“The Colors” хамтлагийн 10 жилийн ой энэ сарын 31-ний өдөр тохиож байна. Монголын урлагт 2010 онд нэгэн өөр хөг орж ирсэн нь “The Colors” байлаа. Тухайн үеийн рок хөгжмийн хүнд дуугаралтыг эвдэн, орж ирсэн сэргэлэн цовоо, эгдүүтэй жаахан хөвгүүд. Байгуулагдаж байх үедээ хамтлагийн хөвгүүд 15-16 настай байсан. Харин үүнээс хойш 10 жил өнгөрчээ. Тэд энэ хугацаанд хоёр цомог гаргасны нэг нь CD хэлбэрээр, нөгөө нь пянз байв. Монголын хөгжмийн ертөнцөд пянз гаргасан маш цөөхөн хамтлагийн нэг нь тэд боллоо. Ингээд "The Colors" хамтлагийнхантай ярилцсанаа хүргэе.
-Хамтлагийн түүх хаанаас эхлэх вэ?
-Г.Тогтуун: Анх талийгаач, Төгөлдөр, бас нэг бөмбөрчин охин бид дөрөв “Эмээ өвөө бясаа дөрөв” гээд хамтлагийг үүсгэсэн. Бид L-Guards гээд хамтлагийн фенүүд байлаа. Бас тэдний бэлтгэлийн байранд бэлтгэлээ хийдэг байсан.
-Б.Төгөлдөр: “Эмээ өвөө бясаа дөрөв” нэг их удаан үргэлжлээгүй. Нэг сар л болсон байх. Дараа нь 25 дугаар эмийн санд Тогтууны грашинд бэлтгэлээ хийдэг болсон.
-Г.Тогтуун: Арван жилийн хугацаанд манай бүрэлдэхүүнээс хүн хасагдаагүй. Нэмэгдээд л байсан. Хамгийн сүүлд Оохоо 2014 онд нэгдсэнээр яг одоогийн бүрэлдэхүүн бий болж, түүнээс хойш зургаан жилийн турш бүтээлээ туурвиж байна.
Нэг өдөр тэдэн рүү “HiFi” Records-оос залган “Ecoton 2012” гээд тэмцээн зохиогдож байгаа юм байна. Та нар ороод үзээч гэж хэлжээ. Тэд тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан GEE, Outlaw болон Моханик тэргүүтэй амьд хөгжмийн томоохон хамтлагуудтай нэгэн тайзан дээр хүч үзэж, тэргүүн байр эзэлснээр олны танил болох гараагаа эхэлсэн.
-“Ecoton 2012” тэмцээнд түрүүлж байсан талаараа яривал?
-Г.Тогтуун: Тэр үед бидэнд бэлтгэлийн байр ч байгаагүй. Моханик хамтлаг СУИС-ийн хажууд бэлтгэлийн байртай байсан. Өөрсдөө тэмцээнд хамт оролцож байж бидэнд бэлтгэлийн байраар тусалсан. Тэд өдөр бэлдээд бид нар шөнө бэлддэг байсан. Тэгээд тэмцээн дээр очиход GEE, Outlaw гээд олон фентэй уран бүтээлчид оролцож байлаа. Шагнал гардуулах үеэр гуравдугаар байранд GEE гээд зарлахад “За ойлгомжтой бид нар бүр сураггүй юм байна” гээд байж байтал бид нар нэгт орчихсон. Бид уйлсан /инээв/.
Үүний дараа тэд “White Arch” студитэй гэрээ байгуулсан. 2014 онд тэд студитэйгээ хамтран “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” анхны бие даасан цомгоо CD хэлбэрээр гаргав. 800 гаруй цомгийг бэлэглэхийг нь бэлэглэж, худалдахыг нь худалдсан байна.
-Анхны цомгоо хэрхэн хийж байсан бэ?
-Г.Тогтуун: “White Arch” студи биднийг продюсерлэхээр болоод одоо та нарын анхны цомгийг гаргаж өгье гээд тэр үед зохиосон дуунуудаас сонсож байгаад сонгосон. Цомог гарахын өмнө бид нар цомгийн нэр болох “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” гээд шүршдэг будгаар МУИС-ийн хоёрдугаар байр, ШУТИС-ийн хоёрдугаар байрнуудын хавьцаа шүршсэн. Бас хамгаалагчид нь хөөгдөж байсан. Энх тайвны гүүр дөнгөж засвар хийчихсэн байхад нь бас шүршиж байсан. Тэр өдөр шөнийн хоёр цаг болохыг хүлээж байгаад хар хувцас өмсөж, маск зүүгээд гарч байж билээ.
2015 онд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан “V-Rox” фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцов. Тэд улам л урагшилсаар байлаа.
-“V-Rox” фестивальд явж байсан тухай дурсамжаасаа хуваалцвал?
-Г.Тогтуун: 2015 оны зун болсон энэ фестиваль бидний анхны гадаадын тайз байсан. Бид нар фестивальд ямар ямар хамтлаг оролцох талаар мэдээгүй. Гэтэл бид нарын дуртай “On The Go” гээд Орос хамтлаг тэнд бас тоглож байсан. Дуртай хамтлагтайгаа нэг тайзан дээр тоглох маш гоё байсан.
