Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Л.Саруултөгс: Японы зах зээлд Монголыхоо онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнээ гаргаж чадлаа

Л.Саруултөгс: Японы зах зээлд Монголыхоо онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнээ гаргаж чадлаа
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 22
Гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт ордог Японы зах зээлд өөрийн "Saruul" нэртэй эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж чадсан Некстком ХХК-ийн Ерөнхий захирал Л.Саруултөгстэй ярилцлаа.
-"Saruul" нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ Япон улсын зах зээлд гаргасан байна. Япон улсад гаргах болсон шалтгаан юу вэ?
 -Би гоо сайхны бүтээгдэхүүний салбар япончуудтай 10 гаран жил хамтран ажиллаж байна. Энэ салбар шинэ соргог зүйлийг үргэлж эрэлхийлж байдаг. Монголын байгалийн шим болсон түүхий эд чацарганы цэвэр тосыг ашигласан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаргах саналыг энэ салбартаа туршлагатай Японы компани надад санал тавьсан. Ингээд саналыг хүлээн авч өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ олон улсад гаргаад байна.
-"Saruul" брэндийг ямар үйлчилгээтэй ямар бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байгаа вэ?
-Монголчууд эрт дээр үеэсээ чацарганыг хэрэглэж заншсан ард түмэн шүү дээ. Чацарганад маш сайн чанарын ханаагүй хүчлийн тос Омега 3,6,7,9 агуулагддаг мөн витамин А,Е,К гээд маш баялаг найрлага гайхалтай тэнцвэртэйгээр байдаг. Омега 7 бол тэр чигтээ залуу гоо сайхны нууц гэж хэлж болно. Дэлхийн гоо сайхны салбарынхан Омега 7г хэрхэн, хаанаас нөхөх вэ гэж хайж байдаг. Гэтэл Японуудын судалгаагаар тэр бүр хоол хүнсэнд элбэг байдаггүй омега 7 чацарганад хангалттай хэмжээгээр байгааг тогтоож гаргасан. Монголын эрс тэс уур амьсгалд ургадаг энэ ургамалын үр төдийгүй зөөлөн эдээс нь ч тос гаргаж авах боломжтой ховор ургамлын нэг юм.
-Бүтээгдэхүүн 100 хувь монгол түүхий эдээр хийгдсэн гэсэн. Орц найрлагыг танилцуулна уу?
-Монголын хөрсөнд ургасан чацарганы цэвэр тос болон монгол гүүний эхэсээс бүрдсэн 100 хувь монгол түүхий эдээс бүрдсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.  Мэдээж эрүүл гоо үзэсгэлэнтэй байхад эрдэс амин дэм шаардлагатай байдаг. Тэр бүх шаардлагатай амин дэмүүдийг манай бүтээгдэхүүн нэг дор агуулсан байдгаараа бусад бүтээгдэхүүнээс онцлогтой юм.
undefined
-Өөрийн брэндээ олон улсад гаргахын тулд хэдэн жил шаардагдсан вэ?
-Ямар нэг санааг бодит ажил болгож эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэнэ гэдэг бол маш урт зам байдаг. Тэр утгаараа удаан хугацааны судалгаа шинжилгээ шаардана. Мөн японы зах зээлийн судалгаа шинжилгээ, стандарт гээд олон шалгуурыг давах хэрэгтэй болно. Харьцангуй туршлагатай компанитай хамтран ажилласан учраас төлөвлөснөөс богино хугацаанд бүтээгдэхүүнээ Японы хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Монголын талаас түүхий эдийг тогтвортой нийлүүлэх шаардлагатай байдаг. Тогтвортой бөгөөд стандартыг тогтмол хангаж байх нь Монголын түүхий эд дэлхийн зах зээлд гарах эхний шалгуур болох юм. 
Хугацааны хувьд ковидоос шалтгаалж хоёр жил есөн сар дунд нь засварласан ч энэ хугацааг ашиглаж монгол адууны эхэсийг нунтаг хэлбэрээр нэмж оруулсан. Ингэснээрээ гоо сайхан, эрүүл мэндийн Монголын цэвэр байгалийн охь шимийг нэгтгэсэн бүтээгдэхүүн болгож шинэчилсэн.
-Саяхан Япондоо хамгийн өндөр борлуулалттай байдаг Шоппчанед телевизээр бүтээгдэхүүнээ сурталчилсан байсан. Мэдээж бүтээгдэхүүн сонирхогч болон хэрэглэгчийн тоо өссөн байх?
-Тиймээ, Япондоо борлуулалтын суваг дотроо үзэгчид борлуулалтын тоогоороо хамгийн өндөрт явдаг телевизээр нэг цагийн турш монгол орны тухай болон бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн тухай танилцуулсан. Энэ телевиз танилцуулах бүтээгдэхүүнээ өндөр шалгуураар сонгодог, хүсэлт дараалал нь олон жилийн хүлээлттэй байдаг. Тиймээс ч сонгосон бараагаа амжилттай борлуулахад сайн ажилладаг, нэвтрүүлгээ маш чамбай бэлддэг юм билээ. Миний хувьд япон хэлээр телевизийн шууд нэвтрүүлэгт ярих нь том сорилт болсон.
-Монголын зах зээлд хэзээ гаргах вэ?
-Одоогоор тийм төлөвлөгөөгүй байгаа. Учир нь монголчууд чацарганыг эрт дээр үеэс хэрэглээндээ оруулж ирсэн ард түмэн шүү дээ.
-Цаашдын зорилго юу вэ. Мэдээж бүтээгдэхүүнээ төрөлжүүлж өөр улс оронд гаргахын зорьж байгаа байх?
-Цаашид Японы зах зээлд өөрийн нэрийн Саруул арьс арчилгааны иж бүрдэл бүтээгдэхүүн болгох зорилготой эхлүүлсэн брэнд байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн