаас хуваалцаж байна.
Өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалууд дээр маш сайн ажилла
Хичээл бүр дээр ЭЕШ-ын эмхэтгэл номууд байдаг. Эдгээрийг өөрийгөө хуурахгүйгээр ажиллачихад ерөнхийдөө ЭЕШ-ын тухай ойлголттой болно. Жил бүрийн ЭЕШ-ын материал төстэй, заримдаа өмнө жилийн ЭЕШ-ын асуултуудаас орж ирэх нь ч бий. Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр 10 мянган тестийг бэлдэж, тэндээсээ шалгалтад орох асуултуудыг нууцлалын дор сонгодог. Өмнө жилийн материалуудыг ажиллах нь ЭЕШ-ын сэдвүүдийн талаар ойлголттой болоход туслаад зогсохгүй, амжилттай оролцоход тулгуур болно.
Сэтгэл санаагаа бэлдэж, худал зүйлд битгий итгэ
Жил бүр ЭЕШ-ын хариу задарсан, тестийн хариуг зарж байна, тэр даргын хүүхэд олоод авч гэнэ гэх цуурхал гардаг. ЭЕШ-ын хариу задрах боломжгүй. Яагаад гэвэл шалгалтын сэдэв боловсруулагчид Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллаж маш өндөр нууцлалтай хийдэг. Хэрвээ ийм яриа гарвал аль болох итгэхгүй байж, хуваарийнхаа дагуу хичээлээ бэлдэх хэрэгтэй. Мөн энэ жилийн хувьд засалт болон дүнд ямар нэгэн бульхай гарахаас сэргийлж шууд дамжуулалт хийх болохоор санаа зовохгүй байж болох юм.
Системтэй, цагийн хуваарьтай бэлд
Зарим сурагч ЭЕШ-д бэлдэж байна гээд олон хоног нойргүй байх, хэт өөрийгөө шахаж бэлдэх тохиолдол байдаг. Мэдээж амьдралын чухал зүйлүүдийн нэг учраас сайтар бэлдэх нь зүйн хэрэг. Гэхдээ өөрийн эрүүл мэндийг ч мөн бодох хэрэгтэй. Өдөрт 1-2 цаг эсвэл 2-3 цаг үр дүнтэй бэлд. Хамгийн гол нь хэдхэн минут хичээллэсэн ч бай үр дүн гарах чухал юм. Шөнөжин бэлдчихээд маргааш нь юу ч санахгүй бол унтаж амарсан нь дээр шүү дээ. Тиймээс хичээллэх цагтаа яг юу сурч, ойлгох ёстойгоо төлөвлөж, аль болох өөрийгөө зовоохгүйгээр бэлдээрэй.
12 жилийн турш сурсан зүйлээ шалгуулж байгаа гэдгээ мартаж болохгүй
Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг таныг ерөнхий боловсролын сургуульдаа юу сурсныг шалгана. Өөрөөр хэлбэл, 5-12 дугаар ангийн бүх сэдвийг хамруулсан байна гэсэн үг. Тэгэхээр тавдугаар ангиасаа эхлүүлээд бүх дэвтрүүдээ эргэж нэг хараарай. Амархан харагдавч мартчихсан бол алдах магадлал өндөр байна.
Богино хугацаанд хурдан уншиж, ойлгох чадвараа сайжруул
Шалгалт өгөх хугацаа 80-100 минут байдаг. Энгийн үед энэ нь урт хугацаа. Гэхдээ шалгалт хийж байх үед яг л харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд хянагч багш сүүлийн таван минут шүү гэх нь сонсогдоно. Ялангуяа нийгэм судлал, түүх, монгол хэл, биологи хичээлүүдэд хурдан уншиж ойлгох чадвар маш их хэрэг болно. Ингэснээр цаг хэмнэх боломжтой.
Шалгалтаас нэг хоногийн өмнө юу ч битгий хий, зүгээр өөрийгөө амраа
Шалгалтын урд өдөр толгойгоо ажиллуулах ямар нэгэн зүйл битгий хийгээрэй. Шалгалтын өмнө тархиа ажиллуулах нь шалгалтын үеэр өмнө бэлдсэн зүйлүүдээ мартах магадлалтай. Харин найзууд, ангийнхантайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрөөгөөд эртхэн унтаж амраарай.
Тестээс хариуг олж болно
ЭЕШ-ын үед сандраад томъёогоо мартчихвал хариунаас нь хайгаад үзээрэй. Энэ аргыг ихэвчлэн математик, физик, хими гэсэн хичээлүүдэд ашиглавал тохиромжтой. Гэхдээ энэ нь баталгаатай хариу нь олдоно гэсэн үг бас биш. Тиймээс аль болох тайван байж, ном ёсоор нь хийхийг хичээх хэрэгтэй.
Хариултын хуудас бөглөх аргад суралц
ЭЕШ өгөхөөр танхимдаа ороход шалгалтын материал болон тестийн хариу бөглөх хуудас өгнө. Хариултын хуудас гэдэг нь компьютерын програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм. Буруу бөглөсөн, баллаж сохолсон тохиолдолд хариултын хуудас хүчингүй болж таны олон жилийн хөдөлмөр үгүй болно. Тиймээс http://www.eec.mn/article119 энэхүү холбоосоор орж хариултын хуудас бөглөх аргатай танилцаарай.

Шалгалтын үед хариултын хуудсаа эртнээс бөглө

Цаг дууссаны дараа хариултын хуудсаа бөглөж амжихгүй байх, цагандаа амжих гээд яарч бөглөснөөс болж баллаж сохлох тохиолдол гарна. Тиймээс ийм эрсдэлийг урьднаас төлөвлөж, баталгаатай гэсэн хариултуудаа бөглөөд явж байх хэрэгтэй. Харин эргэлзээтэй эсвэл хийгээгүй байгаа даалгаврын хэсгийг түр орхиод сүүлд нь хийгээрэй. Яагаад гэвэл баталгаатай хариулт бол чиний баталгаатай оноо юм шүү.
Чи хэчнээн мундаг байсан ч шалгалтын өмнө өөртөө битгий бард
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шүү дээ. Хэчнээн сайн бэлдсэн, хэчнээн олон олимпиадад түрүүлсэн, ангийнхаа лидер нь байлаа гээд 800 авчихна гэсэн үг биш. Би амархан 800 авчихна гэж ороод л алдсан сурагчид зөндөө бий. Өөртөө итгэлтэй байж бололгүй яахав. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч таахгүй.
Эцэст нь хэлэхэд, таны өрсөлдөгч яг одоо таны мэдэхгүй зүйлийг мэдэж аваад л сууж байгаа. Гэхдээ таны жинхэнэ өрсөлдөгч таны үе тэнгийнхэн биш та л өөрөө байдаг гэдгийг санаж, шалгалтдаа сайн бэлдээрэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн