Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Төсөв 2021: Орон нутгийн эмнэлэгт тасралтгүй ажилласан хүмүүст тэтгэмж, резидент эмч нарт цалин олгоно

Төсөв 2021: Орон нутгийн эмнэлэгт тасралтгүй ажилласан хүмүүст тэтгэмж, резидент эмч нарт цалин олгоно
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 12
2021 оны төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсролын салбарт эрс шинэчлэл хийх бөгөөд санхүүжилтийн хэмжээг өмнөх жилүүдийнхээс нэмэгдүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2020 оноос 225.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тус салбарт ирэх жилд 1,405.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
 Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоно. Монгол Улсыг 2021- 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн аргыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангана. Иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байгаа улсын эмнэлгүүдийн ачаалал, хүлээгдлийн гол шалтгаан болсон барилга, эмнэлгийн ор санхүүжүүлдэг одоогийн тогтолцоог халж, эмчийн ажлын ачаалал, өвчний онцлог, хэрэгцээ шаардлагыг үндэслэсэн иргэнээ дагасан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжихээр төлөвлөсөн байна. Ингэснээр улсын эмнэлгүүдийн эмч, ажилчдын ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдсан цалин, урамшууллын механизм бий болно гэж үзжээ.
Иргэд ЭМД-аараа хүссэн  эмнэлгээрээ үйлчлүүлэх эрхтэй болно
 Түүнчлэн иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас өвчин, эмгэгийн төрлөөс үл хамааран шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг болох зорилгоор эрүүл мэндийн салбарт хуваарилах санхүүжилтийг нэг худалдан авагчийн зарчмаар буюу эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг хуваарилдаг тогтолцоонд 2021 оноос эхлэн шилжинэ. Ингэснээр иргэн эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурах, эмнэлгүүдийн дараалал, хүлээгдэл багасах, бүх шатлалын эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмийн үнийн хөнгөлөлт авах боломж бүрдэх аж.  Дээрх зорилтын хүрээнд улсын төсвөөс хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөр 496.7 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанарын шалгуур үзүүлэлт, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг олгохоор тооцжээ.
Резидент эмч нар цалинтай болно
Резидент эмч нарыг цалинтай болгох төсвийг суулгажээ.. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу резидент эмч нар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахад Засгийн газраас баталсан ангилал, зэрэглэлийн дагуу цалин хөлсийг тооцож олгоход 21.4 тэрбум төгрөг тусгав.
Орон нутагт тасралтгүй ажилласны тэтгэмж олгоно
2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилчдад олгох хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхлэхээр заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт тасралтгүй олон ажил ажилласны тэтгэмж олгоно гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн