Оюутолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус компани ажилтнуудын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалинг олгохгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Оюутолгой компани нь АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр 2017 оны зургадугаар сарын 24-нд Өмнөговь аймагт байрлах уул уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын ажлын байранд дахь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэсэн байна.
Тус институтээр нийтдээ 90 ажлын байрны 329 ажилтны хөдөлмөрийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэжээ. Уг үнэлгээний тайланг үндэслэн Оюутолгой компани 200 гаруй ажилтныхаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл буюу үндсэн цалингийн 13 хувийг 2017 оны зургадугаар сараас хойш олгохгүй байгаа хэмээн мэдээллээ.
Энэ талаар Оюутолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү хэлэхдээ “Оюутолгой компанийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж, тайлбар авах гэсэн боловч Монгол Улсын хууль, тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарласан. Иймд Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн маргаан үүсгэж, хөдөлмөр зуучлалын хуралд дуудсан ч Оюутолгой компанийн төлөөлөл оролцоогүй. Зуучлагч томилсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудалтай холбоотойгоор нэг ажилтныг ажлаас нь халсан байгаа” гэв.
Харин Оюутолгой компанийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын 77-р тушаалд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж тогтоосон ажлын байрыг хэвийн болгосон. Мөн сайдын 223 тоот тушаалд хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг “Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн хуульч Б.Тунгалагнаран хэлсэн юм.