Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Ж.Даваадулам: Математикаар төгссөн хүн Монголдоо багш л болно гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй

Ж.Даваадулам: Математикаар төгссөн хүн Монголдоо багш л болно гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 17
ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийг Онолын математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй эрдэмтэн, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Математикийн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Даваадуламтай ярилцлаа.
-Таны хувьд чухам яагаад математикийн шинжлэх ухааны салбарыг сонгосон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Арван жилийн сургуульд сурдаг байхдаа бүх хичээлдээ жигд сайн хүүхэд байлаа. Гэхдээ математикт онцгой дуртай хүүхэд байгаагүй. Намайг оюутан болох үед МУИС-ийн Математик-Компютерийн сургууль нь шалгалтдаа гурван удаа унавал сургуулиас нь хасдаг байсан. Тиймээс математикийн ангид суралцаад төгсөнө гэдэг нь өөрөө маш чухалд тооцогддог байлаа. Математикийн ангид суралцана гэдэг нь нэр төрийн хэрэг болж, маш их бахархдаг байсан үе. Үе үеийн олимпиадын аваргууд математикийн ангид л сурдаг байлаа. Тухайн үед аливааг олон талаас нь бодох сөхөөгүй арван хэдэн настай залуухан охин байсан учраас нийтлэг жишгийн дагуу л математикийн шинжлэх ухаанд хөл тавьсан даа.
-Та математикийн шинжлэх ухааны салбартаа ямар эрдэм шинжилгээний ажил хийж байгаа вэ?
-Онолын математикийн судалгаа нь маш удаан хугацаанд үргэлжилдэг учраас төгссөнөөсөө хойш судалсаар л байна. Математикийн шинжлэх ухааны судалгааны ажил гэдэг бол арай өөр төвшний бодлого бодно гэсэн үг. Тийм учраас нэлээд хугацаа шаарддаг.
-Та өөрийн мэргэжлээрээ дамжуулаад улс эх орондоо юу хийхийг хүсдэг вэ?
-Сүүлийн 13 жил улсдаа багшилж байна. Математикийн мэдлэг нь бүх шинжлэх ухааны судалгааны арга хэрэгсэл болдог. Тэр утгаараа математикийн суурь мэдлэгтэй байж, бусад салбарт амжилттай ажиллах оюутан залуусын мэдлэгт хувь нэмэр оруулж байгаа гэж бодож явдаг. Үүнээс гадна математикийн тухай хялбаршуулсан соён гэгээрүүлэх ажил хийхийг хүсч байгаа.  
-Математикийн шинжлэх ухааны салбар Монголд төдийлөн хөгжөөгүй байна. Математикчийг бараг багшаар л төсөөлөх хэмжээнд байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Монгол Улсад математикийн шинжлэх ухааны талаарх ойлголт явцуу байна. Математикч мэргэжлээр сургууль төгсөөд аль нэг сургуульд багшилж байгаа юм.  Үүнийг харж буй хүүхэд, эцэг, эхчүүд ирээдүйгээ бодож, бидний үеийнх шиг математикаар сурах гэж бахархахаа больсон. Одооны хүүхдүүд математикч болоод цаашид яаж амьдрахаа л боддог болсон байна. Гэтэл Монголоос гарч сэтгэвэл дэлхийд математикч хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед хиймэл оюун ухаан эрч хүчээ авч байна. Үүний цаана математик явж байгаа. Тэгэхээр математикаар төгссөн хүн Монголдоо багш болно гэдэг сэтгэлгээнээс гарах хэрэгтэй.
-Аливаа улс шинжлэх ухааны салбараа дэмжиж байж хөгжил ирдэг гэдэг. Гэтэл манай улсын шинжлэх ухааны салбар төдийлөн хөгжихгүй байна. Таны бодлоор манай улс шинжлэх ухааны салбараа ямар аргаар эрчимжүүлэн хөгжүүлбэл улс эх орондоо ашиг тусыг нь хүртэж чадах вэ?
-Мэдлэгийн эдийн засаг гэж байдаг. Тухайлбал, гар утас нь маш их мэдлэг шингэсэн учраас үнэтэй бүтээгдэхүүнд тооцогдоно. Мэдлэг шингээх тусам тухайн бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засагт оруулах хувь нэмэр өсдөг. Тухайлбал, дизайнерын өндөр мэдлэг шингэсэн ноолууран цамц, энгийн ноолууран цамц борлуулах хоёр ялгаатай. Үүн шиг судалгааны бүх чиглэлд мэдлэг шингээх хэрээр бүтээгдэхүүний үнэ, үнэлэмж нэмэгдэх ёстой. Энэ утгаар бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргаж байж, тухайн улсын эдийн засаг сайжирна. Өндөр мэдлэгтэй хүмүүс тухайн оронд хэр их байгаагаас шалтгаалан тухайн улс хөгжих юм. Хүний тоогоор хөгждөг эрэн үе дуусч, шинжлэх ухаан, технологийн өндөр мэдлэгтэй хүн аливаа улс оронд маш үнэтэй болсон цаг үе ирсэн. Тиймээс шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнддээ хөрөнгө зарцуулах нь улсын эдийн засгаа дэмжиж байгаа хэлбэр болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбарт хөрөнгө зарцуулж байж, улс түүнээс үр ашиг хүртэнэ гэсэн үг. Хангалттай хэмжээний хөрөнгө оруулахгүй байхаар шинжлэх ухааны салбар амиа аргацаасан хэлбэрт шилжээд байгаа юм. Шинжлэх ухааны салбар тодорхой заагт хүрэх хүртэл нь дэмжлэг үзүүлж байж, улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх хүртлээ хөгжинө.
