“Ковид 19”-ийн халдвар авч эдгэрсний дараах судас, уушгинд үүсэх хүндрэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг эмч нар өглөө.
УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган: “Ковид 19” амьсгалын дээд замыг гэмтээж, улмаар цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй. Бүлэн үүснэ гэдэг нь бүх эрхтэн системийн нарийн хялгасан судсууд бүлэнгээр бөглөрөхийг хэлнэ. Халдварын улмаас цусны урсгал өөрчлөгдөх, судсанд зогсонгишил үүсэх, судасны хана гэмтэх, цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлүүд хэт идэвхжих зэрэг өөрчлөлт гарна.
“Ковид 19” нь зөвхөн уушгинаас гадна олон эрхтнийг гэмтээж байна.
Зүрх судас-Зүрхний булчингийн гэмтэл, зүрхний дутагдал
Тархи-энцефалит, менингит
Бөөр-Бөөрний цочмог дутагдал, бөөрний гэмтэл
Элэг-Элэгний цочмог дутагдал, цөсний үрэвсэл
Судас-Судасны ханын гэмтэл, бүлэнт бөглөрөл
Халдвар авч эдгэрсний дараа хүний биед олон шинж тэмдэг илэрч, өөрчлөгдөж байна. Тухайлбал, хараа муудах, нүд бүрэлзэх, нүдэнд цус хурах, бөөрний хялгасан судсанд бүлэн үүссэнээс болж шээсний гарц багасах, хавагнах, цустай шээх, арьсаар юм туурах, хөхрөх, гэнэт өндийх үед зүрх дэлсэх, даралт ихсэх, хураагуур, тараагуур судас бөглөрөх зэрэг шинж илэрнэ.
Судсанд бүлэн үүссэнийг дараах шинж тэмдгээр мэднэ.
Мөн цээжээр өвдөх, өмнө нь байгаагүйгээр толгой өвдөх, ухаан алдах, толгой эргэх, цээж хэвлийгээр байнга өвдөх, халуурах ханиалгах зовуурь улам ихсэх, хамар амнаас цус гараад тогтохгүй байх, биеэр том жижиг хөхрөх зэрэг нь аюултай шинж тэмдэг учир заавал эмчид хандах нь зүйтэй.
Цус шингэлэх эмийг /ксарелто, варфарин/ халдварын дараа хүнд болон маш хүндээр өвдсөн бол эмчийн хяналтад ууна. Архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүс үндсэн өвчний заалтаар өмнө нь ууж байсан эмийг /аспирин, клопидогрел/ ууна. Мөн тамхи татахгүй, амьсгалын дасгал тогтмол хийнэ.
УНТЭ-ийн Уушги, харшлын төвийн эмч Ц.Батцэнгэл: Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд дунджаар долоо хоногийн дараа бие нь сайжирч, хэвийн байдалдаа шилжиж байна. Гэхдээ 60-аас дээш настай, таргалалттай, архаг өвчинтэй, дархлаа дарангуйлагдсан үед шинж тэмдэг арилахгүй, удаан хугацаанд үргэлжилж , зовуурь шаналгаа нь үргэлжилж байгаа юм. Түүнчлэн зарим тохиолдолд хүндрэх, уушгины хатгаа болох эрсдэлтэй байна.
“Ковид 19” туссан эхний 14 хоногт халдвар цочмог байдлаар илэрнэ. Цаашлаад 3-6 сар хүртэл удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй. Энэ үед халуурах, ханиалгах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, булчин өвдөх, толгой өвдөх, жин алдах зэрэг хам шинж илэрч байна. Халдварын үед харьцангуй хөнгөн байсан мөртөө эдгэрснээс хойш 14-30 хоногийн дараа бие арзайх, халуурах, жихүүдэс хүрэх зэрэг хам шинж түгээмэл тохиолдож байна.
Амьсгалын замаар агаар дуслаар нэвтрэн орсон халдваруудын үеэр түгээмэл тохиолддог эмнэл зүйн шинж бол халуурах юм. Халууралт гэдэг бол вирусийн халдвар хүний биед ороход дархлааны тогтолцоо идэвхжиж, интерферон ихээр ялгарахыг хэлдэг. “Ковид 19” халдварын хамгийн түгээмэл шинж нь халууралт байгаа. Гэтэл эдгэрсэн мөртлөө дахиж халуурах эмнэл зүйн шинж ихээхэн ажиглагдаж байна. Энэ үед үрэвслийн эсрэг эм, бэлдмэл болон парацетамолыг хэрэглэх нь зүйтэй.
Халдвар авч эдгэрсэн иргэдийн 12-44 хувьд нь цээжээр өвдөх шинж илэрч байна. Цээжээр өвдөх нь олон шалтгаантай бөгөөд үүнийг ялган оношилох нь хамгийн чухал. Нэгд, уушгины гялтан хальсны үрэвслийн улмаас цээжээр өвдөж байх магадлалтай. Хоёрт, мэдрэлийн болон булчингийн шалтгаант цээжний өвдөлт бий. Гуравт, зүрхний шалгаантай. Халдварын үеэр зүрхний булчин, зүрхний үнхэлцэг хальс үрэвссэнээс болж халдвар эдгэрсний дараа цээжээр өвдөж байх магадлалтай. Үүнээс гадна цээж өвдсөөр зүрхний шигдээс болж хүндрэх эрсдэлтэй байна. Мөн уушгины артерт бүлэн үүссэнээс болж цээж өвдөж байна. Халдвар авч эдгэрсний дараа цээжээр өвдвөл цаана нь ноцтой хүндрэл байх вий. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Магадгүй өндөр настай иргэд зүрхний шигдээс болох эрсдэлтэй юм.
“Ковид 19”-ийн халдвар мэдрэлийн эсийг гэмтээж байна. Тиймээс ядрах сульдах, толгой өвдөх, амт үнэр мэдрэхгүй байх нь удаан үргэлжлэх тохиолдлууд байна. Энэ нь мэдрэлийн эс гэмтэж, сэргэхгүй байна гэсэн үг. Дийлэнх тохиолдолд мартамхай болох, санахгүй байх, ой ухааны үйл ажиллагаа удаашрах нь түгээмэл байгаа. Үүнд анхаарах нь чухал.
Халдвар авч эдгэрсний дараа 6-8 долоо хоногийн дараа эмчид үзүүлэн цогц үнэлгээ хийлгүүлж, дараах шинжилгээнүүдийг хийлгэхийг зөвлөж байна.
-Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
-Цээжний хөндийн эрхтэний рентген зураг
-Цусны хүчилтөрөгчийн хангамж
“Ковид 19”-ийн дараах шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа бол маш сайн унтаж амарч, ажил амралтын байдал дэглэмээ зохицуулах, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглэх, бүх төрлийн витамин тэр дундаа В төрлийн витаминуудыг хэрэглэх, зарим тохиолдолд эмчийн заалтаар мэдрэл сэргээх эм бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй. Нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээг халдварын цочмог үе өнгөрсний дараа хийлгэж болно.