Тэдний явах зам үргэлж дардан байсангүй. 2017 онд тэд хөгжмөө үргэлжлүүлэн тоглох эсэх нь эргэлзээтэй болсон юм. Учир нь хамтлагийн гишүүн гэхээсээ илүү тэдний дотны найз соло гитарчин Б.Хүслэн (1995-2017) өөд болов. Бараг л бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг амныхаа зоргоор муулж байлаа. 2017 оны Playtime наадмын хоёр дахь өдөр үзэгчид ихээхэн хүлээлттэй байв. Тэд тайзан дээр хоёр ч шинэ дуу дуулсны нэг нь талийгчид зориулсан “Би тэнгэр лүү унаж байна” дуу байсан юм. Хожим нь тэд 2019 онд хамтлагийн хоёр дахь цомгоо энэ дуугаар нэрлэсэн билээ. Тэд тайзан дээр дусал нулимс ч унагасангүй.
-Г.Тогтуун: Бид “Playtime”-ийн өмнөх “ShowCase” дээр очиж тоглосон. Тэр үед би биеэ барьж чадалгүй дуугаа тоглож эхлэхээс дуусах хүртэл тасралтгүй уйлсан. Тэгээд “Playtime” дээр л ингэхгүй юм шүү гэж өөртөө амласан.
Үүнээс хойш тэд Солонгосын “Zandari”, Өвөрмонголын “Хонхон дуу”, Америкийн Нэгдсэн Улсын “SXSW Sho Case” зэрэг хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. 2018 онд “Би тэнгэр лүү унаж байна” хоёр дахь цомгоо пянз хэлбэрээр 500 хувь гаргаж, дуусчээ.
-Пянзаа гаргасан процессоо ярьж болох уу?
-Б.Төгөлдөр: Пянзанд орох дуунууд ерөнхийдөө бэлэн болчихсон байсан. Энэ энэ дуунуудаа нийлүүлээд нэг пянз гаргая гээд шийдсэн. Яагаад ч юм пянз гаргамаар санагдаад байсан юм. Бас шинэ жилийн үеэр байсан болохоор биелчих ч юм шиг байсан. Тэгээд дуунуудаа бичүүлээд л Герман руу хэвлэлтэнд явуулаад пянз бэлэн болсон доо.
-Хамтлаг байгуулагдаад арван жил болжээ. Энэ хугацаанд юу хийж бүтээв?
-Г.Тогтуун: “Эмээ өвөө бясаа дөрөв”-өөс хойш 10 жил болж байгаа. Яг тогтвортой тоглож, уран бүтээлээ хийсэн нь 2013 он.
-Б.Төгөлдөр: Арван жилийн хугацаанд бидний амьдралд олон зүйл тохиолдсон. Үүнийг л бид дуу болгож байсан. Арван жил боллоо гээд зөвхөн баяр хийгээд дуусахгүй, нэгдүгээр сарын 31-ээс хойш үргэлжлээд явах болно. Арван жил болж байгаа гэдэг утгаараа тусгай зүйлүүдийг хийнэ гэж бодсон байгаа. Өмнө нь бид гурав дахь цомгоо гаргана гэж ярьж байсан. Энэ нь 10 жилийнхээ ойтой холбогдоод илүү утга учиртай болж байна.
-Анхны тайз нь ямар тайз байв. Бас анхны орлогоороо юу хийж байв?
-Г.Тогтуун: “The Colors”-ийн анхны тайз “Playtime”-ийн шалгаруулалт байсан. Анхны орлого гэвэл “KGB Tegbe” гээд хүргэлтийн компаний 10-20 ажилчны өмнө дуулаад нэг хүний 20’000 ч билүү, хамтлагаараа 20’000 ч билүү авч байсан. Сайн санахгүй байна.
-Төрсөн өдрийн баяраа “Cue plus”-д хийж байгаа гэсэн. Ямар ямар хамтлагууд ирэх вэ?
-Г.Тогтуун: Бид ирэх хүмүүсээ хоёр хувааж хийж байгаа. Эхний өдөр болох нэгдүгээр сарын 31-нд хорин нэгээс дээш насныхан, дараагийн өдөр хорин нэгээс доош насныхан ирнэ.Төрсөн өдөрт “The Shom”, “Silhouette Tuesday”, “Magnolian”, “Uudee’s Swackbuckling Dandies” гээд дөрвөн хамтлаг ирнэ.
Анх тэд олонд танигдахыг, алдартай болохыг хүсэж байлаа. Харин одоо...
-Г.Тогтуун: Бид жаахан байхдаа дэлхийн хамтлаг болъё, “The Beatles” шиг болъя гээд л их сүржин, сүржин юм ярьдаг байлаа. Одоо бол гоё гоё дуу зохиогоод л түүнийг нь олон жилийн дараа хүмүүс сонсож л байдаг, үхсэний дараа ч гэсэн явж л байгаасай гэж боддог. Монголын хөгжмийн хөгжилд ахиц гаргаад, ирээдүйд Монголын хөгжмийн түүхийг арван жилийн хичээлд орж байхад орчин үеийн хөгжмийг “The Colors” гээд хамтлаг бичилцэж, хөгжүүлж байсан шүү гэдгийг зааж байгаасай гэж хүсдэг. Биднийг хөгширөх үед дуу минь явж л байвал гоё.
-Б.Төгөлдөр: Нэг дуу зохиогоод жил болоод л мартагдаж байвал муухай шүү дээ.
Монголын богинохон түүхтэй инди рок хөгжмийн түүхийг тэд бичилцэж яваа. Хэн нэгнийг дуурайх биш өөрийн гэсэн өнгийг бүтээж, бусдад түгээдэг нь тэдний давуу тал. Үүсгэн байгуулагдсанаас нь хойш тэдэнд тусалж дэмжиж байсан бүх хүмүүс, “Моханик” хамтлаг болон “White Arch” студийнхэн, гэр бүлийнхэндээ тэд талархсанаа илэрхийлж байсан юм.