Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Францаас шилмэл үүлдрийн 300 үнээ Монголд нийлүүлнэ

Францаас шилмэл үүлдрийн 300 үнээ Монголд нийлүүлнэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 28
Монгол Улс дахь Францын Элчин Сайдын Яамнаас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Францаас импортолсон өндөр ашиг шимт үхэр, хонийг Монголд хэрхэн нутагшуулах, мал импортлох, малын үйлдвэр угсааг хэрхэн сайжруулах, цэврээр нь үржүүлэх, эрлийзжүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх зэрэг олон асуудлын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага солилцсон юм. Түүнчлэн Францын хоршоодын тогтолцооны ажиллах арга барилын талаарх танилцууллаа. 
undefined
-Энэ үеэр Францын МАА-н хүрээлэнгийн зохицуулагч Эрик Редэн хэлэхдээ “Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгууллагуудаас Франц улсаас өмнө нь үнээ болон бусад мал худалдаж авч байсан байгууллагууд байна. Мөн шинээр сонирхож байгаа Монголын аж ахуйн нэгжүүд байна. Эдгээр байгууллагууд нь Францын шинэ төрлийн малын үүлдэр угсааг сонирхож байна. Энэхүү шинэ төрлийн малын үүлдэр угсаа нь Монголын эрс тэс уур амьсгалыг даваад гарах чадвартай байгаагаараа илүү онцлогтой. Өнөөдрийн арга хэмжээнд Франц улсад үйл ажиллагаа явуулаад ирсэн томоохон компаниудын төлөөлөл ирсэн байгаа. Ингэснээрээ хоёр улсын хоорондын мал аж ахуйн салбар холбож тэдэнтэй хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Франц улс нь үнээний чиглэлийн маш олон үүлдэр угсаатай. Тэр дундаа сүү болон махны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг шилдэг технологиуд байна. Сүүлийн 10 гаруй жил франц үхрийг Монголд оруулж ирээд нутагшуулсан туршлага байгаа. Үүнээс үзэхэд Монголын МАА-н салбарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр монгол үхрээ эрлийзжүүлж, үхрийн үүлдэр угсааг сайжруулах хэрэгтэй байгаа юм” гэлээ.
Уг арга хэмжээнд Франц улсад мал аж ахуй чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Коопэкс Монбэлиард”, Фэнвиа”, “Интерлим”, “Францын мал аж ахуйн хүрээлэн”-ийн төлөөллүүд туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм.
undefined
Фэнвиа компанийн захирал Филип Үэ “ Манай компани бол Францын хувийн компани. Олон улсад махны үүлдрийн чиглэлийн үхэр экспортолдог. Монгол Улсад яг ямар чиглэлийн үүлдрийн үнээг оруулж ирэх вэ гэдэг тал дээр судалж байгаа. Хамгийн эхний асуудал бол Монголын цаг агаарын нөхцөлд дасан зохицох чадвартай үхрийн үүлдрийн чиглэлийг судалж байна. Мөн Францаас Монгол руу авчрах хамгийн шилдэг тээвэрлэлтийг сонгох нь чухал. Тэгж байж тухайн амьтан Монголд ирээд дасан зохицох явц хурдан болно. Монгол Улс нь МАА-н чиглэлээрээ харьцангуй сайн хөгжилтэй явж байгаа. Гэвч яг өнөөгийн байдлыг харахад Монгол Улс Орос, Хятад руу махаа экспортолдог. Өөр улс орон руу экспортолдог болохын тулд махны амт чанарыг сайжруулж, малаа эрлийзжүүлэх шаардлагатай байна. Бид эрлийзжүүлэхдээ монгол үнээний уламжлалт шинж чанарт нөлөөлөхгүй байх тал дээр ажиллана. Манай компани эхний ээлжид хамгийн сайн үүлдрийн 300 гаруй үнээг Монголд оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь оруулж ирэхээсээ өмнө үндэс суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Сүүний чиглэлийн үнээ нь өдөрт 25 литр сүү гаргах чадвартай, махны чиглэлийн үнээ нь өдөрт 1кг жинг авч байх чадвартай үхрүүдийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр үнээнүүд нь цэвэр франц гаралтай байгаа. Монголд орж ирэхдээ хээлтэй байна. Ингэснээрээ 300 үхэр 3-6 сарын дотор хоёр дахин үржих боломжтой байгаа” гэлээ.
undefined
“Нүүдэлчин агрофарм” компанийн захирал Ж.Баттөгс “Манай компани нь сүүлийн найман жилийн хугацаанд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Бидний загвар бол өрхийн аж ахуйг хөгжүүлэх. Нэг том компани олон үхэртэй байхаас илүүтэй Монголын нэг өрх айл 40 үхэртэй, өөрийн гэсэн байртай, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг орчин үеийн малчин болгохын тулд бид ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид Төв аймгийн Баяндэлгэр суманд загвар фермийн төслийг амжилттай ашиглалтад оруулсан. Тэр хугацаанд 80 хувийн амжилттай ажиллаж байна. Зарим ферм доголдож байгаа. Энэ нь үхрийн сүүний гарц муудсанаас болсон. Монгол үхрийн саах хугацаа их богино мөн сүүний гарц богино байдаг. Энэ утгаараа бид нар Францаас өндөр ашигт шимтэй үхрийг импортлох болсон. Өнгөрсөн 10 сарын сүүлээр 96 Монбелиард үүлдрийн үхрийг оруулж ирсэн. Гурван фермерт хувааж өгсөн. Эхний төлүүдээ аваад эхэлсэн. Өдрийн саамын гарц 20 литр байна. Цаашдаа зуны улиралд энэ хэмжээ бол нэмэгдэх нь тодорхой байгаа. Тулгамдаж байгаа асуудал гэвэл тээврийн зардал маш их гарч байна. Нэг үхрийг 11 сая төгрөгөөр авч байгаа нь дэлхийд дээгүүрт бичигдэх маш үнэтэй өртөг. Манай хоёр хөршид эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэх зорилгоор компаниудын гаргаж байгаа зардлыг 50 хувийг төр нь хариуцдаг. Тоног төхөөрөмж авахад нь дэмждэг. Гэтэл Манай улсын хувьд энэ салбараа төдийлөн сайн анхаарахгүй байгаа юм. Төрөөс дэмжээд өгвөл дэлхийн жишгийн үнээр үхрээ худалдан авч МАА улам илүү өргөжин хөгжих боломжтой юм” гэлээ.       
Франц улс 2004 оноос Монгол Улсын МАА-н салбартай хамтран ажиллах боломж бүхий төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд 2010 онд анх удаа Франц улсаас өндөр ашиг шимт таван үүлдрийн нийт 12500 гаруй үхрийг оруулж ирж байсан аж. Энэ үеэс эхлээд сүү, махны салбарт ашигтайгаар хэрэгжиж эхэлсэн. Махны чиглэлийн үхрийг анх “Гацуурт” компани оруулж ирж байжээ.
Э.Мөнхзаяа
 
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн