Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед хүүхдүүд энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байна гэх асуудлаар ХӨСҮТ-ээс тодрууллаа.
ХӨСҮТ-өөс “Манай байгууллага долоо хоног бүр улсын хэмжээнд өрхөөс эхлээд бүх шатны эмнэлэгт үзүүлсэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоог нэгтгэж тайлан мэдээ авдаг. Энтеровирусийн халдвар байнга бүртгэгдэж ирсэн. Дунджаар 7 долоо хоногт 50-100 тохиолдол эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн байна. Хамгийн оргил үедээ 200 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн хоногийн тайлангаас харахад энэ тоо огцом өсөөгүй, өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна. Гэхдээ хөнгөн хэлбэрийнх байвал өрхийн эрүүл мэндийн төвөөсөө зөвлөгөө авч, гэрээр эмчилдэг. Бүр хүндрээд, тууралт газар авсан, 4-5 хоног тасралтгүй халуурсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт 25 хүүхэд энтеровирусийн халдвараар өвдөж, хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн энтеровирус нь ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд өвчлөл хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна. Тус вирусээр өвдсөн тохиолдолд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг анхаарууллаа.
Энтеровирус нь халдвартай хүний өтгөн, шүлс, цэр, нус, цэврүүний шингэнтэй хавьтал болох, энтеровирусээс бохирлогдсон хоол хүнс, ус, хөрс, эд зүйлс, бохир гар, ялаагаар дамжин замаар халдварладаг байна. Өвчний эхний долоо хоногт бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.