Нүүрс олборлогч Aspire Mining компани Хөвсгөл аймаг дахь Нүүрстэй коксжих нүүрсний уурхайн дээжээс авсан шинжилгээгээр “гайхмаар” үр дүнд хүрсэн тухай мэдээлжээ.
Шинжилгээг Австралийн Квийнсландад байрлах лабораторид хийсэн байна. Нийт шинжилгээнд “Нүүрстэй” уурхайгаас 300 кг орчим нүүрсийг угааж боловсруулан, чанарыг нь шалгажээ. Судалгааны үр дүнд Нүүрстэй уурхайн нүүрс коксжилтын бат бэхийн идэвхжил/CSR/ болон урвалын индекс /CRI/ өндөр гарсан бөгөөд тус уурхайгаас дээд зэргийн коксжих нүүрс боловсруулах боломжтой болохыг тогтоов. Бат бэхийн идэвхжил буюу CSR нь нүүрсний зах зээл дээрх үнэ цэнийг тодорхойлдог юм. Сайн чанарын коксжих нүүрсний CSR үнэлгээ 68-72 байдаг бол Нүүрстэй уурхайн дээж 78 байсан аж.
Харин урвалын индекс буюу CRI нь бага байх тусам чанарын төвшин нэмэгдэх бөгөөд Нүүрстэй уурхайн дээж ердөө 14.6 буюу дунджаас доогуур гарсан байна. Aspire Mining компанийн мэдээлснээр Нүүрстэй уурхай дахь коксжсон нүүрсийг дэлхийн хамгийн өндөр чанартай коксжсон нүүрстэй харьцуулан давхар шалгасан бөгөөд бүтээгдэхүүнийг сайн чанараар боловсруулж чадвал дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөх түүхий эд болно гэв.
Түүнчлэн Aspire Mining компанийн гүйцэтгэх захирал Дэвид Паул Нүүрстэйн уурхай нь Япон, Солонгосын ган үйлдвэрлэгчдийн маш сайн түнш байх боломжтой хэмээн өгүүлжээ.
Нүүрстэй ордод нийт 8.1 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй юм. Төслийг хэрэгжүүлэгч Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймгийн нутагт байрлах “Нүүрстэй” төслийн эхний өрөмдлөгийг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: smallcaps.com.au