Нөгөө талаас эрдэмтэн, судлаач нар ч амьдралын нөхцөл боломжоо харж, сонголтоо хийнэ. Тэдний сонголтоор монгол орны тархи улсынхаа шинжлэх ухааны салбарт орохгүй байж болно. Дэлхийн улс орнуудад тархи гоожих гэдэг үзэгдэл байдаг. Аливаа улс өндөр мэдлэг, боловсролтой хүмүүсээ үнэлэхгүй бол гадаад гараад явахыг хэлээд байгаа юм. Тархийг хаана өндөр үнэлж байна тэнд мэдлэгийн эдийн засаг бий болж байна. Тархи гоожихоос сэргийлэх арга нь шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулах юм. Ингэхгүй бол сайн мэргэжилтнүүдийн тархийг ашиглаад өөр орнууд хөгжинө гэсэн үг.
-Сүүлийн үед бүгд л дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон байна. Ер нь дээд боловсрол эзэмшиж байгаа орчин үеийн оюутнуудын суралцах хандлага ямар байна вэ?
-Биднийг оюутан болоход гадаад харилцаа төдийлөн хөгжөөгүй  байсан. Одоогийн хүүхдүүдэд сонголт, боломж их байна. Бидний үед ямар сургуульд орно түүнийгээ л төгсдөг байлаа. Одоо бол хэл устай оюутан гадаад, дотоодын хүссэн сургуульдаа сурах боломж нь нээлттэй болсон.
-Хүмүүс хүүхдээ бага наснаас нь математикийн шинжлэх ухаанд ойр байлгах нь хүүхдийн ирээдүйд хэрхэн эерэгээр нөлөөлдөг вэ?
-Ихэнх мэргэжлийн суурь нь математик. Хүмүүс математикийн томьёо миний амьдралд ямар хэрэгтэй юм гэдэг ч бодлого бодох явцад хүний тархи сахилгажиж байдаг юм. Аль ч спортоор хичээллэдэг тамирчин хүн цаг ямагт гүйх дасгал хийдэг. Энэ нь тухайн тамирчны биеийн ерөнхий хөгжлийг сайжруулдаг шиг математик нь хүний тархины ерөнхий хөгжилд сайн нөлөөтэй. Тийм учраас хүүхдийг бага наснаас нь эхэлж математикаар хичээллүүлэх нь тухайн хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох үйл ажиллагааг сахилга батжуулж, цэгцтэй, дэс дараалалтай сэтгэж сургадаг. Мөн бусад мэргэжлийг амжилттай эзэмших үндэс болдог.
-Таныг шүлэг бичдэг гэж сонссон юм байна. Тийм бол та уран зохиол сонирхдог хүн байх нь ээ?
-Уран зохиолд дуртай хүүхэд байсан. Сэтгүүлч болъё гэж бодож явсан үе бий. Залуу байхдаа нууцаар хэдэн мөрт бичээд дарчихдаг байсан. Түүнийгээ л ном болгож гаргасан юм. Уран зохиолын карьер хийнэ гэхээс илүү яруу найрагт дурладаг л хүн. Математикийн дотоод гоо сайханд ч дурлаж болдог.
-Та сая математикийн дотоод гоо сайханд дурладаг гэлээ. Тэгэхээр математикийн шинжлэх ухааны салбарын гайхалтай зүйл нь юу юм бэ?
-Математик бол зүй тогтлын шинжлэх ухаан. Математикийн дотоод зүй тогтол нь маш гоё. Түүнийг нүдээрээ харж, чихээрээ харж болохгүй оюун ухаанаараа мэдрэх гоо сайхан байдаг. Дотооддоо маш ганган бүтэцтэй. Дотоод логикийн ямар ч зөрчилгүйгээр ганган байгуулагдсан сэтгэлгээний уран барилга юм. Ийм сайхан зүйлтэй оюутнуудыгаа танилцуулна гэдэг маш сайхан. Сэтгэлгээний эмх цэгц, тайвшралыг өгдөг.
-Хамгийн сүүлд нь оюутан, залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүн өөрийн зүрх сэтгэл, мэдрэмжийг дагах ёстой. Одоогийн хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл өөр болсон. Орчин үеийн нийгэм залууст маш олон боломжийг нээж өгч байна. Бидний үед элсэн орсон их сургуулиа дүүргэхгүй бол дахиж их сургуульд сурах боломж нь хомс байсан. Гэтэл өнөөдөр хэн нэгэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж амьдрах боломжийг нийгэм бүрэн олгож байна. Тийм учраас би ийм л хүн учраас ингэж амьдарна гэж өөрийгөө хайрцагт баригдахгүйгээр хүсэл мөрөөдөлдөө хүрэх маш олон боломж байна. Боломжийг олж харах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн