Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг хэлэлцжээ. Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний халдвар ихсэж, амбулаторийн үзлэгийн 10 гаруй хувийг эзэлж байгаа учраас сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгах саналыг хүргүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Засгийн газар ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 13-нд дуусах байсан бол 20 хүртэл сунгажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
-Нийслэлийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан байна. Хөдөө орон нутгийн сурагчид яах вэ?
-Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг 7-14 хоногоор сунгах хүсэлт тавьж байгаа юм билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцууллаа. Мөн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Наймдугаар сард баталсан хичээлийн жилийн бүтэц байгаа. Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн хүүхдүүд 21, аймаг орон нутгийн хүүхдүүд 14 хоног амарч байгаа. Нийслэлд үнэхээр тийм хүндрэлтэй байгаа бол амралтыг нь долоо хоногоор сунгаад долоо хоногийн хичээлийг агуулгаар нь нөхөөд явах шийдвэр гарсан. Орон нутаг 13-наас хичээллээд явна. Өвөрхангай, Сэлэнгэ аймагт томуугийн дэгдэлт өндөр байна гээд орон нутагтаа шийдэр гаргасан. Энэ удаагийн томуугийн дэгдэлт 0-4 насны хүүхдэд маш их байгаа юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн дунд маш их байгаа юм байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ халдвар авахуулахгүй байх, амин дэмээр баялаг хоол унд өгөх шаардлагатай. Дахин, дахин амралтыг сунгахаар хүндрэлтэй. Нөгөө талаар амралтыг сунгаж болно. Хоёр, гуравдугаар улирлын амралтаас хасагдана гэдгийг тооцох хэрэгтэй. Хэрвээ амралтыг дахин сунгах бол гуравдугаар улирлын амралтаас хасагдахаас өөр аргаггүй. Одоогийн байдлаар хоёр аймаг долоо хоногоор сунгах хүсэлтээ ирүүлсэн байна. Өөр аймаг одоогоор яригдаагүй. Хэрвээ сунгахаар бол яаманд мэдэгдээд аймгийн дарга нар сунгаад явах боломжтой байгаа.
-Хичээл зургадугаар сарын 1-н гэхэд амрах уу?
-Энэ жилийн хичээлийн бүтэц 32-33 долоо хоногтой. Бага ангиуд тавдугаар сарын сүүлээр хичээл нь дуусна. Ахлах ангиуд зургадугаар сарын 6-нд дуусаад элсэлтийн шалгалт руугаа орно.