Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

'Рио Тинто'-гийн ноцтой зургаан алдааны нэгд Оюутолгой төслийн жишээ багтжээ

'Рио Тинто'-гийн ноцтой зургаан алдааны нэгд Оюутолгой төслийн жишээ багтжээ
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 11
Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлдэг вэ. Германы нийслэл Берлинд төвтэй, нэр хүнд бүхий “Facing Finance” олон улсын санхүүгийн судалгааны хүрээлэн нь 2012 оноос эхлэн томоохон компаниудад эрэн сурвалжлага хийн хүний эрх, хөдөлмөр эрхлэлтийн ээлтэй байдал, байгаль орчинд учруулж буй хор нөлөө, авлигал зэрэгт хэрхэн хандаж байгаад нь үнэлгээ өгч, тайлан гаргасаар ирсэн юм. Тус байгууллагын судалгаа нь компаниудын хувьд улс орнуудтай харьцуулахад авлигын индекс болон санхүүгийн ил тод байдлын тайлантай дүйж очдог гэж ойлгож болох юм.
Өнгөрөгч 2018 оны хувьд тус байгууллага “Anglo American”, “Barrick Gold”, “BHP Billiton”, “ENI”, “Gazprom”, “Glencore”, “Goldcorp”, “Grupo Mexico”, “Vale” болон “Rio Tinto” зэрэг үндэстэн дамнасан том корпорациудад шалгалт хийж голлох чухал үзүүлэлтүүдийг гаргаж тавьсан байна. Эдгээр компаниуд дэлхийн уул уурхайн зах зээлийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнө нь бүгд хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, санхүүгийн ил тод бус байдал болон байгаль орчинд ихээхэн хохирол учруулж, удаа дараа зөрчил гаргаснаар олон улсын хэд хэдэн байгууллагуудын хар жагсаалтад орж байжээ. Судалгааны өөр нэгэн ач холбогдол нь үндэстэн дамнасан эдгээр корпорациуд нь алдаа дутагдлаа засахын тулд ямар амлалт өгч, үүндээ хэрхэн хүрч байгаад хяналт тавих явдал аж.  
Мөн тус судалгааны хүрээнд Их Британи, Герман, Франц, Нидерланд болон Швейцар зэрэг таван орны тус бүр хамгийн том хоёр, нийт арван банкинд хяналт тавьсан байна. Эдгээрт “BNP Paribas”, “HSBC”, “UBS”, “Barclays”, “Deutsche Bank”, “ING”, “Credit Agricole”, “Credit Suisse”, “Rabobank” болон “DZ Bank” зэрэг банкууд багтсан бөгөөд хамгийн гол нь банкуудын олонхи нь дээрх судалгаанд хамрагдсан уул уурхайн компаниудын гол хөрөнгө оруулагчид нь болж байгаа нь яах аргагүй сонирхол татах аж.
Харин Монголд хамаатай гэдэг утгаар нь манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг “Rio Tinto” компанийн талаарх хэсгийг орчуулан хүргэж байна. Тус судалгаанд Оюутолгой компанитай холбоотой маргаантай асуудлууд ч хөндөгдсөн байна.
Уул уурхайн зах зээлд гуравт ордог Австралийн “Rio Tinto” компанийн хувьд дэлхий дахинд хэрэгжүүлж буй томоохон төслүүддээ шударга ёсыг хэрхэн ханган ажилладаг вэ. Тус компани нь уул уурхайн бусад томоохон компаниуд дундаас хамгийн их хөрөнгийг уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй газрууддаа биологийн олон төрөл зүйлүүдийг хамгаалах болон нөхөн төлбөр хийх зорилгоор олгожээ. “Rio Tinto” дэлхий дахинд нийт 19 биологийн олон төрөл зүйл байдаг бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 17-д нь хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын шаардлагаар хамгаалах, нөхөн сэргээх ажил хийж байгаа бол хоёрт нь сайн дураараа үүнийг хийж байгаа аж. Мөн үйл ажиллагаа эрхэлж буй тухайн орныхоо нийгэмд боловсрол, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, байгаль хамгаалах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх урт, богино хугацааны олон төслүүдийг хэрэгжүүлдэг нь сайшаалтай.
Гэвч тус компани дараах зургаан үйлдэлдээ муугийн жишээ болж хангалтгүй үнэлгээ, дүгнэлт авсан байна.
1. Индонезод байх дэлхийн алтны хамгийн том, зэсийн хоёр дахь том уурхай болох Грасбергийн төсөлд хүний эрх болон байгаль орчинтой зүй бус харьцаж байгаа талаар сүүлийн олон жилийн турш шүүмжлүүлсээр ирсэн юм. Анх 2012 онд “Facing Finance”-ын зүгээс үүсээд буй нөхцөл байдалд анхаарал хандуулж, сайжруулах шаардлагыг тавьсан байна. Одоогийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад дээрдэж байгаа ч нийт 20,000 орчим ажилтантай уг уурхай нь олон улсын стандартыг одоо хэрнэ хангаж чадахгүй байна гэж үзжээ.
