Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн барилгын салбар идэвхжиж, төр болон хувийн хэвшлүүд томоохон бүтээн байгуулалтын ажилдаа ордог. Харин иргэд хувийн орон сууц, байшин барих, амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулан, их засварын ажил өрнөдөг билээ. Барилгын ажил идэвхжихтэй зэрэгцэн барилгын бараа, материалын эрэлт нэмэгддэг. Сүүлийн хоёр жил хилийн гацаанаас үүдэн бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тэгвэл барилгын салбарынхан болон иргэдэд шаардлагатай барилгын материалын үнэ, худалдан авалт хэр байгааг тодруулахаар энэ удаагийн сурвалжлагаа “100 айл”-аас бэлтгэлээ.

“Түр байж байгаарай энийг гаргаадахъя. Алив наашаа яваарай” гэсээр портер машин руу зогсоолын харуул эр гар даллана. Харин хажуугаас нь жолоочид дуут дохиогоо хангинуулсаар. Энэ нь 100 айлын ойр хавьд түгээмэл үзэгдэл. Учир нь зуны эдгээр өдрүүдэд иргэдийн машиныг тавих зай байтугай явганаар зөрөх ч зай үгүй. Будаг, багс, хүрз, обой барьсан иргэд нэгэнтэйгээ мөргөлдөх нь ч бий. Тус төвөөр яваа иргэд үнэ өссөнийг гайхширч, толгой сэгсэрнэ. Хэдий үнэ өссөн ч иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байв. Ингээд барилгын гол нэрийн зарим барааны үнийг сонирхуулъя:
-Обой буюу ханын цаас нэг боодол нь зузаан нимгэн, үйлдвэрлэсэн улс, өргөнөөс нь хамаарч 15-120 мянган төгрөг
-Иргэдийн байшингийн дулаалгад түгээмэл ашигладаг хөөсөнцрийн хамгийн нимгэн 1м2 нь 28-150 мянган төгрөг байсан. Харин одоо 90-300 мянган төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байв.
-Цемент нэг тонн нь 180 мянган төгрөг байсан. Харин одоо 300 мянган төгрөг болсон байв. Нэг шуудай цемент нь 10 мянган төгрөг байсан бол 20 мянган төгрөг болсон байна.
-Доторлогоо болон хана, их бие бусад зүйлсэд хэрэглэдэг OSB үртсэн шахмал хавтан нь 16-23 мянган төгрөг байсан бол одоо 40-70 мянган төгрөг болжээ.
-Дотор засалд хэрэглэх цагаан замаск найман мянган төгрөг байсан. Харин одоо 10-13 мянган төгрөг.
-Өрөөний тасалгаа бусад зүйлд ашиглах улаан тоосго ширхэг нь 250 төгрөг байсан. Харин одоо 380-470 төгрөг.
-Байшингийн их бие, барилгын дүүргэлтэд ашиглах хөнгөн блок 1м3 нь 200 мянган төгрөг
-Дээврийн төмөр хамгийн хямд нимгэн нь 8-12 мянган төгрөг болж бараа бүтээгдэхүүний үнэ багадаа 2-3 дахин өсчээ.
Худалдаачид алдагдалтай үнээр зарахгүй гэж бүх бараа бүтээгдэхүүний үнээ 2-3 дахин өсгөсөн байна. Энэ нь худалдаачдадаа алдагдалтай, таашаалтай боловч иргэдэд дарамт болж буй. Тэр дундаа амьдралаа өөд татан шинээр байшин барьж тусдаа гарах гэж байгаа иргэдэд том бэрхшээл болж байна.
Вакум цонх, метал хаалганы дэлгүүрт бухимдангуй зогсох залуус бол Б.Энхжаргал, С.Сүхболд. Тэд залуу хос. Б.Энхжаргал сувилагч мэргэжлээр суралцдаг 21 настай. С.Сүхболд архитектур мэргэжилтэй. Гэхдээ автомашины засварт ажилладаг. Тэд “Гурван жилийн хугацаанд мөнгө хуримтлуулж байна. Хөдөөгөөс нөхрийн аав, ээж тав орчим сая төгрөг хандивласан. Гурав гаруй жил төлөвлөсний эцэст энэ жил эхнэрийнхээ аавын хуучин хашаанд байшин барьж тусдаа гарахаар төлөвлөсөн юм. Тэгсэн чинь барилгын материалын өсөлтөөс болж байшин барихаар тооцоолсон тооцоо маань зөрчихлөө. Ойрын хоёр жилдээ бүрэн барьж дуусахгүй юм шиг байна. Уг нь 270*160 харьцаатай гурван цонх сонирхож байгаа юм. Гэтэл цонхнууд материалаасаа шалтгаалаад 200-600 мянган төгрөгийн хооронд байгаа болохоор 270*160 харьцаатай нэг цонхыг хамгийн хямдаар авахад сая 80 мянга төгрөг, гурван цонхонд гурван сая 240 мянган төгрөгийг зарцуулах болчхоод ахтайгаа ярилцаад л байж байна” гэв. Мөн залуус өмнөх өдөр нь байшингийн дээврээ сонгосон бөгөөд тэд хамгийн хямд 8500 төгрөгийн дээвэр авсан ч нийт сая 43 мянган төгрөг зарцуулсан байна. Ийн тэдний төсөв нэгэнт хүрэлцэхгүй болсон ч бэлтгэлээ базааж явна. Хэрэв дараа жил гэхэд үүнээс өндөр үнэтэй болох магадлал байгаа хэмээх болгоомжлолтой. Хэдий таван жил болж өөрийн сууцтай болж байгаа ч гучин жил лизинг төлснөөс дээр гэж үзсэн нь тэдний зөв шийдэл юм.

Тус захын ойр хавь түгжрэл ихтэй, зогсоол багаас гадна овор ихтэй бараа материал авч буй иргэд заавал ачааны машин хөлсөлдөг. Тэд хүртэл бензиний үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар үнээ нэмжээ. “Хурган цагаан”-ы жолоочоос хэдэн төгрөгөөр ачаа хүргэж байгааг тодруулах гэхэд татгалзав. Цааш өөр нэг жолоочоос асуухад “таксины үнэ нэмэгдсэн байхад би ч бас үнээ нэмсэн. Сая би Их Дэлгүүрээс хайлааст хүртэл 80 мянган төгрөгөөр явсан” гэв. Түүний хэлэх энэ өгүүлбэр хэр өссөнийг тодорхойлох биз.
Ийн залуу хосуудын төлөвлөгөөг нураасантай агаар нэг үйл явдал өөр нэгэнд ч тохиосоор. Үнийн өсөлт 2-3 дахин нэмэгдсэн ганц шалтгаан нь хилийн гацаа гэж худалдаачид тайлбарлана. Гэхдээ зарим бараа бүтээгдэхүүнийг зориудаар хөөрөгдөх нь ч бий. Учир нь зарим худалдаачны материалын үнэ нэмж байгаа шалтгаан нь зэргэлдээх дэлгүүр үнэ нэмсэн гэх жижиг шалтаг юм...