2. “Rio Tinto” нь 2012 оны байдлаар дэлхийн хамгийн том уран олборлогч уул уурхайн компани байсан юм. Тэд Намиби улс дахь дэлхийн хамгийн удаан хугацаанд ажиллаж буй “Россинг” гэх ураны ил уурхайн ажилчдын эрүүл мэндэд хангалттай анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд шалгалтын явцад зарим уурхайчин нь цацрагийн хүнд хордлогод орсон байжээ. Шаардлага тавьсны үндсэн дээр энэхүү уурхайд өмнө нь ажиллаж байсан хүмүүст эрүүл мэндийн нөхөн олговор олгох болжээ.
3. Папау Шинэ Гвиней улс дахь “Bougainville” зэсийн уурхайгаас ялгарах хүчиллэг бодисыг ойролцоох голын усанд шууд цутгасан нь байгаль орчинд маш аймшигтай хохирол дагуулсан байна. Үүнийг “Rio Tinto”-гийн байгаль орчны эсрэг үйлдсэн дайны гэмт хэрэг гэж 2013 онд тодорхойлж байжээ. Тэд 2016 онд тус ордын эзэмшлээ Засгийн газарт нь шилжүүлэн өгсөн байна. Гэсэн ч 17 жилийн турш үйл ажиллагаа явуулсан “Рио Тинто” компани одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаа аж. Мөн Папау Шинэ Гвиней улс байгаль орчны бохирдлоос болж нас барсан 20,000 орчим иргэний амь нас болон нөхөн сэргээлтийн бүх зардлыг гаргахыг тус компаниас шаардаж байгаа аж.
4. Мозамбик улсын Тете мужид нүүрсний уурхай байгуулахын тулд “Rio Tinto” групп нь 2013 оноос эхлэн тэнд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлж, хүний эрхэнд ноцтой халдах болсон нь хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ихээхэн орж байв. Тэд 2014 онд орд ашиглах лицензээ худалдсан ч нүүлгэн шилжүүлсэн иргэдэд нөхөн төлбөр төлөөгүй аж. Одоогоор тус компани энэхүү лицензийг зарахдаа луйвар үйлдсэн бөгөөд олон тэрбум ам.долларын алдагдлаа нуун дарагдуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа юм байна.
5. Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв буюу “СОМО”-ын хийсэн сүүлийн үеийн судалгаагаар “Rio Tinto” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн зэсийн уурхайн төсөлд татварын таатай орчныг ашиглан 470 сая ам.доллар төлөхөөс зайлсхийсэн нь тус улс 230 сая ам.долларын татварын орлогын алдагдал хүлээхэд хүргээд байна гэжээ.
6. “Rio Tinto” нь Бүгд найрамдах Мадагаскар улсын “The Tolagngro” эрдэст элсний уурхайн 80 хувийг эзэмшиж байна. Үлдсэн 20 хувийг тус улсын Засгийн газар эзэмшдэг аж. Энэхүү элс нь гоо сайхны бүтээгдэхүүн болон нарнаас хамгаалах тосыг үйлдвэрлэхэд ашигладаг байна. Хамгийн гол нь энэхүү уурхай нь дэлхий дээр үлдээд буй цөөн хэдэн далайн эрэг дээрх ой модны нэгийг сүйтгэх болоод байгаа бөгөөд тэндээс гарах тоос, тоосонцрын бохирдол нь оршин суугчдын эрхийг зөрчиж байгаа аж.
“Rio Tinto” групп нь НҮБ-ын Глобал компакт, “OECD”-ын зарчмууд болон хүний эрх, аюулгүй байдлын зарчмуудад гарын үсэг зурсан байдаг. Мөн “ICMM” буюу Олон улсын уул уурхай, металл олборлогчдын зөвлөлийг үүсгэн байгуулагч гэдэг утгаараа байгаль орчин, биологийн олон төрөл зүйлийн бүсүүдийг хамгаалж, олборлолт хийсэн газартаа нөхөн сэргээлт хийн, тухайн үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо нийгмийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах үүргийг олон улсад хүлээсэн байгууллага юм. Тиймээс дэлхий дахинд нийтлэг мөрдөгддөг уул уурхай эрхлэх хэд хэдэн стандартуудыг дагаж мөрдөх шаардлагатай гэж үзлээ. Мөн тухайн ямар ч төсөлд орон нутгийн иргэдэд ноцтой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа төлөвлөх болон шийдвэр гаргахтай холбоотой асуудлаар тэдний санал бодлыг сонсож, боломж олгох үүднээс хамтрагч талуудтай хамтран ажиллахдаа “OECD”-ын удирдамжид заагдсан үйл ажиллагааны нэгдүгээр стандартыг ханган ажиллах ёстойг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: facing-finance.org
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн